"4.3 их наяд төгрөгөөр мод тарина гэдэг урьдчилсан тооцоолол"

Хуучирсан мэдээ: 2021.10.17-нд нийтлэгдсэн

"4.3 их наяд төгрөгөөр мод тарина гэдэг урьдчилсан тооцоолол"

"4.3 их наяд төгрөгөөр мод тарина гэдэг урьдчилсан тооцоолол"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна" гэж хэлсэн. Энэ хүрээнд мод тарих ажил эрчимтэй өрнөж буй юм.

Бид энэ долоо хоногт "НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ" буландаа энэ сэдвийг онцолсон билээ.

Энэ удаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат, МУИС-ийн багш доктор дэд профессор С.Гэрэлбаатарын байр суурийг хүргэж байна.


4.3 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛ УРЬДЧИЛЖ ГАРГАСАН ТООЦООЛОЛ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбаттай ярилцлаа.

-Монгол оронд нэг тэрбум модыг тарьж ургуулах боломжтой юу?

-Тэрбум мод тарих зорилт нь хэрэгжих боломжтой. Бүтэхгүй зүйл биш. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйлс бий. Юун түрүүнд ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицсон модлог ургамлын зүйлийг тарьж, ургуулах , орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх асуудал зайлшгүй чухал.

Үндэсний томоохон төрийн өмчит үйлдвэрийн газрууд тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдээд эхэллээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр гэхэд жилд 10 сая, арван жилд 100 сая мод, “Эрдэнэс-Тавантолгой” ХК  ашигласан нэг тонн нүүрс тутамд нэг мод тарихаа илэрхийлсэн.  21 аймаг,  нийслэлийн хэмжээнд албан байгууллага, иргэд нэгдээд мод тарих юм бол 10 жилийн хугацаанд тэрбум мод тарих боломжтой. Тэрбум мод тарих зорилт бол тодорхой суурь судалгаа, хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, урьд өмнө хуримтлагдсан туршлага гэх мэт олон зүйлс дээр суурилна.  Мөн бодитой тооцоолол хийж, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, үүнийхээ хэрэгжилтийг  эргэн хянаж, мониторинг судалгаа хийх замаар хэрэгжүүлбэл боломжтой зүйл.

-Тэрбум модыг 4.3 их наяд төгрөгөөр тарина гэж салбарын сайп Н.Уртнасан хэлсэн. Тэгэхээр нэг га талбайг ойжуулах ажилд 92.8  сая төгрөг зарцуулах юм байна. Энэхүү мөнгийг улсын төсвөөс гаргах уу. Аль эсхүл олон улсын байгууллагын хандив тусламжаар хэрэгжүүлэх үү?

-Аль, алиныг нь ашиглана. Төсөв  дангаараа даахгүй шүү дээ.  4.3 их наяд гэдэг  урьдчилж гаргасан тооцоолол. Говийн бүс рүү усалгааны систем татахад хэцүү.  Сэлэнгэ, Орхон зэрэг томоохон гол  мөрнөөс ус татах асуудал яригдвал өртөг нь нэмэгдэнэ.

-Мод тарих амархан. Харин модыг 20-25 жилийн турш арчилж хамгаалах нь өнөөгийн орхигдсон асуудал болчхоод байна.  Хүний нөөц, боловсон хүчин хангалт хэр байна вэ?

-Ойн чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг таван  их, дээд сургууль бий. Бидний гаргасан судалгаагаар 2000 гаруй боловсон хүчин мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн судалгаа байдаг.

Мөн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж байна. Ойн чиглэлийн боловсон хүчний бодлого алдагдсан  учраас энэ чиглэлийг сонирхож суралцах залуус цөөрсөн. Учир нь ойн салбарт хандах хөрөнгө оруулалтын хэмжээ бага. Үүнийгээ дагаад   ажлын байр хомсдож эхэлсэн. Тэрбум мод тарих Ерөнхийлөгчийн зарлига гарсантай холбоотойгоор ойн тухай хуульд  өөрчлөлт оруулно.

Бодлого, хөтөлбөрүүдээ өөрчилж, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө гаргана. Мод тарьж ургуулахад  арван жил багадна. Арван жилийн хугацаанд мод, сөөгийн онцлогоос шалтгаалаад өсөлт нь харилцан адилгүй байдаг. Тиймээс эхний 3-4 жилд бэлтгэл ажлуудаа хангана. Боловсон хүчин, мод үржүүлгийн аж ахуйн нэгжийн техник тоног төхөөрөмжийг бэхжүүлж чадавхжуулна. Улсын хэмжээнд 200 гаруй мод үржүүлгийн газар байдаг. Ирэх жилээс модны үр нөөц, тарьц суулгацын нөөцөө бүрдүүлэх ажил хийгдэнэ.  Модны үрээ бэлдэх, тарилт хийх ажлыг ирэх жилээс хийж эхэлнэ гэж тооцвол 3-4 жилийн дараа ойжуулалт, нөхөн сэргээлтэд нийлүүлэгдэнэ. Говийн бүсэд хамгаалалтын ойн зурвас байгуулах, нөхөн сэргээлт хийхэд харьцангуй өндөр буюу 70-80 см мод шаардлагатай байдаг.

-Албан бус судалгаанаас харахад, өнгөрсөн хугацаанд тарьсан модны 50 хүрэхгүй хувь нь үхсэн гэжээ. Тарьсан модоо арчлахгүй үхүүлээд байхаар тэрбум мод тарих нь “мянгуужингийн үлгэр” болно ч  гэж хардах хүмүүс цөөнгүй байна.

-Жилд тарьсан модны үзүүлэлтийг гаргахдаа га талбайгаар тооцдог.  Түүнээс биш нийслэлийн ногоон байгууламжид  тарьж байгаа  мод шиг тоолох боломжгүй. Ер нь сүүлийн таван жилийн хугацаанд  дунджаар   5000 гаруй  га талбайд  ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн. Энэхүү нөхөн сэргээсэн талбайг 100 хувь гэж тооцвол 70-аас дээш хувьтай байвал мод хэвийн ургаж байна гэж үздэг. Ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн талбай  хангалтгүй ургасан бол нөхөн тарилт хийдэг. Ургалт хангалтгүй байх нь олон шалтгаантай.  Байгаль цаг уурын хүчин зүйлс, арчилгаа нөлөөлнө. Чийг хур тунадасны хэмжээ бага байгаа нь хамгийн их нөлөөлж байна. Хоёрдугаарт, төсөв мөнгөтэй холбоотой. Эхний жилийн тарилтын мөнгийг  өгдөг ч 2-3 дахь жилийн арчилгааны зардал төсөвт тусгадаггүй. Ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил нэг га талбайн норматив зардал нь 695 мянган төгрөг. Гэвч энэ мөнгө нь нөхөн сэргээлт хийхэд шаардагдах тарьц суулгацын зардалд хүрдэггүй. Тиймээс ойжуулалт, нөхөн сэргээлтийн болон арчилгааны төсөв зардлын хэмжээг нэмэгдүүлэх,  хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай.  Ингэснээр зөвхөн мод тариад орхих бус арчилгааны арга хэмжээ  давхар хийгдэнэ гэсэн үг.

-Тухайлбал говь болон хангайн бүсэд ямар төрлийн модыг хэдий хэр хэмжээгээр тарих төлөвлөгөөг гаргасан уу?

-Одоогоор нарийн төлөвлөгөө гараагүй байна.Хэдий хэр хэмжээний мод тарих вэ гэдэг нь тухайн газар орны нөхцөл, түүнд хэрэглэж буй суулгацын төрлөөс хамаарна. Говь хээрийн бүсэд хамгийн багадаа нэг га талбайд 800-аас дээш мод, ой хээрийн бүсэд 2500-аас дээш тарьц, суулгац тарьж ургуулах нь зөв гэж судлаачид үздэг. Ер нь тухайн орчинд нь ургадаг дасан зохицсон мод тарих нь хамгийн чухал. Говийн бүсэд заг, хайлаас, улиас сухай, ойт хээрийн  бүсэд ихэвчлэн шилмүүст, навчит мод тарих нь зүйтэй.

Э.СОСОРБУРАМ


"ХЭНТИЙН НУРУУНЫ УУЛС, СЭЛЭНГЭ АЙМАГ ЭЛСЭН ЦӨЛ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР"

-Монгол Улс маш богино хугацаанд цөлжилтөд нэрвэгдэж байна. Бид ойн эко системийг тогтвортой гэж хардаг ч хэзээд устаж үгүй болох эрсдэлтэй. Ойн сан зурган дээр ногоорч харагдаж байгаа шигээ биш болсон. Устаж үгүй болох, хээр тал цөлжих аюул нүүрлэсэн. Гэвч сансрын зурагт харагдаж буй ногоон бүсийн эко систем алдагдаж байгааг хэн ч анзаардаггүй. Ногоон байдлаар нь л харж төсөөлөөд байгаа юм. Цөлжилтийг бид хээр тал, говийн бүстэй л  холбож эндүүрч байх зуур малын бэлчээрээс ойн сан доройтож, мод хомсдож хөрсийг доройтуулж байна. Ойн сан хөгширсөн ч шинээр дахин ургах мод, ургамалгүй болсон учраас тал хээр болох магадлалтай.

Учир нь, малчид ойн бүс нутгийг малын бэлчээр болгож, өвлийн улиралд ойд л өвс ургамал ихтэй гэж ойлгодгоос болж мал сүрэг ойн санг талхалж байна. Нялх ногоогүй болж, зулзаган мод дахин амьдрахгүй чадваргүй үхдэгээс мод хомсдож, ой ургаж өсч ургах бүх замыг хаагаад байгаа юм. Яг л Японтой адил хүн амын тэнцвэр алдагдаж насжилт өндөр болсон гэсэн үг. Гэтэл  элсэрхэг эмзэг бүтцэд бий болсон ой бол маш том элсэн цөл, нүүдэл болох аюултай. Ойн сангийн судалгаагаар, Дорнод аймгийн Баян-Уулаас Дадал сум, Сэлэнгэ аймгийн ойн сангийн дийлэнх нь элсний хурдастай буюу элсэрхэг хөрстэй. Хэрэв энэ бүс нутгийн ойн сан үгүй болсон тохиолдолд Монгол орон зүүн хойд талаасаа цөлжилтөд нэрвэгдэх эрсдэлтэй.

Ялангуяа Хэнтийн нурууны уулс, Сэлэнгэ аймаг элсэн цөл болох магадлал өндөр. Тухайлбал, маш зузаан элсний хурдас дээр тогтсон Сэлэнгэ аймгийн Тужийн нарсийн ойн сангийн 70 гаруй хувь нь устаж үгүй болсон. Хэрэв бид Тужийн нарсыг эрт ойжуулаагүй бол Монгол орон хойноосоо цөлжиж эхлэх байсан. Товчхондоо, ойн сангийн систем алдагдаж, модгүй болбол хээр талын цөлжилтөөс ч илүү том аюул нүүрлэнэ. Цөлжилтийн ерөнхий дүр зургийг харвал, Монгол орны баруун хойд зүгээс зонхилсон хүчтэй салхины нөлөөгөөр элсний нүүдэл үржил шимтэй хөрсийг булшилж амьгүй ертөнц болгон хувиргаж байна. ШУА-ын газарзүй био экологийн хүрээлэнгийн цөлжилтийн салбараас гаргасан мэдээллээр, Монгол орны нийт газар нутгийн 76 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд орсон.

Шалтгаан нь, бэлчээрийн даац хэтэрсэн, уул уурхайн олборлолт, дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мэдээж монгол орны цөлжилтийн хамгийн том шалтгаан нь  малын тоо толгой, бэлчээрийн даац хэтэрсэн асуудал. Ургамал ногоог мал сүрэг зэрлэг зулгаах адил сүйтгэж байгаа нь газар нутгийг талхалж, үржил шимгүй болгож байгаа юм. Мөн уул уурхайн олборлолтоос үүдэн  газрын доройтолд хүрсэн. Яагаад гэвэл газрын хөрсийг үгүй хийж, хөрсний гүн дэх маш их эрдэс минериалыг гадаргууд ил гаргаснаар салхиар зөөгдөх, улмаар их хэмжээний газар нутагт тархах замаар хөрсний үржил шимийг алдагдуулж ургамал ургах нөхцөлгүй болгож байна. Хөрсний эвдрэл доройтол бол тухайн нөхцөлд цэгэн байдлаар үүсгэгдэж эх нутгийг бүрхэх циклийн эх үүсвэрийг бүрдүүлдэг.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарал агаарын температурын өсөлттэй холбоотойгоор хөрсний чийг маш их алдагдах болсон. Хөрсний чийг нь газрын элэгдэл, зөөгдөлийг хязгаарлах гол хүчин зүйлс. Тиймээс хөрсний өнгөн чийг алдагдаж хуурайших болсон. Мөн  салхи ч бас цөлжилт газар нутагт тархаж хүрээгээ тэлэх гол хүчин зүйл болж байгаа юм. Элсний ширхэг нүүдэллэсээр газар нутагт тархсаар цөлжилт гамшгийн хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Ухаалаг менежмент байхгүй бол бид хүсссэн хүсээгүй зөвхөн хээр талаа цөл болгох бус ой цөлжих эрсдэлтэй.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж