Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорьсон. Түүнтэй анх холбогдоход "Ядаж 10 хагалгааны ард гарсны дараа ярилцлага өгсөн дээр байх" гээд даруухнаар татгалзаж байв. "Энэ ажлыг жишиг болгоно оо. Цаашдаа хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутагт нь хийдэг болгохын төлөө зорьж байна" гэх түүний хэлсэн үгнээс нь эрч хүч, урам зориг мэдрэгдэнэ. Ийм залуусын зориг, хүсэл тэмүүллээр эх орон маань хөгжинө гэдэгт итгэнэм.
Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, шинэ залуу эмч нар аль болох хотод эсвэл гадаадад ажиллахыг илүүд үзэх болсон. Цар тахалтай амаргүй цаг үед хөдөө ажиллахаар шийдвэр гаргасан тэрбээр үе тэнгийн залуусаа манлайлж, үлгэр жишээ болж явна. Түүний сонголт олон хүнд урам өгсөн бололтой, нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийг зорих болсон.
-Хөвсгөлд хүйтэн байна уу, тохижиж амжсан уу?
-Хөвсгөлд ирээд нэг сар гаруй болж байна. Цэвэр агаарт сайхан юм байна. Энэ хугацаанд орчиндоо дасаад товхиноод амжсан. Амралтын өдөр нэг цаг давхиад Хөвсгөл нуур дээр оччихно гээд бод доо.
-Гоё юмаа. Ингэхэд та, аль нутгийн хүн бэ?
-Би хотын унаган хүүхэд. Гэхдээ хотын хүүхэд гээд хөдөө амьдарч чадахгүй гэсэн үг биш. Миний хувьд хавдрын оношилгоо, эмчилгээг орон нутагт нь хийдэг болгохын төлөө хөдөөг зорьсон.
-Мэдээж, ажил их л биз дээ?
-Нэг сарын хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Бид хавдрын найм дахь мэс заслаа хийгээд байна. Энэ хугацаанд мэс засал хийх үе шатаа өнгөрөөд хорт хавдар нь маш хожуу оношлогдсон хэд хэдэн хүн байсан. Мөн ходоодны уян дурангаар гурван настай хүүхдийн улаан хоолойд гацсан гадны биет (зоос) авлаа. Эрт үеийн ходоодны хорт хавдрыг оношилсон гээд тун завгүй өнгөрлөө дөө. Энэ долоо хоногт гурван мэс засал хийхээр төлөвлөөд байна.
–Яагаад заавал Хөвсгөл аймгийг сонгосон юм бэ. Хөдөөний залуус хотод амьдрахыг хүсч байхад хотын унаган хүү хөдөө очиж амьдрахыг сонгосон гэхээр сонирхолтой санагдаад?
-Хавдрын мэс заслын эмчийн хувьд орон нутагт, тэр дундаа алслагдмал аймгуудаас ирж буй өвчтөнүүд эмчилгээтэй холбоогүй маш их зардал гаргаж хот руу ирж оношилгоо эмчилгээнд ордог нь маш хэцүү санагддаг байсан. Иймд аль нэг аймагт очиж хавдрын асуудлыг нь бага ч гэсэн шийдэх юмсан гэдэг бодол олон жил толгойд явсан юм. Харин 2020 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөлийн 03 дугаар тогтоол гарч, эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжих боломжтой болсон нь ийм ажлыг эхлүүлэх суурь боломж болж өгсөн.
Энэ үнэхээрийн чухал шийдвэр байсан. Цаг хугацаа тохиол нь таарч, орон нутагт ажиллах хүсэлтэй гэдгийг маань сонссон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал эмч надад ажиллах санал тавьсан. Миний хувьд саналыг нь хэсэг бодсоны эцэст ажил хэрэг болгохоор зориглосон. Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ удирдлага маань ч энэ шийдвэрийг тууштай дэмжиж цаашдаа Хөвсгөлийн эмч нарыг ХСҮТ дээр сургахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Эцсийн эцэст “Хийе л гэж зорьвол, үнэхээр хүсвэл асуудлыг шийдэж” болно гэдгийг батлан харуулахыг хүссэн юм.
-Гэр бүлийнхэн чинь хөдөө амьдрах шийдвэрийг чинь яаж хүлээж авсан бэ?
-Эхнэр маань бас эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн л дээ. Энэ шийдвэрийг маань дэмжиж, хүлээн авсан.
-Хөвсгөл төсөөлж байснаас чинь хэр байв?
-Байдал иймэрхүү л байгаа гэж бодож байсан. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, мэргэжилтнүүд нь туйлын сайхан хүлээж авсан. Эмнэлгийн ажил гэдэг ерөөсөө багийн ажил. Аймгийн эмнэлэг олон төрлийн хүнд өвчтэй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг, туйлын завгүй байдаг юм байна. Энд мэргэжлээрээ өсч дэвжих, шинэ технологийг нэвтрүүлэн нутгийн ард иргэддээ хамгийн орчин үеийн чанартай тусламж үйлчилгээг хүргэдэг болох хүсэлтэй олон эмч, эмнэлгийн ажилчид байна. Цар тахлын үед эмнэлгийн ажилчид үнэндээ салж унатлаа ажиллаж байна шүү. Хөвсгөлд ирсэн явдлаа туйлын зөв шийдвэр байжээ гэж одоо бодож сууна.
Онцлон хэлэхэд, орон нутагт хорт хавдар өвчний оношоо сонсоод хотод очиж, эмчилгээ хийлгэх замын зардал чирэгдлээс болоод эмчилгээнд хамрагдаж чадахгүй олон өвчтөн байдгийг мэдэж авлаа.
-Орон нутагт хорт хавдрын өвчлөл хэр байна?
-Ерөнхийдөө Монгол Улс хорт хавдрын өвчлөл ихтэй гэж хэлж болно. Энэ дундаа элэг, ходоод, улаан хоолойн хавдрын тохиолдлоор дэлхийд дээгүүр байранд ордог. Орон нутаг аль ч аймагт элэгний болон ходоодны хорт хавдар тэргүүлэх байранд ордог. Хамгийн гол асуудал нь орон нутагт ард иргэд хорт хавдарыг цаг алдаж оношлуулж байна. Энэ нь олон талын шалтгаантай.
-Хөвсгөлд би хавдрын мэс засал хийж байгаад явах сонин биш. Харин орон нутагт энэ үйлчилгээ нутагшиж үлдэх л чухал” гэж та хэлсэн шүү дээ. Нарийн мэргэжлийн мэс заслыг орон нутагт "нутагшуулахад" ямар хүндрэл бэрхшээл гарч байна даа?
-Орон нутагт ирсэн үндсэн шалтгаан маань ерөөсөө л энэ. Энэ ажлаа дуусаад миний бие Япон улс руу явж докторын зэрэг хамгаалах ажилдаа орох юм. Намайг явсны дараа зонхилон тохиолдох хавдрын оношилгоо эмчилгээг Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг тогтмол хийдэг болоод үлдэх нь хамгийн чухал. Чадах ч болно.
–Хөвсгөлийн мэс заслын эмч нараа ээлж ээлжээр БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болсон гэсэн үү?
-Япон, БНСУ, Тайван зэрэг өндөр хөгжилтэй орнуудад суралцаж нарийн мэргэжил эзэмшсэн минь надад Монголын төдийгүй, шилдэг эмч нараас суралцах завшаан тохиосон. Иймд Хөвсгөлийн эмч нараа өөрийн багш нартай холбож, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ярьж байна. Эхний эмчийг ирэх оны хоёрдугаар сард Өмнөд Солонгос улс руу явуулах болсон.
Мөн орон нутагт нарийн мэргэжлийн эмч нарийг ирж ажиллахыг уриалах ажил явуулж байна.
–Монголчуудын хорт хавдраар нас барах нь улам залуужиж бас нэмэгдэж байна. Сэргийлж, бас эрт илрүүлбэл хавдраар нас барах явдлыг бууруулах боломжтой гэж үздэг. Б.Түвшин эмчийн зөвлөгөөг сонсмоор байна?
-Монголд эрүүл мэндийн боловсрол сул, орон нутагт эмнэлгийн ачаалал хэт их байдаг. Хүмүүс өөрсдөө өвдөж зовохгүй байвал өөрсдийгөө эрүүл гэдэгт бат итгэдэг буруу ойлголттой байна. Угтаа ихэнх хорт хавдар нь хожуу шатанд ортлоо ямар ч зовуурь өгдөггүй тул өвчтөн багахан зовуурь илрээд эмнэлэгт хандахад өвчин аль хэдийн хожуу эсвэл төгсгөлийн шатандаа орсон байдаг.
Нөгөө талаас эмнэлгийн ачаалал маш их байдгаас ч тэр үү эмнэлэгт зовуурьгүй хүн ирж үзүүлэхэд эмч нар маань хүнд хүмүүстээ илүүтэй анхаарах, зовуурьгүй хүнд бага анхаарах хандлага байх шиг ажиглагддаг. Арга ч үгүй. Манайд өвчлөл дэндүү их байна шүү дээ.
Иймд одоо ард иргэд ч тэр, эрүүл мэндийн салбарынхан маань ч тэр өвчин зовуурь илрэхээс өмнө сэргийлэх, өвчнийг өвдөхөөс нь өмнө оношилж эрт шатанд нь илрүүлэх нэн чухал гэдгийг хаа хаанаа ойлгох нь маш чухал болоод байна.
-Хорт хавдар дотроо элэгний хавдарын өвчлөл нас баралтаараа тэргүүлдэг. Дараагаар нь ходоодны хорт хавдар. Жилд 900 хүн өвдөж, 600 хүн нас бардаг гэх тоо бий?
-Тийм. Хавдрын талаар үзүүлэлтүүд хавдар бүрт өөр л дөө. Ходоодны хорт хавдрын хувьд энэ өвчин Азийн орнуудад, ази хүмүүст элбэг тохиолддог онцлог бий. Энд гол нь удамшлын хүчин зүйлээс гадна, гадаад орчны нөлөө, энэ бүс нутгийн хүмүүст байдаг хеликобактерийн онцлог зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Дэлхийд Өмнөд Солонгос, Монгол, Япон, Хятад зэрэг орнууд ходоодны хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг. Харин элэгний хорт хавдрын хувьд Монгол Улс туйлын онцлог тохиолдол. Нэг удаагийн тариур эмнэлзүйд нэвтрэхээс өмнө ариутгал хангалттай бус нөхцөлд олон удаагийн тариураар дамжин элэгний B, C вирусийн халдвар ард олны дунд их тархсантай холбоотой. Алсдаа 10, 20 жилийн дараа гэхэд элэгний хорт хавдрын тохиолдол буурах байх гэж таамаглаж байна.
-Хавдрын оношилгоо эмчилгээндээ байна уу. Монголчуудын хайхрамжгүй зантай холбоотой юу?
-Монгол Улс хорт хавдрын тохиолдлоороо дэлхийд 60 дугаар байранд ордог. Хавдар их үү гэвэл их. Гэхдээ өндөр хөгжилтэй орнуудад хавдрын тохиолдол манайхаас хамаагүй илүү байдаг. Харин нас баралтын үзүүлэлтээрээ Монгол дэлхийд дээгүүр байранд орж байна.
Учир нь Монголд эрүүл мэндийн салбарын эдийн засгийн зарцуулалт маш бага (ДНБ-ий дөнгөж дөрөвхөн хувь), хүн ам тархай бутархай, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ хүнээсээ хол.
Мөн дээрээс нь ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул байна. Өвчлөл их ч эмнэлгийн хүртээмж сул тул жирийн иргэн урьдчилан сэргийлэх үзлэгт орох зохицуулалт сул, оочер дараалал ихтэй гээд л яриад байвал асуудал хаа хаанаа байна. Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ хүндээ ойртсоноор энэ асуудал хурдан цэгцэрнэ ээ.
-Сагсан бөмбөгийн спортод дуртай гэж сонссон шүү?
-Хөвсгөлд ирээд туйлын завгүй ажиллаж байгаа тул чилээ гаргаж ер амжихгүй байна. Цагаа зохицуулаад хөдөлгөөн хийж эхлэхгүй бол жин нэмэх хандлагатай байна.
-Та хагас жилийн дараа гадаад руу мэргэжил дээшлүүлэхээр зорилго тавьсан гэж сонссон?
-Тийм ээ. Би Японы Засгийн газрын тэтгэлгээр докторын зэрэг хамгаалахаар явах байх. Цар тахлын байдлыг бас харъя даа гэж бодож байна.
–Таны хувьд маш зөв санаачлагыг гаргаж, бусад чадварлаг залуу эмч нартаа үлгэр дууриалал үзүүллээ. Залуу мэргэжилтнүүддээ хандаж юу хэлэх вэ?
–Баярлалаа. Эрүүл мэндийн салбарын гэлтгүй бүхий л салбарын залуустаа орон нутагт ирж ажиллаач ээ гэж уриалмаар байна. Хөвсгөл аймагт нарийн мэргэжлийн залуу эмч мэргэжилтнүүдийг урьж авч ирж ажиллуулахаар зорьж байна. Та бүхэн тусалж дэмжээрэй.
Холбоотой мэдээ