Бейрутын харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Бейрутын харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?

Эдийн засагч Д.Жаргалсайхан

Монгол Улс хэзээ мөдгүй таг харанхуй, тас хөлдүү болох эрсдэлтэй тулгараад байна. Хот нь хав харанхуй, гэрлэн дохио ч асахгүй, бүх лифт, хөргөгч нь ажиллахгүй удахаар юу болдог, иргэд яаж зовдог гэдгийг Ливаны Бейрут хот энэ өдрүүдэд бодитойгоор харуулж байна. Ливанд эрчим хүчний нэгдсэн сүлжээний 80 хувийг нь хангадаг хоёр станц нь түлшгүй болсноос цахилгааны хязгаарлалт хийж явсаар сүүлдээ тэг зогсов. Цахилгааны үнийг хэт доогуур барьснаас, хөрөнгөгүй болж, хүчин чадлаа нэмж чадахгүй явсаар, дээрээс нь авлигажсан төр засгийнхаа уршгаар эдийн засаг нь тэнд бүрэн хямраад байна.

Монгол үнэхээр Ливан шиг болох гэж байна. Эрчим хүч нь эрчмээ алдсаар, энэ салбар дампуурахад бэлэн болжээ. Яг хоёр жилийн өмнө, энэ тухай би тодорхой бичсэн. Тэгвэл нөхцөл байдал эдүгээ улам дорджээ. Цар тахал энэ салбарт хүчтэй нөлөөлөв. Төрөөс тусгай хууль батлаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг нь төрийн өмчит компаниар төлүүлэв. Энэ хөнгөлөлтөд зориулж 2020 оны арванхоёрдугаар сараас хойш 826 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгээгүй бол эрчим хүчний салбар дахин сэргэхгүй байлаа.

Эрчим хүчний салбар дампуурах нь дахин сонгогдохоо л хичээдэг улс төрчдөд л ашигтай болохоос, түмэн олонд асар их хохиролтой гэдгийг баруун аймгууд харанхуй болсон саяхны тав хоног, Улаанбаатарт наймдугаар сард цахилгаан тасарсан 5 цаг сануулсаар байна.

Бодит байдал

Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нийлүүлэлт найдваргүй болж, эрчим хүчний дутагдалд оржээ. Гол шалтгаан нь хэрэглээ жил бүр нэмэгдсээр байхад дотоодын үйлдвэрлэлээ өсгөж чадахгүй, гадаадаас цахилгааныг өндөр үнээр худалдаж авсаар буй явдал.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Энэ 2021 онд (хүлээгдэж буй гүйцэтгэлээр) 9.9 тэрбум кВт.ц болж өмнөх оноос 12 хувь нэмэгдэнэ. Дулааны хэрэглээ 6 хувиар өсч 11 сая Г.кал болно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 20 хувийг хоёр хөршөөсөө худалдан авч нийлүүлнэ. Эрчим хүчний салбар гал алдчихгүйн тулд дотоод бүхий л нөөц бололцоогоо шавхаж, насжилт өндөртэй зуухнуудаа тултал ачааллан ажиллаж байна. Өнгөрсөн 2020 онд төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1309 МВт хүрсний 831 МВт нь Улаанбаатар хотод ногджээ.

Төрөөс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа уг нь нэмэгдүүлж байгаа. Багануурт 400 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц 2024 онд ашиглалтанд оруулах концессийн гэрээ байгуулжээ. Тавантолгойд  450 МВт-ын цахилгаан станц барьж, 2025 онд эхний ээлжийг ашиглалтанд оруулах гэнэ. Эрдэнэбүрэнгийн 92 МВт-ын усан цахилгаан станцыг ирэх хавараас барьж эхлэнэ. Гэвч Монголд том төслүүд үргэлж гацаж, цагтаа ашиглалтанд орох байтугай, бүр зогсоочихдог гэдгийг хорин жил ярьж, арван удаа шавыг нь тавьсан 5-р дулааны цахилгаан станцын түүх өгүүлнэ.

Эдүгээ эрчим хүчний ложистикийн компаниуд харилцан өрөндөө баригдаж, зөвхөн 2020 онд энэ салбар 88.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нүүрсний үнэ 9 хувиар, тээврийн зардал 20 хувь,  валютын ханш 7 хувь,  хэрэглээний үнийн индекс 9.6, үйлдвэрлэгчийн үнийн индекс 10.1, гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индекс 3.4, үйлдвэрийн ус, ашиглалтын цахилгаан, дулаан, нийгмийн даатгалын шимтгэл, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал, зээлийн хүүгийн төлбөр гэх мэт зардал 14.5 хувиар тус тус өссөнтэй холбоотой гэж салбарын эрдэмтэд хэлжээ. Мөн ОХУ-аас авсан цахилгааны хэмжээ 21.8 хувиар, үнэ нь 15.9 хувиар тус тус өсч, импортын цахилгааны зардал 41.2 хувиар нэмэгджээ.

Манай эрчим хүчний эх үүсвэрүүд, дамжуулах, түгээх сүлжээ 30-62 жилийн насжилттай,  шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Улаанбаатар хотын долоон дүүрэгт гэр хорооллын 13681 өрх стандартын цахилгаан авч чадахгүй байна. Өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээ хязгаарлаж, бүх хүчин чадлаа бүрэн ажиллуулж байгаа нь системийн хэмжээнд осол гарах, эрчим хүч орон даяар тасрахад хүргэж байна.

Одоо яах вэ?

Зөвхөн Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах цахилгаан, дулааны өргөтгөл, шинэчлэл хийхэд 3.5 их наяд төгрөг шаардлагатай болсон гэж хотын дарга Д.Сумьяабазар мэдэгджээ. Гэтэл ийм хөрөнгө энэ салбараас гаргах байтугай, одоо байгаа өрөө ч төлж чадахгүй болжээ. Дотоодын эрчим хүчний 60 хувийг үйлдвэрлэдэг ДЦС-4 ТӨХК гэхэд л Хөгжлийн Банкнаас авсан 90 тэрбум төгрөгийн зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Монгол Улс нь бусад олон орны адил эрчим хүчний үнийг төрөөс хязгаарлаж, зохицуулдаг. Гэхдээ яаж зохицуулахаараа эрчим хүч тасалдахад бэлэн болж, энэ салбар нь дампуурахад тулчихаад байгаа юм бэ?

Энэ өвөл гэхэд алдагдалтай ажилладаг тул нүүрсний уурхайнууд үнээ өсгөж буй учир эрчим хүчний зардал 25.6 тэрбум төгрөгөөр өснө. Мөн монополь “Улаанбаатар төмөр зам” нүүрс тээврийн тарифыг 23.4 хувиар нэмж байгаагаас шалтгаалан нэмээд 5.6 тэрбум төгрөг шаардагдана. Дээрээс нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 компанид өвөлжилтийн бэлтгэл хангах, засвар, шинэчлэл хийхэд 128.8 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа ажээ. Бас сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд 28.9 тэрбум төгрөг, ОХУ-аас худалдаж авах цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтөд 4.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэнэ. Ийнхүү нүүрсний уурхай, төмөр зам, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах компаниудад нийт 159.6 тэрбум төгрөг яаралтай шаардлагатай байна.

Энэ хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд эрчим хүчний үнийг арай илүү бодитой болгож зардлаа бүрэн нөхөхгүй юм гэхэд 20-30 хувиар өсгөхөөс өөр сонголтгүй болов. Үнийг хянаж зохицуулах үүрэгтэй байгууллагын мэргэжилтнүүдийн тооцоогоор одоо 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний тарифыг 36, дулааны эрчим хүчний тарифыг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх аж. Гэхдээ хүн амын хэрэглээний түвшинг харгалзан сард 150 кВт.цагаас бага хэрэглээтэй өрхийн үнийг энэ өвөл дуустал нэмэхгүй ажээ.

Манай айл өрхийн нэг сарын эрчим хүчний төлбөр нь өрхийн нийт зардлын 5.5 хувийг эзэлдэг. ҮСХ-ны судалгаагаар 4 ам бүлтэй өрх сард дунджаар 220 кВт.ц цахилгаан хэрэглэж 36,220 төгрөг буюу өдөрт дунджаар 1200 төгрөг, 1 хүн 300 төгрөгийг цахилгаанд төлдөг. Тэгвэл автобусны билетийн үнэ 500 төгрөг, гар утасны төлбөрт өдөрт 820 төгрөг зарцуулж байна. Манайд  1 кВт.ц цахилгааны үнэ 6.2-6.3 ам.цент байгаа бол хоёр хөршийнхөөс 2 дахин, хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд байна. Үүнээс үзэхэд манай оронд цахилгаан эрчим хүч хамгийн хэрэгцээтэй атлаа үнэ цэнэгүй бүтээгдэхүүн болжээ.

Эхний ээлжинд дулаан цахилгааны үнээ бага багаар нэмж, аажмаар ядаж зардлаа нөхдөг болгохоос гадна зэрэгцээд эрчим хүч хэмнэх, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүчний алтернатив эх үүсвэр ашиглах зэргийг дэмжиж, урамшуулсан бодлого хэрэгжүүлэх цаг болжээ.

Харин урт хугацаандаа цөмийн эрчим хүчний станц барих, ус төрөгчийн задралыг ашиглах зэргээр нүүрс хүчлийн хийг багасгасан эх үүсвэр ашиглахыг дэлхийн цаг агаарын дулаарал, манай улсын хүлээсэн үүрэг шаардах боллоо.

Ямар ч гэсэн төр засаг улс орноо гал алдуулчихгүй, Улаанбаатараа Бейрут шиг харанхуй болгочихгүй байх гэж иргэд найдсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж