Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагаа хүргэж байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Баттулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын нөхөн сонгуулийн үр дүнгээс ярилцлагаа эхэлье. Танай нам дахиад л ялагдлаа. Хэдийгээр ирц хүрээгүй, нэмэлт санал хураалт явуулахаар болсон ч МАН ялах нь нэгэнтээ ойлгомжтой болсон. Ялагдлын шалтгааныг та юу гэж дүгнэж байна вэ?
-Нөхөн сонгуультай холбоотойгоор хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар манай намаас нэр дэвшсэн. Нэр дэвшээд олонхын санал авч чадаагүй учраас тэднийг “балбаад” эхэллээ. Өөрсдийнхөн маань ч, өөр бусад намынхан ч балбаж байна. Бидний үеийнхэн унаснаа дээрээс нь дэвсдэггүй гэх бичигдээгүй хуультай байлаа. Ялагдсан нэгэндээ урам өгч, түшиж, тулж явсаар өдий хүрсэн. Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт ч тэр Ардчилсан нам боломжийн хэрээр ажилласан. Тухайн аймаг, дүүргийн Ардчилсан нам маш хүнд байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд намын гишүүдтэйгээ учраа олдоггүй, нам гэхэд хэцүү бааз суурин дээр санал хураалт явагдсан. Мөн МАН-аас дэвшсэн нэр дэвшигчийн авсан саналыг харахад нийт сонгогчийн 20 орчим хувийн саналаар гарч ирж байна. Ер нь 2000 оны УИХ-ын сонгууль, одоогийн нөхөн сонгуулийг ч хараад байхад МАН бол намын үндсэн ажил биш сүлжээний бизнес рүү орчихсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгогчийн тодорхой хувийг сүлжээндээ оруулаад, усалж, халамж, мөнгөөр угждаг. Түүн дээр энэ сүлжээнд төрийн албан хаагчид автоматаар нэмэгдэнэ. Хүмүүс төрийн албан хаагчдыг намаас татгалзсан, нам бусчууд гэж ярьдаг, хардаг боловч төрийн албан хаагч нэрийн дор намын гишүүд л байж байдаг. 2016 оны сонгуулийн дараа МАН олонх болоод төрийн албан хаагчдыг бөөнөөр нь сольсон. Тэр бүү хэл Ардчилсан намтай хамт ажилласан гэж МАН-ын хүмүүсээ хүртэл ад үзэж, халсан. Төрийн албан хаагч нэрийн дор цүнх баригчдаа томилчихсон. Энэ мэт хүчин зүйлүүдээс болж үр дүн гарч ирж байна. Энэ бол Монголын улс төрд бий болж байгаа сөрөг үзэгдэл. Цаашаа даамжирвал магадгүй нөгөө намууд ч энэ асуудал руу орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ намжсан төртэй үзнэ гэдэг бол бас л хүнд шүү дээ. Энэ мэт олон асуудалд Ардчилсан нам дүгнэлт хийх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарах цаг болжээ л гэж дүгнэж сууна.
-Яагаад залуучуудаа “сойж” болоогүй юм бэ. Нөгөө л хэдэн хөгшчүүдээ нэр дэвшүүллээ, тэднээс болоод ялагдлаа гэсэн шүүмжлэл гарч буй учраас асууж байгаа юм шүү?
-Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарын хувьд хэн нэгэн нэр дэвшигчийн урдуур орж нэр дэвшээгүй. Залуучуудаас хэн нь ч нэр дэвшихээ илэрхийлээгүй. Харин намдаа суудал авч ирнэ, үзэлцэнэ гэж улс төрийн эр зориг гаргаж нэр дэвшсэн энэ хоёртоо баярлах учиртай.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН хоёр хуваагдсан. Энэ нь удаа дараагийн сонгуульд ялагдал авчирлаа. Хэдийгээр нөхөн сонгуулийн өмнө АН-ын хоёр тал нэгдэж нийлснээ зарласан ч ялалт авчирч чадсангүй?
-Сүүлийн хоёр ч том сонгуульд Ардчилсан нам удирдлагын хэмжээнд хуваагдмал байдалтайгаар олон нийтэд ойлгогдож, харагдаж оролцсон. Энэ нь ч Ардчилсан намын сонгуульд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсон. Гэхдээ хүмүүсийн ярьж байгаачлан Ардчилсан нам дээр, дооргүй хуваагдсан юм байхгүй. Ой модтой зүйрлэвэл Ардчилсан нам дээгүүрээ салхитай шуугиантай, доогуураа нам жим л байна. Дээрээ хоёр даргатай, хоёр тал болоод үзэлцээд байгаа юм шиг харагдаж буй болохоос орон нутаг, аймаг, дүүргийн хэмжээнд Ардчилсан нам нэгдмэл хэвээрээ.
“АРДЧИЛСАН НАМЫН ИХ ХУРЛААС НЭГ ИХ ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ БОЛОВ УУ”
–Нөхөн сонгуулийн дараа Их хурлаа хуралдуулж, намын даргаа тодруулахаар болсон. Үүнийг угтаад бөөн улстөржилт яваад эхэллээ?
-Саяны нөхөн сонгуулийн үеэр манай “хоёр тал” Ардчилсан намаа нэгтгэе гээд арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Их хурлаа хуралдуулахаар мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдлийг гишүүний хувиар талархаж хүлээж авсан. Гэхдээ Их хурлаас өмнө ярих шийдвэрлэх олон асуудал байна. Хамгийн чухал нь Ардчилсан нам хуулийн хүрээнд эв нэгдлээ хангаад яаж зөв явах вэ гэдэг толгой өвтгөсөн асуудал болоод байна. Улсын дээд шүүх бидэнд дотоод асуудлаа өөрсдөө шийдэж, нэг удирдлага оруулж ир, дүрмийн дагуу асуудлаа ярь гэсэн хоёр л шаардлага тавьсан. Ардчилсан намын дүрмийн дагуу сунгаагаар нэг намын дарга сонгогдох дүрэмтэй. Нэг даргаа сонгохын тулд одоогийн “хоёр дарга” хоорондоо тодорхой хэмжээний тохиролцоо, ойлголцолд хүрсэн байх ёстой. Энэ бүхнийг Их хурлаас өмнө хангаж чадах эсэхийг ярилцаж, шийдэх ёстой. Би хоёр талын нөхдүүдтэй хоёулантай нь уулзаж, ярилцсан. Тэндээс дүгнэхэд намын Их хурал бүтэлтэй юм болохгүй байж магадгүй л эргэлзээ төрсөн. АН эргээд нэгдэхэд багагүй цаг хугацаа орох болов уу.
-Ардчилсан намд 30 гаруй жил зүтгэж яваа хүний хувьд Ардчилсан намын хагарал юунаас эхтэй вэ. Бас эвлэх хугацааг хэзээ гэж харж байна вэ?
-Ардчилсан намын хагаралд эрх баригчид оролцсон. Улсын бүртгэлийн газар нь бичиг гаргасан. Мэдрэлийн өвчтэй нэг нөхөр гарч ирээд эрх баригчидтай нийлээд, аль нэг намыг ингэж дотроос нь бусниулдаг явдал Ардчилсан намд ч биш бусад намд ч гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бүхэнд дүгнэлт хийж, Улс төрийн намуудын тухай хуулиа хурдан батлах хэрэгтэй.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг дотроо сандал, суудал ярьж байхаар МАН-тай, Ерөнхийлөгчтэй ойлголцож, Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-аар нэн яаралтай оруулаад, батлуулах ёстой.
Энэ хууль гарахад намууд шинэчилсэн бүртгэлд орох ёстой. Энэ хуулийн дагуу шинэчлэл, бүртгэлийн дагуу Ардчилсан нам хүссэн хүсээгүй оролцоод явна. Би ийм л гарц харж байна. Нээх удаан, өөдрөг биш санагдаж болох ч байж болох нэг гарц.
“АН-ЫН ДАРААГИЙН ДАРГА БУСДЫГАА МАНЛАЙЛДАГ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ БАЙГААСАЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА”
-АН-ын Их хурал болох сургаар намын дарга болох сонирхолтой хүмүүс “хөдөлгөөнд” орж эхэллээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулга нарыг нэрлэсэн анхаарал татах мэдээллүүд гарч буй. Ер нь Ардчилсан намын дарга ямар хүн байгаасай гэсэн хүлээлт таньд байгаа вэ?
-Н.Алтанхуяг бол 60 гарсан, 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшиж, сонгогдсон. Гэхдээ эргээд АН-д элссэн эсэх нь тодорхойгүй. Х.Баттулга 60 хүрч байгаа, Х.Баттулга бол МАН-ын даргын зөвлөх, Ардчилсан намд буцаж элсээгүй байна. Тэгсэн хэрнээ Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар намтай зууралдлаа гэх гээд байдаг. Гэтэл тэд биш эсрэгээрээ энэ хүмүүс нь АН-ыг авах гээд зууралдаад байгаа юм биш үү. Тэр залуучуудын хэлээд байгааг сонсоход ингэж бодогдож байна. Байгаа онохгүй яриад байгаа юм байна. Намын даргын хувьд залуу, эрч хүчтэй хүн байгаасай гэж би бодож байна. Бусдыгаа манлайлаад, уриалаад дагуулаад явчихдаг, эрч хүчтэй хүн Ардчилсан намд олон бий. Тэр залуучууд одоо өөрсдийгөө илэрхийлээд, хурдан гарч ирээсэй гэж хүсч байна. Үндэсний хэмжээний нам нь үндэсний хэмжээний агуулгаа алдаагүй Ардчилсан нам нь лидерээ хүлээгээд байж байна. Нэг их хугацаа шаардагдах асуудал биш.
-Нөхөн сонгуулийн дараа Ардчилсан нам улс төрийн байр сууриа алдлаа гэх мэт яриаг зарим улс төрийн намууд гаргах болсон. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Ардчилсан нам хоёрдугаар байраас гуравт орлоо гэх мэт зүйл ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө юу ярьж байгаагаа ойлгож байгаа байхаа гэж бодож байна. Намууд спортын тэмцээнд орж байгаа юм шиг байр эзэлдэг, эзлүүлдэг ч юм биш. Ингэж ярих, мэтгэлцэх нь утгагагүй тэнэг зүйл. Нам бол эрх баригч нам байхын төлөө л үйл ажиллагаагаа явуулдаг. Сонгуульд олонх болохын төлөө л явна. Чадахгүй бол сөрөг хүчний байр суурин дээр оч. УИХ-д олонх болохын тулд нам үндэсний хэмжээний нам байх ёстой. Үндэсний хэмжээний нам болж байж төрийн эрх барих эрхээ олж авч, өөрсдийн дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болдог.
Үндэсний хэмжээний нам өөрийн бодлогоо үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чадамжтай байх ёстой. Монголд үндэсний хэмжээний нам хоёрхон л бий. Бүх баг, сум, аймаг, дүүрэг, хороонд өөрийн гэсэн салбар, нэгжтэй, тэр нь байнгын үйл ажиллагаатай, гишүүдтэй нам бол МАН, АН.
Төрийн хэмжээнийн бодлогод нөлөөлдөг хоёрхон л нам бий. Энэ бол УИХ-д бүлэгтэй Ардчилсан нам, Монгол ардын нам хоёр. Энэ бол төрийн бодлогод нөлөөлдөг субъектууд. Орон нутагт Ардчилсан нам есөн дүүргээс нэгт, 21 аймгаас найман аймаг, 330 сумаас 152-т нь АН олонх болж, өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байна. Энэ бол маш том хүч. Ядахдаа сумын хэмжээнд биш гэхэд аймгийн хэмжээнд салбартай байж ийм зүйл яривал бас нэг өөр. Хорооны хэмжээнд биш гэхэд дүүргийн хэмжээнд салбартай байж яривал бас нэг өөр. Тэгэхгүйгээр сонгуулийн дүн харчхаад ийм зүйл ярьж байгаа хүнд бол дуртайгаа яриа л гэж хэлье.
-Залуучууддаа зайгаа тавьж өг гэсэн байр суурийг ЕТГ-ын дарга асан залуу илэрхийлсэн байна лээ. Зарим хүмүүс түүний хэлсэн үгийг экс Ерөнхийлөгчийн “явуулга” гэж харж байна. Та тэрийг олж уншсан уу?
-1990 оноос хойш МАН есөн үе солигдож, гэтэл Ардчилсан нам солигдохгүй байна гэсэн утгатай юм бичсэн байсныг би харсан. Ардчилсан нам 1990 онд байгуулагдсан 30 жилийн түүхтэй нам. Ардчилсан намыг анх байгуулалцсан тэр залуучууд өнөөдөр л 60 хүрч эхэлж байна. Улс төрд 60 нас гэдэг харьцангуй залуу нас. Бидний дууриах гээд байдаг өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудад 80 настай Ерөнхийлөгч байж л байдаг. Гэхдээ барьцаж байгаа юм биш. Үе солигдох ёстой гэдэг утгагүй яриа.
Улс төрд хэн нэгэн хүнийг дээрээс нь татаж аваад, бойжуулаад лидер болгодог юм биш. Залуу хүмүүс өөрсдийн хүч чадлаар л дээшээ гарч манлайлдаг.
Түүнээс өнөөдөр Дорж, Дулмаа, Дондог нааш ир, та нарыг лидер болгоно гэдэг зүйл байдаггүй. Ардчилсан намд ч. Сүүлийн үед ялангуяа 80-аад оныхон гэж МАН дээр жишээ авч их ярих болж. МАН-ын 80-аад оны залуучуудыг Ардчилсан намын 80-аад оны залуучуудтай харьцуулаад нэг үзээрэй, шал өөр. МАН-ын 80-аад оны залуучууд бол цүнх баригчид. Цүнх барьж, албан тушаалд хүрээд, ажил хийсэн ч юм байхгүй байгаагийн илрэл өнөөдрийн төр шүү дээ. Ядахдаа олны шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй, өөрсдийгөө илэрхийлж ч чадахгүй байна. Ардчилсан намын 80-аад оны залуучууд бол хал үзэж, халуун чулуу долоосон, хаана ч амьдралаа аваад явах чадвартай мундаг залуучууд байдаг. Тэд нар цүнх баригчид биш, барих цүнх нь ч байхгүй. Ардчилсан намын 80-аад оны залуучуудаар би бахархдаг. Ийм залуучууд байхад цаашид ардчилсан үзэл байж л байна. Ардчилсан нам байж л байна.
-Та нарыг намаасаа яваад өг гээд залуучууд чинь шаардаад байгаа?
-Бид намаасаа явна гэж байхгүй. Намын гишүүн. Намын батлахаа өгөөд яв гэх гээд байгаа юм уу. Хүссэн хүсээгүй бид залуучууддаа байр сууриа тавьж өгөөд явж л байна. Би бас ойлгохгүй л байгаа юм. Би хувьдаа энэ залуучуудтайгаа ярьдаг, санал солилцдог, зөвлөөд л явж байна. Энэ нам цаашид эв нэгдэлтэй, цэгцтэй яваасай л гэж бодоод зүтгэж байгаа хүмүүс.
“НАМУУД СУЛАРВАЛ ТӨР СУЛАРНА”
-Нам доторх талцал нь бүлгээ хуваах хэмжээнд хүрчихлээ. УИХ дахь танай намын бүлэг дотор даргын сандал ширээ булаацалдаад эхэллээ?
-Түрүүн хэлсэнчлэн ой модны дээд хэсэг л салхинд найгаад байна. Хэрэв нэг удирдлагатай байсан бол ийм зүйл гаргахгүй л байсан байх, тэд. УИХ дахь бүлгийн гишүүдийг харахаар өөрөө өөрсдийгөө л жижигрүүлээд байгаа юм даа. Сөрөг хүчин, АН-ын бүлэгт covid-19-ийн цар тахал, эдийн засгийн нөхцөл байдал, өвөлжилт гээд маш олон асуудлын дэргэд бүлгийн даргын, дэд даргын асуудал маш жижигхэн шүү дээ. Д.Ганбат нь бүлгийн дарга байхаар, С.Одонтуяа нь их хурлын дэд дарга байхаар юу нь болохгүй байна вэ. Одоо жижиг хэрүүлээ болиод том бодлогоо харж, томоор харж, сэтгэмээр байна.
-Энэ парламент эхэлснээс хойш сөрөг хүчин маш сул байсаар ирсэн. Сөрөг хүчин сул байхаар нэг намын дарангуйлал бий болж, нэг нам дангаараа эрх барих нь буруу юм аа гэсэн шүүмжлэл сүүлийн үед их гарах болжээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудлыг өөр өнцгөөс нэг бодож, харж үзээрэй. МАН эрх барьж байхад Ардчилсан нам томоохон сөрөг хүчин байсан, Ардчилсан нам эрх барьж байхад МАН томоохон сөрөг хүчин байж ирсэн. Харамсалтай нь сүүлийн үед Ардчилсан нам дотоод асуудлаасаа болж хүчтэй сөрөг хүчний байр суурин дээрээ тогтож чадахгүй байна. Тэгэхээр Ардчилсан нам суларсан гэсэн үг. Үүнийг дагаад МАН ч гэсэн суларч байгаа.
-Яагаад?
-Улс төр бол тодорхой өрсөлдөөн дунд чангарч, сайжирдаг тогтолцоо. Гэтэл чамайг шүүмжилдэг, чамтай өрсөлддөг тэр хүчин байхгүй болохоор чи тэр хэмжээгээр суларч байгаа юм. Ардчилсан намыг зарим хүмүүс мөхөл рүүгээ явж байна гэж үзэж байгаа бол МАН ч гэсэн мөхөл рүүгээ ойртож байгаа юм, сөрөг хүчин байхгүй учраас. Дархлаагүй болж байгаа учраас МАН дотор талаасаа идэгдэж, идээ бээр нь дотроо бугшина. МАН-ыг энэ нь өөрөө доошоо аваад явна. МАН яагаад өдийг хүртэл хүчтэй явсан бэ гэхээр Ардчилсан нам хүчтэй өрсөлдөгч байсан. Ардчилсан нам ч ялгаагүй МАН хүчтэй байсан учраас өдий хүртэл явсан. Намын дарангуйлал гэхээс илүү намуудыг сулруулж байна. Ардчилсан нам, МАН сулраад байна, хүчгүйдээд байна гээд хүмүүс тоодоггүй. Би ямар намын гишүүн биш гээд тоодоггүй. Гэтэл хамгийн их хамаатай. Намууд сулрахад төр суларна. Төр суларвал Монголын ирээдүйд, хөгжилд л муу.
-Улс төрийн намын тухай хуулийг маш олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл баталж чадахгүй байна шүү дээ?
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үеэс яригдаж эхэлсэн. Төсөл нь ч бэлэн байгаа. Үүнийг л хурдан хэлэлцэж шийдэх ёстой юм. Манай УИХ дахь Ардчилсан намын бүлэг, гишүүд маань сандал, суудлын хэрүүл хийхгүйгээр энэ хуулиа ярих ёстой. Үнэхээр намын нэрээр сонгогдож, намынхаа эв нэгдлийг УИХ-ын гишүүний хувьд бодож байгаа бол бүгдээрээ л үүнийг хийх хэрэгтэй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ