ТОЙМ: Хятадын Эрээний боомт хилээ хаав

Хуучирсан мэдээ: 2021.10.17-нд нийтлэгдсэн

COVID-19

ТОЙМ: Хятадын Эрээний боомт хилээ хаав

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


УИХ-ЫН 18, 28 ДУГААР ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛИЙГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАВ

УИХ-ын 18, 28-р тойрогт аравдугаар сарын 10-нд нөхөн сонгууль болсон ч ирц хүрээгүй. Тус тойргуудад санал хураалт явуулахад Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 34,29 хувь,  Сонгинохайрхан дүүрэгт 39,04 хувийн ирцтэй байв. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 16-нд дахин зохион байгуулж, нэмэлт саналт хураалт зохион байгууллаа.

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Тиймээс СЕХ хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороод байгаагаас 17 хэсгийн хороонд ирц хүрсэн. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороон дээр нэг хэсгийн хороо, Хэнтий аймагт  16 хэсгийн хороодод ирц хүрсэн. 148 хэсгийн хороодоос 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулна. Хяналтын тооллого буюу гараар 100 хувь тоолсон. 148 хэсгийн хороонд гар тооллогыг хийхэд автоматжуулсан системийн дүнтэй зөрөөгүй.

18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд УИХ-аас СЕХ-ны зардалд  1.8 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Нийт хоёр тойргийн нөхөн сонгуулийг явуулахад шаардагдах зардал нь 2.2 тэрбум төгрөг. Дээрх 1.8 тэрбум төгрөгөөс үлдэж байгаа 400 гаруй сая төгрөг нь улсын бүртгэлийн байгууллагын зардал. Нөхөн сонгуулийн зардалд багтааж нэмэлт санал хураалтыг явуулна. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй. Нэмэлт саналт хураалтад санал өгөөгүй сонгогчдыг хамруулах бөгөөд тухайн тойрогт нэр дэвшигчдийн өмнөх санал дээр нэмж тооцох юм.


ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ ГИШҮҮД СОНГОГДСОН

Монгол Улсын нийт шүүгчийн анхдугаар чуулган энэ сарын 11-нд Төрийн ордонд болов. Анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгосон. ШЕЗ-ийн  шүүгч гишүүний таван орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний дөрвөн орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Одоогоос 30 жилийн өмнө энэ танхимд монгол орны өнцөг булан бүрээс цугласан Ардын их хурлын депутатууд Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн  хуулийг баталж байв. Өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нийт шүүгчид Үндсэн хуулийн шинэ байгууллагыг эмхлэн байгуулах гэж байна.  Энэ чуулганаар шүүхийн захиргааны байгууллага шүүгчийн төлөөллөө  сонгоод зогсохгүй шүүх байгууллагын ололт амжилт, алдаа дутагдал, цаашдын зорилго зорилт шийдвэрлэх суудалд үнэлэлт дүгнэлт өгч олон талаас нь шүүн тунгаан ярилцана гэдэгт би итгэж байна.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргасан судалгаанд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн эрх зүйн зохицуулалт тогтолцоо зохион байгуулалтад өөрчлөлт хийж ирсэн боловч шүүхэд авлига улс төрд гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл орсоор байна. Шүүхийн бодит бие даасан байдал шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдарсан” гэж дүгнэсэн. Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсан нэгнийг засаглах монгол төрийн  ташуур юм" гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд сонгогдсон. Тодруулбал, нууц санал хураалтаар сонгоход нийт шүүгчийн олонхын санал авсан.

  • Улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийн Ундрах,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энхбатын Зоригтбаатар,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Авирмэдийн Отгонцэцэг,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр,
  • Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвадоржийн Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн бүрэн эрх Нийт шүүгчийн чуулганаас сонгогдсоноор шууд хэрэгжиж эхлэх юм.

"ТӨР ДАХИН ШАТАХУУНЫ ҮНЭД ОРОЛЦОХГҮЙ"

Засгийн газар хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах хүртэл шатахууны үнийг барих хүсэлт гаргаж, жил гаруйн хугацаанд тогтоосон. Цаашид төр дахин шатахууны үнэд оролцох ёсгүйг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэв. Тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа ийнхүү мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, шатахууны нөөц сэргэж байгаа аж. Тодруулбал, Хөх хотоос 50 вагон, ОХУ-аас 17 вагон буюу 1034 тонн шатахуун тус тус татан авсан байна.

Г.Ёндон сайд “Шатахууны нөөц сэргэж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэн яваа 12 вагон, 724 тонн шатахуун ирж байна. Түүнчлэн өнөөдөр Хөх хотоос ачигдсан 50 вагон өглөө ирлээ. АПЕК-ийн орнуудын хуралдаан аравдугаар сарын 4-нд болсон. Энэ хуралдаанаар шатахууны олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Харамсалтай нь, олборлолтыг нэмэгдүүлсэнгүй.

Сар бүр АПЕК-ийн орнуудад олборлолтын хэмжээ хэрхэн нэмэгдэхээс шатахууны үнийн асуудал шууд хамаардаг. Тэгэхээр манайд үнэ нэмэгдэх урьдчилсан нөхцөл байдал бий болгож байна. Ойрын хугацаанд Үнийн зөвлөл аж ахуйн нэгжүүдтэй хуралдана. Есдүгээр сард үүссэн шатахууны хомсдол, үнийн асуудал хоёр харилцан уялдаатай. Тийм учраас төр дахин шатахууны үнэд оролцох ёсгүй.

Өнгөрсөн хавар эдийн засаг 5.3 хувиар хасах болсон үед иргэдийн амьжиргаанд аль болох бага дарамт учруулах, бага зардал гаргах чиглэлээр АИ-92 бензиний үнэд төр оролцож, импортлогч аж ахуйн нэгжүүд маань зургадугаар сар хүртэл үнийг барьсан. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. Тиймээс цаашид төр шатахууны үнийн асуудалд оролцоод байх нь маш буруу" гэлээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард АИ-92 шатахуун 1735 төгрөг байсан бол дөрөвдүгээр сард хамгийн доод түвшиндээ буюу 1350 төгрөг болж хямдарсан байдаг. Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний үнэ 2050 төгрөг байна.

ХЯТАДЫН ЭРЭЭНИЙ БООМТ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХИЛЭЭ ХААВ

Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүд Эрээний боомт хаагдав. Улсын хэмжээнд нийт байнгын ажиллагаатай 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь ажиллаж буй бөгөөд Чингис хаан боомтоос бусад боомтын зорчигч хөдөлгөөн хаалттай, зөвхөн ачаа тээврийн хөдөлгөөн нээлттэй байна.

Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоол дагуу Баян, Сүмбэр, Байтаг, Хавирга боомтуудын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс түр хугацаагаар хаасан бол Засгийн газрын 2020 оны 172 дугаар тогтоол дагуу Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтуудын үйл ажиллагааг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс түр хугацаагаар хаасан билээ.

Боомтын үйл ажиллагааг хаах тохиолдолд хоёр улс харилцан мэдээлэл солилцдог. Яг одоогийн байдлаар Гадаад харилцааны яам Хятад улсын Гадаад харилцааны яамд хооронд мэдээлэл солилцон ажиллаж буй ч Эрээнд тогтоосон хөл хорионы улмаас хилийн боомт хэд хоногийн хугацаатай хаагдах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ, БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан. Тиймээс Эрээн хотын 30 гаруй мянган оршин суугчдаа шинжилгээнд хамруулах асуудал тавигдсан учраас боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо гэв.


"ХАЛДВАР ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТОЙ ХАРЬЦУУЛБАЛ ТОГТВОРЖИЖ БАЙНА"

ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХ:

-Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтраад ор зохицуулах баг байгуулаад 10 гаруй хонож байна. Тус баг нь хуучин УОК-д байрлаж байсан бол одоо ЭМЯ-д байрлаж байна. Энэхүү багийг байгуулснаар хэд хэдэн ач холбогдолтой боллоо. Яагаад гэхээр нэгдсэн орнууд зохион байгуулалт орсноор нэн яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс боломжоор хангагдсан. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн тохиолдолтой холбоотой эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн олонхыг нь хүлээж авч чадаж байгаа. Үүнээс гадна асуудал байгаа.

Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт их байна. Улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн 30-аас илүү хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Энэ статистик дүн олон улсад 1-2 хувьтай байдаг. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд ангилалд хамаарагдаж байна. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвар өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал тогтворжих хандлагатай байна. Тиймээс иргэд гуравдугаар тундаа хамрагдах хэрэгтэй байна” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж