АНУ-д хөл хөдөлгөөн ихтэй боомтуудад бөөгнөрөл үүсч байгаа тул жижиглэнгийн худалдаачид хилийн чанадаас бараа бүтээгдэхүүнээ авчрахын тулд өндөр үнээр хөлөг онгоц хөлсөлж байгаа талаарх мэдээлэл ид шуугиж буй юм. Ихэнх жижиглэнгийн худалдаачид Зул сарын баярыг даван туулахыг хичээж байгаа ч 2024 он хүртэл тээвэрлэлтийн гэрээ байгуулсан нь асуудал илүү ноцтой байгааг харуулжээ.
БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА
Лос Анжелес боомт нь 69 км урт, 8000 акр хэмжээтэй дэлхийн хамгийн том боомт. Өнгөрсөн жил тус боомт 9.3 сая гаруй зургаан метрийн урттай чингэлэг зөөжээ. Тэгвэл өнөөдөр тус боомт дээр усан онгоцноос буулгах шаардлагатай хагас сая орчим чингэлэг байгаа юм.
Азид цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор боомтын үйл ажиллагааг удаашрахад хүргэж байгаа юм. Гэсэн хэдий ч “Costco”, “Home Depot”, “Party City”, “Walmart”, “IKEA” зэрэг компаниуд дэлгүүрүүдээ бараагаар яаралтай хангахын тулд чингэлэгийн хөлөг онгоц хөлслөх гэрээ байгуулсан байна.
Ердийн чингэлэгийн хөлөг онгоц 20 мянга орчим чингэлэг багтаадаг бол тэдний хөлсөөр авч буй хөлөг онгоцнууд арай жижиг буюу 1000 орчим чингэлэг тээвэрлэдэг ч ердийн түрээсээс хоёр дахин үнэтэй байгаа аж.
“Freightos”-ын мэдээлж буйгаар дэлхийн чингэлэг ачааны үнэ өнгөрсөн онд 2232 ам.доллар байсан бол энэ жил 10 мянга орчим ам.доллар болж өссөн байна. Түүнчлэн Зүүн Азиас Хойд Америкийн баруун эрэг рүү тээвэрлэхэд 2020 онд 3847 ам.доллар байсан бол өнөөдөр 16 мянга орчим ам.доллар болжээ.
АЧААНЫ МАШИНЫ ЖОЛООЧИЙН ХОМСДОЛ
Гэсэн хэдий ч тээвэрлэлт нь асуудлын зөвхөн нэг хэсэг. Чингэлэгүүдийг буулгахын тулд ачааны машинуудын цуваа боомтоос бараа, ачиж улс даяар тээвэрлэх ёстой юм. Ийнхүү нийт барааны 73 орчим хувийг ачааны машинаар тээвэрлэдэг боловч тус улсад ачааны машины жолооч нар ховордсоор байгаа бөгөөд энэ нь олон жил үргэлжилсэн хямрал болж байна.
Америкийн ачааны автомашины холбоо 2018 онд 51 мянган жолооч дутагдаж байгааг анхааруулж байв. Тус холбооноос мэдэгдсэнээр 2026 он гэхэд тус салбарт 174 мянган ачааны машины жолооч хэрэгтэй болох аж.
Ачаа тээврийн том компани “Old Dominion Freight Line” саяхан ажлын байрны өдөрлөг зохион байгуулж, туршлагатай эсэхээс үл хамааран урт хугацааны шинэ жолооч ажилд авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Мөн ачааны машины компаниуд 20 мянган долларыг ажилд орсны урамшуулал болгон өгдөг нь ховор үзэгдэл биш юм.
Ийнхүү борлуулалтын компаниуд болон дэлгүүрийн сүлжээнүүд өөрсдийн хөлөг онгоцыг түрээсэлснээр ачаалал ихтэй боомтуудыг тойрч, ачаалал багатай газруудаар ачих боломжтой болж байгаа боловч жолооч ховордож байгаагаас үүдэн өөр нэг мухардалд орох нь гарцаагүй болоод байгаа аж.
“New York Times” сонинд бичсэнээр одоо Жоржиа мужийн Саванна боомтоос 80 мянган чингэлэг хүлээгдэж байгаа нь ердийнхөөс 50 хувь илүү үзүүлэлт аж. Энэ нь дэлхийн ачаа тээвэрлэлтийн хүчин чадлын 13 орчим хувь сааталд орсныг илтгэж байгаа юм. Шинжээчид боомт дахь түгжрэлийн асуудал 2022 оны сүүл юмуу 2023 оны эхээс нааш шийдэгдэхгүй хэмээн таамаглаж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE MOTLEY FOOL
Холбоотой мэдээ