Парисын Их дуулга хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, жүдо сонирхогчдын цангааг тайллаа. 2024 оны Парисын олимпийн мөчлөг эхэлснийг харуулж, ирэх олимпод гялалзах олон шилдэг тамирчид өөрсдийгөө дэлхий дахинд таниулав. Энэ жил Парисын Их дуулгын 50 жилийн ой гэдгээрээ онцлог байсан бөгөөд 1971 оноос хойш өдийг хүртэл энэ тэмцээнд түрүүлж байсан олимп, дэлхийн аваргууд болон Францын олимпийн шигшээ баг татамидаа хүндэтгэл үзүүлжээ.
Монгол Улс тун залуу бүрэлдэхүүнээ Парис руу илгээсэн. Олимпод оролцсон тамирчдаас Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана, Б.Ганхайч нар л энэ удаагийн 22 тамирчны бүрэлдэхүүнд багтсан байсан. Тамирчид маань ерөнхийдөө жигд амжилтыг үзүүлж, эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Ариунболд, -81 кг-д Г.Болор-Очир нар тус тус хүрэл медаль хүртэв. Мөн шагналт байранд таван тамирчин орсон. Уналтанд орсон, өрсөлдөөнгүй гэгдээд буй эрэгтэй, эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг тэргүүтэй дөнгөж 20 нас гарч буй залуучууд сайн барилдлаа. Мөн 26 настай Э.Ариунболд, 20 настай Г.Болор-Очир нар Их дуулгын анхны медалиа хүртэж, дэлхийд нэрээ данслуулав.
Жүдог үндэслэгчид ундарга сайтай гэдгээ харуулж, залуучуудаа түлхүү дэмжиж энэ удаагийн Их дуулгад оролцууллаа. Япончууд нийт долоон алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж багийн дүнгээрээ 45 орныг тэргүүлэв. Харин тэдний араас гурван алт, хоёр мөнгөн медальтай Орос, хоёр алт, нэг хүрэл медальтай Израил, нэг алт, нэг хүрэл медальтай Португал, Азербайжан тэргүүтэй орнууд удаалжээ. Монголын тухайд гурван хүрэл медаль, таван шагналт байр гэсэн амжилттай 13 дугаар байрт жагсав. Мэдээж тэмцээнийг зохион байгуулагч Францад талбайн давуу тал байсан. Гэхдээ “гурван өнгөтнүүд” алтан медаль хүртэж чадсангүй. Тэд нийтдээ 56 тамирчин энэ удаагийн Их дуулгад сойсноос таван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж, 16 тамирчин нь шагналт байрт оржээ.
Хэд хэдэн жинд таамаг эвдсэнийг эс тооцвол бөмбөрцгийн томчууд медалийн тавцанд зогслоо. Ялангуяа эрэгтэйчүүдийн -81 кг-д чансааг тэргүүлж байсан Ц.Цогтбаатар болон Соичи Хашимото нар дөнгөж, хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Мөн энэ онд форм сайтай байгаа отгон дэлхийн аварга Бельгийн Маттиас Кассе тавдугаар байрт оров. Харин Парисын Их дуулгад гялалзсан тод оддыг дурдвал, Португалын Барбара Тимо, Японы Харүка Фүнакүбо, Такэши Сасаки, Рёома Танака, Кэнши Харада, Азербайжаны Балабая Агхаев, Оросын Александра Бабинцева, Арман Адамян нарыг нэрлэж болно.
Японы Рёома Танака, Кэнши Харада анхны Их дуулгадаа оролцож, боломжоо алдалгүй түрүүлэв. Харин эрэгтэйчүүдийн -100 кг-д Арман Адамян дийлдэшгүй байна. Өдгөө 24 настай тэрбээр Токиогийн олимпоос хойш зохион байгуулагдсан хоёр том тэмцээнд дараалан түрүүлэв. Адамян алтан медаль хүртсэнийхээ дараа “Бид энд түрүүлэх ёстой байсан. Учир нь Парисын Их дуулга энэ дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй тэмцээн. Жүдока бүр энд түрүүлэхийг хүсдэг. Мөн гурван жилийн дараа энд олимп болно. Тиймээс энэ бол заавал түрүүлж үзэх ёстой газар” гэжээ.
Бакугийн Гранд Слам арваннэгдүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд болно.
Холбоотой мэдээ