“Оюутолгой”-н гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 30 гаруй хувиар нэмэгджээ. Ашиглалтад орох хугацаа нь хоёр жил гаруй буюу ирэх 2023 оны нэгдүгээр сар хүртэл хойшилсон талаар “Рио Тинто” компани мэдэгдсэн билээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоогийн мэдээлснээр, гүний уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсоор байгаа нь манай улсад ирэх өгөөжид сөргөөр нөлөөлж буй аж.
Өдгөө засгийн газар “Рио Тинто”, “Туркойз хилл ресурс” компаниудад асуудлуудаа тавьж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж буй юм.
“Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт 3-4 жил үргэлжлэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар гүний уурхай ашиглалтад орсон ч манай улсад ногдол ашиг өгөхгүй, татварын орлого эрс буурахаар байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт “Оюутолгой”-н яриа хэлэлцээний талаар УИХ-д хаалттай мэдээлэл өгөх юм.
Монгол Улс дахь Covid-19 цар тахалтай холбоотой өндөржүүлсэн хязгаарлалтууд гүний уурхайн төслийн үр дүнд ихээхэн нөлөөлжээ. Эдгээр хязгаарлалтад нийцүүлэн өнгөрсөн хоёрдугаар улиралд уурхайн талбар дахь ажиллах хүчний тоог төлөвлөснөөс 25 хувиар доогуур байлгасан байна.
Гүний уурхайн олборлолт эхэлснээр "Оюутолгой"-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэх билээ.
Холбоотой мэдээ