Загвар өмсөгч Лурдес Леон нь попын хатан хааны охин гэхээс илүүтэй өөрийн хувь заяаны эзэн, уран бүтээлч эмэгтэй гэж өөрийгөө тодорхойлдог. Мадоннагийн ууган хүүхэд тэрбээр саяхан “Interview" сэтгүүлд ярилцлага өгөхдөө ертөнцийн талаарх өөрийн үзэл бодол, сошиал ертөнц дэх хуурмаг байдлын талаар ярьжээ.
Леон хэлэхдээ "Загвар өмсөгчид “хувцасны дуулгавартай өлгүүр” байхаас татгалзаж хийж буй зүйлдээ илүү хариуцлагатай хандах ёстой гэж би боддог. Учир нь загварын ертөнцөд шинэ эрин үе ирж байна шүү дээ. Бид бол “өлгүүр” гэхээс илүүтэй хувь хүн, уран бүтээлч юм” гэжээ.
“Лола” гэдгээр илүү танигдсан тэрбээр 2018 онд “Gypsy Sport’s Spring 2019” шоугаар ажлын гараагаа эхэлсэн бол энэ жилийн хувьд Рианнагийн Нью-Йоркийн загварын долоо хоногт зориулсан “Savage X Fenty Vol” арга хэмжээнд оролцжээ.
Леон энэ жилийн “Met Gala” арга хэмжээнд оролцохдоо хэзээ ч ичиж байгаагүй суганы үсээрээ гайхуулж олны анхаарлыг татсан билээ. Үүнээс болж багагүй шүүмжлэлд өртсөн тэрбээр “бүх зүйлд чимх давс ордог” гэсэн ээжийнхээ захиасыг санасан гэнэ. Энэхүү ялдамд Леон өөрийнх нь ертөнцийг үзэх үзэлд ихээхэн өөрчлөлт оруулсан ээжийнхээ захиасыг мөн дурсав.
Тэрбээр “Би сургуулиа төгссөний дараахан мөнгөний гачигдалд орох үедээ илүү тансаг сайхан амьдралыг мөрөөддөг байлаа. Тэр үед Мадонна надад “Энэ бүхэн хуурмаг гэдгийг сана. Амьдрал гэдэг чи хэр их мөнгөтэй, эсвэл чи хэр зэрэг халуухан байхаас шалтгаалдаггүй юм. Харин чи энэ ертөнцөд юу авчрах болон юу үлдээхээс бүх зүйл шалтгаалдаг” гэж хэлсэн хэмээжээ.
Леон сошиал ертөнцийн талаарх өөрийн бодлыг хуваалцахдаа инстаграм хуудаснаасаа дагагчдынхаа дэмжлэгийг мэдэрдэг ч нийгмийн сүлжээг утаа, толь адил хийсвэр зүйл гэж үздэг гэсэн юм. Тэрбээр "Инстаграм бол жинхэнэ биш. Энэ бол бүх цаг үеийн хамгийн худал зүйл. Хүмүүс инстаграм дээр өөрийнхөө байгаагаар биш өөр хэн нэгний дүрээр оршдог. Хамгийн аймшигтай нь би ч бас тийм байдаг" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO LIFE
Холбоотой мэдээ