Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зээлийн хүүг гэнэтийн байдлаар бууруулахаас болгоомжилсон мөнгөний бодлого боловсруулагчдаа шөнө дунд тогтоол гарган ажлаас нь халжээ.
Тодруулбал, Туркийн ерөнхийлөгч Лхагва гаригийн орой Төв банкны захирал Сахап Кавчиоглутай уулзсаныхаа дараа уг халах тушаалыг гаргасан байна. Эрдоган, Кавчиоглу нар уулзалтын үеэр хорооны өөрчлөлт, эдийн засгийн бодлогын талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн болохыг ойрын эх сурвалжаас “Bloomberg”-т мэдээлжээ.
Халагдсан албан тушаалтнуудын хувьд Мөнгөний бодлогын хорооны гишүүн Абдулла Явас, Засаг даргын орлогч Семих Түмэн, Угур Намик Кучук нар байв. Кучук нь өнгөрсөн сард Кавчиоглугийн зээлийн хүүг гэнэт бууруулах шийдвэрийн эсрэг санал өгсөн хорооны цорын ганц гишүүн юм. Харин Явасын хувьд “Covid-19”-тэй холбоотойгоор АНУ-д гэрээ хэлцэл хийж байсан тул санал өгч чадаагүй байжээ.
Эрдоган зээлийн хүү хангалттай буурахгүй байгаад бухимдсантай холбоотойгоор уг шийдвэрийг гаргасан гэж таамаглаж байгаа юм. Ийнхүү зээлийн хүүг бууруулах асуудлаар Эрдогантай санал нийлэхгүй байгаа гишүүдийг хорооноос чөлөөлснөөр Туркийн Ерөнхийлөгчийн банкны бодлогод нөлөөлөх боломж илүү их нээлттэй болно гэж шинжээчид үзэж байна.
Мэргэжилтнүүдийн хувьд зээлийн хүүг бууруулснаар лирийн ам.доллартай харьцах ханшийг унана гэдгийг сануулж буй. Истанбул хотод Пүрэв гаригийн өглөөний 9:42 цагт нэг ам.доллар 9.1 лиртэй тэнцэж байсан нь лирийн ханш 0.7 хувиар суларсныг илтгэжээ.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO FINANCE