Эрдэнэбүрэнгийн УЦС дагасан хүсэл ба хясал

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Эрдэнэбүрэнгийн УЦС дагасан хүсэл ба хясал

Эрдэнэбүрэнгийн УЦС дагасан хүсэл ба хясал

Монгол Улс эрчим хүч худалдаж авдаг бус худалддаг орон болох зорилт тээгээд удаж буй. Үе, үеийн сайд, дарга нар эрчим хүчний экспортлогч орон болгоно хэмээн том дуугардаг. Гэвч эрчим хүч үйлдвэрлэж, илүүдлээ хилийн чанадад худалдах нь бүү хэл, дотоодын хэрэгцээгээ ч хүний гар харалгүй хангаж чадахгүй, гал алдахад ойрхон байна. Уг нь Монгол Улс эрчим хүчний салбарт ингэтлээ бусдаас хамаарахаар орон биш. Нүүрс, нар, салхи гээд эрчим хүчний нөөц баялгийг тооцвол тал нутгаар зогсохгүй Төв Азийг ч гэрэлтүүлэх боломжтой.  Гэсэн ч өнөөг хүртэл хоёр хөршөөсөө  цахилгаан гуйсаар. Энэ хэрээр их хэмжээний валют гадагшаа урссаар байгаа билээ.

Олон жилийн мөрөөдөл болсон “Тавантолгой” дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг /УЦС/  барих ажлыг эрчимжүүлэх чиглэлийг  Засгийн газар салбарын сайдад  даалгасан.

Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС нь зөвхөн баруун аймгуудыг импортын эрчим хүчний хараат байдлаас гаргаад зогсохгүй Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэх, ирээдүйд найдвартай эрчим хүчний үүсвэрээр хангагдах чухал ач холбогдолтой юм. Гэвч Монголд эрчим хүчний томоохон төсөл хэрэгжих болгонд түүнийг нураадаг, гацаадаг хүмүүс бий болсон.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг тойрсон улстөржилт эхэлж, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумийн малчид УЦС-ыг эсэргүүцэж аравдугаар сарын 14-нд төв талбай дээр жагсав.  Тэд “УЦС-ын талбайд хамаарах газар нь бэлчээр төдийгүй хадлангийн нөөц газар.  Ховд гол нь экологийн хувьд үржил жимтэй, хөндийдөө маш олон төрлийн модтой. Гэтэл олон тэрбум мод нь  усан цахилгаан станцын  хөндийд орох болоод байна" гэж эсэргүүцэж эхэлжээ.

УДАХГҮЙ ЭНЭ ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ БОЛЖ МАГАДГҮЙ

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь,  “Эрдэнэбүрэн”-гийн УЦС явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.

Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна.  Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэдгийг онцолсон.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг БНХАУ-ын  Power -Power China Chengdu түншлэлтэй байгуулсан.

Тус гүйцэтгэгч нь судалгаа болон бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа бөгөөд  барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхэлж нийт 61 сарын хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

УЦС-ын  бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай холбоотойгоор нийт 258 айлыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гарчээ. Өрхүүдийг 2022-2025 онд нүүлгэн шилжүүлэх юм байна.

258 МАЛЧИН ӨРХӨД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОЖ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ Шинээр баригдах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс хамгийн том нь Эрдэнэбүрэнгийн УЦС юм. Ховд гол дээр УЦС барих асуудлыг 1964 оноос хойш гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран хийж ирсэн. Олон жил яригдсан энэ бүтээн байгуулалт одоо л ажил хэрэг болох нөхцөл бүрдээд байна. Энэ төсөл маш чухал,  улс оронд хэрэгтэй хэдий ч ганцхан сөрөг нөлөө бий.  Тэр нь тасралтгүй ажиллах усан сангийн талбайд мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудал юм.  Урт нь 24 км, өргөн нь 4 км хэмжээтэй усан сан байгуулагдана. Усан сангийн гүн 3-40 метр байх бөгөөд 9700 га газрыг хамарна. Усан сан  заавал байгуулагдаж байж УЦС хэвийн ажиллана. Усан сан байгуулагдах талбайд 258 өрх амьдарч байна. Эдгээр өрхийг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр нөхөн олговор олгож нүүлгэн шилжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулна” гэлээ.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өсчээ.

Төвийн эрчим хүчний систөмийн ачаалал 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хамгийн өндөр буюу 1,308 МВт-д хүрсэн нь өнгөрсөн жилийн их ачааллаас 155 МВт-аар, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулбал 292 МВт-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.  Түүнчлэн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ авч болох дээд хязгаар (245МВт)-аас хэтэрчээ.

Ерөнхийдөө эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байгааг салбар яамнаас сануулсан.  Иймээс  эрчим хүчний том,том төслийг хөдөлгөх зайлшгүй шаардлага тулгараад байна.

БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД ЖИЛД УЛСЫН ТӨСВӨӨС 8-16 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн нэгжийн  зохицуулагч Ч.ГАНТУЛГА:

-Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн чиг хандлага, цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ, цэвэр усны нөөцийг бий болгох, ашиглах үүднээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг  барьж байгуулж ашиглалтад оруулах шаардлага тулгарч байна. Үүнд:

  • Нэгдүгээрт, баруун бүсийн эрчим хүчний сүлжээн дэх эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ буюу 2008-2020 онд 8-10 хувь өссөн үзүүлэлттэй.
  • Хоёрдугаарт, бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндэсний татварын орлогыг нэмэгдүүлэх,
  • Гуравдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжинэ.
  • Дөрөвдүгээрт, баруун бүс нь эрчим хүчний хэрэглээний 72 хувийг ОХУ болон Хятадаас импортоор өндөр үнээр авч байгаа, баруун бүсийн эрчим хүчний системд жилд улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулж байгаа зэрэг үндэслэлүүд нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулах нэн шаардлагатайг илтгэж байгаа юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС нь 90МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд дунджаар 366 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 271.5 сая ам.доллар. Үүний зэрэгцээ, цахилгаан станц ашиглалтад орсны дараа жил бүр их хэмжээний орлогын албан татвар төлнө.

УЦС барих нь тухайн бүс нутагт шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэндийн урт хугацааны хөгжлийг бий болгож, ажил эрхлэх боломжийг тасралтгүй нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд түлхэц болно. Ажил эрхлэлт, хүн амын өсөлт нь зах зээлийн биржийн цар хүрээг өргөжүүлэхээс гадна бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт, ложистикийн урсгал, мэдээлэл солилцоо зэрэгт нөлөөлж, бүс нутгийн эдийн засгийг өргөжүүлэхэд нөлөөлж эдийн засгийн хөгжлийн хурдыг сайжруулна. Дээрх дүгнэлтээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг  байгуулах нь чухал шаардлагатай юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж