Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна" гэж хэлсэн. Энэ хүрээнд мод тарих ажил эрчимтэй өрнөж буй юм.
Бид энэ долоо хоногт "НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ" буландаа энэ сэдвийг онцолсон билээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, эдийн засагч С.Лхагважав, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, доктор, дэд.профессор Б.Цэнгэл нарын байр суурийг энэ удаа онцолж байна.
Я.СОДБААТАР: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ, ИРГЭДИЙН АМЬДРАЛД АСАР ИХ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай “Тэрбум мод тарих” асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ассамблейн индэр дээрээс 2030 он гэхэд тэрбум мод тарина гэдгээ зарласан. Ямар судалгаа, үндэслэл дээр суурилж тэрбум мод тарих хөдөлгөөн эхлүүлсэн юм бэ. Бидэнд 10 жилийн дотор тэрбум мод тарих боломж бий юу?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр монголчууд ирэх 10 жилд тэрбумаар тоологдох мод тарьж, хүн төрөлхтөний уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг мод тарина гэж амласан. Бид мэргэжлийн байгууллага, судлаачид, эрдэмтэдтэй маш удаан ярилцаж, судалсан. Монгол Улсын цаг уур, байгаль орчны нөхцөл байдал үүнээс ч илүү амлах шаардлага бол бий. Өнөөгийн эдийн засгийн чадавх, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж тэрбум мод гэж тооцсон. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол Улс хамгийн их цөлжилт, цаг уурын өөрчлөлтөд өртсөн таван орны нэг. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж бидэнд олон хүчин зүйл тулгарч байгаа. Сүүлийн 80 жилийн хугацаанд дулааны хэм 2,25 градусаар нэмэгдсэн бол хур тунадас найман хувиар багассан, нийт нутгийн 76,9 хувь буюу 120 сая га газар цөлжилттэй байна гэсэн судалгаа бий. Хүчтэй болон нэн хүчтэй цөлжилттэй нийт газар нутгийн 23 хувь байгаа юм. 2030 он хүртэл төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичигт ойн сангийн талбайг есөн хувьд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Есөн хувьд хүргэх зорилтын хүрээнд 700 орчим га газрыг ойжуулж, нөхөн сэргээж, моджуулах ёстой. Байгаль орчны чиглэлд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч хөрөнгө оруулалт бага, зохион байгуулалт маш муу учраас энэ чиглэл рүү Ерөнхийлөгч манлайлж оролцоод явна. Энэ хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 33,9 хувь бууруулах боломжтой гэсэн судалгаа гаргасан байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийт анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч Монгол Улсын цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуугарч, дэлхийн анхаарлын төвд оруулж байгаа юм. Мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сая гэнэт НҮБ-ын хурал дээр хэлсэн зүйл биш. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөс хойш БНХАУ, БНСУ-ын төрийн тэргүүнүүд, Владивостокийн чуулган дээр ч энэ асуудлыг хөндөж тавьсан. Зүүн хойд Азийн орнуудын салхины хагалбар нь Монгол Улсад байна. Тиймээс манайд босч байгаа шар шороо салхины урсгалаар Бээжин, Япон, Солонгосыг нэрвэж байна. Усны хагалбар нь мөн бидэнд байдаг бөгөөд бүх ус гадагшаа урсгалтай. Усны ундрага манайд байгаа учраас түүнийг хамгаалахгүй бол бусад улс орны усны хангамж багасах нөхцөл үүсч байгаа юм. Тиймээс салхи, усны хагалбар болж байгаа энэ цэгээ та нар анхаарч, хамтарч ажиллах, дэмжлэг хүсч олон улсын тавцанд бодит нөхцөл байдлаа танилцуулсан. Бид энэ улсын эзэн нь учраас санаачлагыг гаргахгүй бол бидний өмнөөс өөр хүн санаа тавихгүй, анхаарахгүй.
-Мод тарих хөдөлгөөн, мод тарихыг хүн бүр дэмжиж байх шиг байна. Гол нь мод тариад хэн арчилж, яаж ургуулах вэ. Мод тариад ургуулах маш их хугацаа, арчилгаа шаардана. Энэ чиглэлд ямар бодлогын шийдвэр гаргаж ажиллах вэ?
-Дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулна. Мөн асуудал хариуцсан ойн салбарын бодлого, үйл ажиллагааг зохицуулах төрийн захиргааны ойн агентлагийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс байгуулна. Түүнийг дагаад төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан ойн усны аж ахуйн нэгжүүдийг байгуулна. Монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарих үйлсэд оролцох ёстой. Тэдний оролцоог хангаж, бүх нийтийн үйлс болгож байж мод тарих ажил үр дүнд хүрнэ. Нэг үеэ бодвол мод тарьдаг, ургуулдаг, үрсэлгээ хийдэг иргэн, аж ахуйн нэгжүүд маш их болсон. Бид тэднийг маш сайн дэмжиж, хамтарч ажиллах зорилго тавиад явж байна. Цаашлаад дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, баяр ёслол, буяны ажил хийхдээ мод тарьдаг соёлуудыг ч бид бий болгох ёстой. Нөгөө талдаа нэгдсэн бодлого үйл ажиллагааг бий болгож, төрийн захиргааны агентлагийг нь байгуулахаар ирэх оны төсөвт зардлыг нь суулгасан байгаа. Үүнийг дагаад бид ойн сангийн цахим системтэй болох ёстой. Монголд нэг наст, гурван наст гээд олон ургамлын хэд нь ургадаг, хангай, говь, төвийн бүсэд ямар мод сайн ургадаг, аль нь ургахгүй байгаа вэ гээд энэ чиглэлийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг хийж эхлэх гэж байна. Бидний хийж эхлүүлсэн ажил ямар үр дүн өгөхөөс шалтгаалж олон улсын байгууллага, улс орнууд мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжтой.
-Мод ургуулах, арчилгааны нэг чухал зүйл бол усалгаа. Бусад улс орнууд мод үржүүлэх, тарих, усалгааг шийдэх шинэ техник, технологиудыг маш их ашигладаг. Технологийн чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?
-Мод тарих ажлыг хийхэд бид нийт таван чиглэлд төлөвлөгөө гаргасан. Нэгд, үрсэлгээ. Улсын хэмжээнд нэг жилд 9,2 сая орчим үрсэлгээ бэлтгэдэг. Бид 10 жилд тэрбум мод тарина гэвэл ойролцоогоор 100 сая орчим үрсэлгээ хэрэгтэй. Үүнийг импортоор авахгүй, дотоодоосоо бэлтгэх ёстой. Хоёрт, усалгааны систем, усны судалгааг хэрхэн явуулах. Аль бүс нутагт усны эх үүсвэр байна вэ гэдгийг судалж, ямар технологи ашиглан усаа багаар, үр дүнтэй усалгааны систем ашиглах. Гуравт, бордоо, арчилгааг хэрхэн хийх. Үйлдвэрлэлүүдийг дэмжих. Дөрөвт, төв суурин газар модоо ургуулж, хамгаалах хашаажуулах ажил эхлүүлэх. Мод тарьдаг, байгаль орчинд ээлтэй маш олон технологи шинээр бий болсон. Инновацийн судалгааны бүтэн хөтөлбөр боловсруулна. Хамгийн сүүлд бид энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэх вэ. Энэ чиглэлийн 1000 орчим мэргэжилтэн бий. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг аль сургуульд бэлтгэх, ажлын байраар хэрхэн хангах, шаардлагатай бол батлан хамгаалах салбарыг дайчлах нөхцөл ч үүсч болзошгүй. Энэ бүх зүйл эргээд Монголын эдийн засагт, иргэдийн амьдралд асар их эерэг нөлөө үзүүлнэ. Ийм хэмжээний хөрөнгийг байгаль дэлхий рүүгээ хийж чадвал эргээд цөлжилт, ган зуд болох давтамж холдох, түүнийг дагаад иргэдийн амьдрал сайжирна. Маш олон бизнесийн үйл ажиллагаа сэргэнэ.
-Санаачлагаа гаргасан учраас бид тодорхой төсөв, хөрөнгийг төсөв дээр суулгаад явах нь. Цаашид бусад улс орнууд, донор байгууллагуудаас санхүүгийн тусламж авах гээд тэрбум мод тарих эдийн засгийн зардал, үр өгөөжийг нь яаж тооцсон юм бэ?
-Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг энэ ажилд зарцуулаад явна. Мөн гадна, дотны донор, олон улсын байгууллага, хөрш орнуудтай ярилцаад энэ бол зөвхөн Монгол Улсын асуудал биш бүс нутгийн асуудал гэдэг талаас нь ойлгуулаад явбал бид хөрөнгө мөнгө татах боломж бий. Түүнээс гадна иргэдийн санал, санаачлагаар хөрөнгө багатайгаар хийх ажил маш их байна. Одоо ч 10, 100 мянгаар нь мод тарьсан иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдийн нэгдэл бий. Уул уурхайн компаниуд ч энэ чиглэлээр нийгмийн хариуцлагын хүрээнд оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн. Ганцхан төсөв дээрээ ачаалал өгөхөөс илүү нийтээрээ, улсаараа хөдөлбөл нөөц боломжуудаа шавхаад ажиллахад боломжууд маш их бий. Мэдээж улс, орон нутгийн төсөвт тодорхой төсөв суулгах ёстой. Аймаг, сумд өөрсдөө цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ойн төгөл бий болгох чиглэлд тодорхой төсөв гаргах ёстой гэж бодож байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд зөвхөн мод тарих ажилд 2,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз “Мод тарихдаа эхлээд тархиндаа тарих ёстой” гэж хэлсэн. Монгол хүн бүр тархиндаа 10 тэрбум мод тарьчихвал байгаль дээр, хөрсөн дээр мод тарих ажил бодитой болно. Тиймээс манай, танай гэлтгүй монголчууд нэг ч гэсэн зүйл дээр нэгдэх байх аа гэж найдаж байна.
Ш.ЧИМЭГ
Эдийн засагч С.Лхагважав: ЭДИЙН ЗАСГИЙН НАРИЙН ТООЦООГҮЙ, СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ЯРЬЖ БАЙНА
-Гэр хорооллын айлууд 300 мод тарина гэж бараг байхгүй дээ. Нэг, хоёр гурав, таван мод таривал их юм байхгүй юу. Айл болгон 1 эсвэл 5 мод тарина гэвэл л гэхээс тэрбум мод үлгэр домгийн асуудал болоод, баахан үргүй зардал гарч, хүмүүсийн цаг үрээд дуусна гэсэн үг. Моджуулах ажил Ерөнхийлөгчийн хийх ажил биш, яам агентлагууд нь хийнэ биз.
-300 мод тарина гэдэг бол үлгэр. Маш их мод шүү дээ. Би лагерьтаа маш их мод тарьдаг. Манайх шиг тэгж их мод тарьж байгаа айл байхгүй. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд 300-гаад мод тарьсан. Ийм хэмжээнд тарина гэвэл айлуудын лагерийн хашаа үндсэндээ битүү ой болно гэсэн үг. Айлууд 5, 6 мод, дээд тал нь 20 мод тарина. Гэр хороолын айлууд мод тарина гэвэл үлгэр. Газар байхгүй айлууд мод тарина гэдэг үлгэр байхгүй юу. Багаар бодоход 1 модонд ойролцоогоор 4м2 талбай ногдоно. Энэ бол У.Хүрэлсүх Мао Зедун үр тариа, хоол хүнсээ хангалттай болгоно гээд болжмор устгадаг шиг л юм шууд ярьчихаж байгаа байхгүй юу. Эдийн засгийн ямар ч нарийн тооцоо байхгүй. Угаасаа ийм юм хийж үзээгүй хүн чинь сэтгэлийн хөөрлөөр судалгаагүй юм ярьж байна. Нэг мод ургуулъя гэвэл гурван жилийн хугацаанд тогтмол усалж арчилж байж сайн ургана. Хэдэн мянган, хэдэн тэрбум мод тарьж болно. Гэхдээ 10 мод тарилаа гэхэд сайн арчилсан ч 3-4 нь үхчихнэ. Арчлахгүй бол бүгдээрээ үхнэ.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, доктор, дэд.профессор Б.ЦЭНГЭЛ: АРЧИЛГААНЫ ЗАРДАЛ ГЭЖ МАШ ТОМ АСУУДАЛ БИЙ
-Тэрбум мод тарина гэдэг маш сайшаалтай хэрэг. Эдийн засгийн ашгаасаа илүү хамгийн гол нь тарих газар нь хаана байна вэ, тарих тарьц суулгац нь хаана байна вэ, дээрээс нь ажиллах хүч бас хэрэгтэй. Говь, хангайд 50, 100 саяар нь тарих байх, тэнд тарих мод бут сөөгний тоо хэд байх вэ гэдэг чухал. Монголд нийт 149 мод үржүүлгийн газар бий гэж бүртгэгдсэн байдаг. Хангалттай суулгац гаргачих аж ахуйн нэгж бараг байдаггүй байхгүй юу. Усны болон хамгаалалтын асуудал шийдэхгүй бол манайх шиг мал аж ахуйн оронд мал нь идчихнэ шүү дээ. Усны асуудал шийдэхгүй бол мод тариад нэмэр байхгүй.
-Гадны орнуудад ойжуулалтыг хэрхэн хийдэг вэ?
-Хятад улсад биднийг явж байхад элстэй газрыг ойжуулахдаа километр яваад, километр яваад л худаг гаргачихсан, торон хашаа татчихсан байсан. Энэ бүхнийг маш их мөнгө хаяж байж хийх ажил байгаа юм. Тариад ургуулчихлаа гэвэл маш буянтай сайхан ажил. Гэхдээ зөвхөн мод тарих гол нь биш. Арчилгааны зардал гэж маш том асуудал бий. Бордоо, усалгаа, хэдэн настай суулгацыг хэд болтол нь тарьж ургуулахаас хамаараад жил жилийн хавар, намрын тооллого хийж, амьдралтын хувь нь ямар байх вэ гэдгийг байнгын хяналттай байлгах хэрэгтэй. Үүнд мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулаад, зөв суулгах нь чухал. Тэгэхгүй бол чигжээгүй, дээрээс нь хөрс муутай газар тариад ургахгүй байх зэргийг бодолцож, нэлээн нухацтай хандаж хийх ажил байгаа юм.
Д.ЭРДЭНЭТУЯА
Холбоотой мэдээ