Ц.Чинбат: Хүн зөвшөөрөл авч эрх, эрх чөлөө эдлэдэггүй

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Ц.Чинбат: Хүн зөвшөөрөл авч эрх, эрх чөлөө эдлэдэггүй

Ц.Чинбат: Хүн зөвшөөрөл авч эрх, эрх чөлөө эдлэдэггүй

Гадаа хасах градус руу орсон эдгээр өдрүүдэд үзэл бодлоо илэрхийлэн төв талбай дээр өлсгөлөн зарлаад гурав хонож буй Ц.Чинбаттай ярилцлаа.


– “No Double Standard” хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр, зохицуулагч Д.Монголхүү нарыг  аравдугаар сарын 5-нд хуулийн байгууллагаас 30 хоног цагдан  хорих шийдвэрийг гаргасан. Таны хувьд тэдэнтэй хамт хоригдож байгаад саяхан суллагдсан. Тэнд нөхцөл байдал хэр байв?

-Би Э.Одбаяртай хамт аравдугаар сарын 5-нд хорих 461 дүгээр  ангид хоригдсон. Бид маргаашаас нь  эхлэн өлсгөлөнгөө зарлаж эхэлсэн. Юм идэж уугаагүй. Тэр өдрөөс  хойш арав гаруй өдөр өнгөрч байна. Э.Одбаяр өнөөдрийг  хүртэл өлсгөлөнгөө зарласан хэвээр байгаа. Өчигдөр /2021.10.15/ түүнийг 30 хоног хорих нь шийдвэрийг хэвээр үлдээсэн. Махны машин гэж байдаг шиг төрийн машин ажиллаад эхэлсэн байна. Нэгэнт шүүх хурлын шийдвэр гарсан учраас өлсгөлөнгөө зогсоогоод биеэ бодоорой гэж Э.Одбаярын өмгөөлөгчөөр нь дамжуулж хэлүүлсэн. Арав гаруй хоног хоол, ундгүй байгаа хүний бие ямар л олигтой байх вэ дээ. Дээрээс нь хорих ангид байгаа хүний сэтгэл санаа тогтворгүй байж таарна. Гэхдээ Э.Одбаярыг эр хүн шиг тэсээд гараад ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ингэхэд таны биеийн байдал хэр байна. Гайгүй юу. Талбай дээр өлсөөд бас гурав хоночихлоо шүү дээ?

-Өмнөх өдрүүдийг бодвол бие сульдаж эхэллээ. Ямартай ч Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг суллалтал тэсэхийг хичээнэ. Өнөөдөр өглөө  Авлигатай тэмцэх газарт /АТГ/  очиж хохирогчийн мэдүүлэг өгсөн.

 

-Ямар асуудлаар АТГ-д хохирогчийн мэдүүлэг өгсөн юм бэ?

-Цагдаагийн алба хаагчид өөрсдийнхөө эрх, хэмжээ болон албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж намайг эрүүдэн шүүсэн. Тиймээс би гомдол гаргасан учраас гомдлын дагуу АТГ надаас тодруулж асуусан. Би болсон бүх порцессыг хэлсэн. Мөн өнөөдөр 11:00 цагт Улсын мөрдөн байцаах газарт очиж “No Double Standard” хөдөлгөөнийхнийг  яллагчаар татагдсан хэрэг бүртгэлтэй танилцлаа. Хэрэг удахгүй прокурорт шилжинэ.

-Сүүлийн жилүүдэд иргэдийн үг хэлэх эрхийг эрх баригчид хязгаарлаж цагдаа, шүүхээр айлгах нь ихэслээ.  Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар иргэдийн мэдэх, жагсах, үг хэлэх эрхэнд ноцтой халдаж байна. Та цагдаа нараас айж байна уу?

-Бид энэ оны зургадугаар сарын 25-аас хойш хувь хүн, иргэн гэдэг үүднээс үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн. Мөн үзэл бодлоо цахим орчинд давхар хүргэсэн. Бид тал талаас өөр өөрийн үзэлтэй бодолтой цугласан. Өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн биднийг зөвшөөрөлгүй цуглаан зохион байгуулсан гэж үзсэн. Ер нь хүн зөвшөөрөл авч эрх, эрх чөлөөгөө эдэлнэ гэж байхгүй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрх.

Хүн идэж, суух, унтаж хэвтэхдээ хэн нэгнээс зөвшөөрөл авдаггүй. Үүнтэй адил үзэл бодлоо илэрхийлэх нь хувь хүний эрх шүү дээ. Засгийн газар буруу шийдвэр гаргаснаас болж цар тахлыг хяналтаасаа алдсан. Эмч, эмнэлгийн ажилчид цаана чинь туйлдаж байна шүү дээ. Ор, эм тариа нь хүрэлцэхгүй эмнэлгийнхээ шалаар хэвтэцгээж байна. Улаан бүс рүү орсон хүмүүс халшраад гарч байна. Ард иргэдийн зовлон зүдгүүр эрх баригчдад хамааралтай бус тэдэнд зөвхөн эрх мэдэл, нөлөөллөө тэлэх нь  гол зорилго нь болчхоод  байна.

-Ер нь яагаад та нарыг  цагдаа баривчилж, дарамтлаад байгаа юм бол. Эрх баригчдыг та нар харааж, зүхсэн зүйл байна уу?

-Хүн үг хэлэх эрх чөлөөгүй болчхоор амьтны хүрээлэнд хашигдсан амьтантай адил болно. Хоол өгвөл иддэг, гэрэл унтраавал унтдаг. Бид анхнаасаа л нийгэмд дуу хоолойгоо хүргэхдээ огцор, зайл, яв гэдэг зүйл огт хэлээгүй. Та нар зөв ажиллаач, ажлаа хий гэдэг л шаардлага тавьсан төдий. Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байгааг бүгд харж байна. Үнэхээр туйлдаа хүрээд төв талбай дээр жагсаал хийх вэ дээ. Олон удаагийн буруу шийдвэр  иргэдийн амьдрал, бизнес эрхлэгч нарт ямар хүндрэлтэй байгаа гэдгийг тэд мэдэхгүй байна.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж