"МИАТ" төрийн өмчийн хувьцаат компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын өнгөрсөн Лхагва гариг (2021.10.13)-ийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр МИАТ компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгасан байна.
Тодруулбал, цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж буй аж.
“МИАТ” компани 2019 онд 1936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8 өссөн, өмнөх оноос 69.7 мянган хүнээр буюу 9.7 хувиар нэмэгджээ. Ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2.0 хувиар буурсан байна.
Дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн 213.6 зорчигч тээвэрлэж, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58.0 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ.
Холбоотой мэдээ