Монгол Улс өнгөрсөн долоо хоногоос эхлэн дотоодод бүртгэгдсэн халдварын тоо бага зэрэг буурч байгаа талаар албаныхан мэдээлэв. Халдварын тоо буурч эхэлсэн мэдээтэй зэрэгцэн Эрээн хот хилээ хаагаад дөрөв хонов. Эрээн хотод халдвар нэг тохиолдол бүртгэгдэж, Замын-Үүд Эрээний боомтын үйл ажиллагааг хаасан учраас импортын 80 орчим хувиа энэ боомтоор дамжуулдаг Монгол Улсын хувьд хүндхэн байдалд оров. Зах, худалдааны төвийн наймаачид нь хил хаасан сургаар юмныхаа үнийг дураараа нэмж, хүнс, барааны хомсдол орох эрсдэл үүсэв.
Эрээнд хот халдварын нэгхэн тохиолдол бүртгэгдэхэд хөл хорио тогтоож, олон нийтийн үйл ажиллагаагаа хааж, хоёр хоногт бүх иргэдийнхээ 90 гаруй хувийг шинжилгээнд хамруулжээ.
Улсын хэмжээнд нийт байнгын ажиллагаатай 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь ажиллаж буй бөгөөд Чингис хаан боомтоос бусад боомтын зорчигч хөдөлгөөн хаалттай, зөвхөн ачаа тээврийн хөдөлгөөн нээлттэй байна.
Замын-Үүд Эрээний боомтын үйл ажиллагааг зогсоохоос хоёр хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай цахим дээд хэмжээний уулзалт хийж, хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулах, боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, Тянжинд гацсан чингэлгүүдийг яаралтай нэвтрүүлэх зэрэг олон талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх уулзалт хийсэн юм. Гэвч уулзалтын дараа Эрээнд хотод халдварын тоо нэмэгдэж, хилээ хааснаар Ерөнхий сайдын хийсэн уулзалтаар яригдсан зүйлс царцав.
Бямба гаригт Эрээн хотод нийт 71164 иргэн шинжилгээнд хамрагдаж, бүгдийнх нь хариу сөрөг гарсан нааштай мэдээ байгаа боловч батлагдсан нэг тохиолдлын хавьтал 33 хүн, ойрын хавьтал 25 хүнийг тусгаарлах арга хэмжээ авсан байна. Албан бус мэдээллээр Эрээн хотод бүртгэгдсэн нэг халдвар нь Монголоос ирсэн ачаа тээвэртэй холбоотой гэж байгаа ч тус хотод суугаа Консул Т.Мөнхгэрэлийн мэдэгдсэнээр шинжилгээ авах ажиллагааг 2-3 удаа давтан хийхээр төлөвлөсөн бөгөөд шинжилгээний хариунаас шалтгаалж тодорхой шийдвэр гаргана гэжээ.
Түүнээс гадна өмнө нь Эрээн хотын Ардын засгийн газраас хэрэгжүүлж байсан туршлага, мэдээллээс харахад хөл хориог 7-10 хоног үргэлжлүүлэхийг үгүйсгэхгүй гэдгийг ч тэрбээр онцолсон юм. Өөрөөр хэлбэл, цаашид нөхцөл байдал яаж өөрчлөгдөх, Эрээний тал ямар шийдвэр гаргахаас Замын-Үүд Эрээний боомтын үйл ажиллагааг нээх эсэхийг шийдэх юм байна.
Үндсэндээ бид Эрээнд бүргэгдсэн нэг тохиолдлоос шалтгаалж цаашид Монгол Улсын импорт, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эсэх, иргэд нь хоолтой хонох эсэх шалтгаалах нь. Гэтэл бид дотоодын халдвар өдөрт хэдэн мянгаар тоологдож, нас баралт буурахгүй байхад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй, covid-19-гүй мэт амьдарч байна. Мэдээж халдварын тоо, нас баралт буурах нь төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэдийн ухамсартай шууд холбоотой учраас заавал ийм цаг үед олон нийтийг бөөгнүүлсэн арга хэмжээ зохион байгуулах нь хэр зохимжтой юм бол.
Ялангуяа зохион байгуулагчид нь Улсын онцгой комиссын даргынх нь хамаарал бүхий байгууллага байх нь жинхэнэ утгаараа иргэдийн шүүмжлээд буй “doublestandart” гэдэг нь энэ юм.
Бидэнтэй хөрш зэргэлдээ Эрээн хотод ердөө халдварын ганцхан тохиолдол бүртгэгдэхэд тэд хилээ хааж, шуурхай арга хэмжээ авч байхад бид өнөөдөр ямар нөхцөл байдалтай байна вэ гэдэгтээ дүгнэлт хийх цаг иржээ, дээр дооргүй.
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд өмнөд хөршийн зүгээс Монгол Улсын дотоодын халдварын нөхцөл, халдвар хамгааллын дэглэмээ сахих, ялангуяа хилийн боомтуудтай залгаа аймгуудын халдварын нөхцөл байдал, тохиолдлын тоог бууруулахыг шаардсаар ирсэн. Гэвч Монголд өдөрт илрэх тоо 2000-аас буухгүй, нас баралт ч багасахгүй байгаа нь цар тахалтай дан ганц төр засаг тэмцэхгүй, иргэдийн ухамсар ч бас чухал гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харуулав. Одоо хэдэн мянган хүн нэг дор маскгүй, хүн хоорондын зай бариулаагүй шоудсаны гор нь хэд хоногоос илэрч, халдварын тоо өснө.
Цар тахалтай зэрэгцэн амьдарч эхлэх ёстой, бүх үйл ажиллагаагаа нээхийг иргэд шаардаж байгаа ч халдвараас хамгаалах иргэн бүрийн ухамсар, хариуцлагагүй байдал ч үүнд нөлөөтэй.
Нэгхэн халдвар гарахад хилээ хааж байгаа Эрээн хот цаашид хэдэн удаа хилээ хаах бол. Энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх вэ.
Хамгийн гол нь цар тахалтай тэмцэж байгаа Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс гээд төрийн удирдлагаар хангах байгууллага нь улстөржиж, талцахаас илүү цар тахалтайгаа жинхэнэ утгаар нь менежменттэй, зөв тэмцэхгүй бол цаашид хэдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор байх вэ. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл, Эрээнд халдварын тоо нэмэгдвэл Монгол Улс яах вэ. Тиймээс зөв, бодитой, шинжлэх ухаанд суурилсан менежментийг нэвтрүүлж, ажиллахгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоогоо тоолохоос өөр сонголтгүй болох нь, Монгол Улс.
Холбоотой мэдээ