Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2021.10.14/ Улсын Их Хурлын /УИХ/ чуулганаар хэлэлцсэн. Тодруулбал, УИХ шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг заалтыг халах эсэхийг өчигдөр хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн онцлох тайлбаруудыг хүргэе.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
–Улсын дээд шүүхээс 2020 онд мөрдөн байцаалтад буцаасан 22 хэрэг бий. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анхан болон давж заалдах, улсын дээд шүүхээс нийтдээ 267 хэргийг буцаасан хэрэг хэрэгсэхгүй болсон. 267 гэмгүй хүнд ял оноосон уу, аль эсхүл гэмтэй хүмүүс ял завшсан уу гэдэг асуулт гарч ирнэ. Хэргийг буцаах заалтын цаана хүнийг хэлмэгдүүлж, хэрэгтэнд ял завшуулж, мөрдөн байцаалтад байгаа хэргээр барьцаалж удаан хугацаанд хүнийг шантаажлаад байна. Хэргийг нь цагаатгахгүй, шийтгэдэггүй хэргээр нь барьцаалдаг.
Эрх мэдэлтэй баян хүмүүсийг хэргээр нь “төмсөгдөж” мөрдөн байцаалтад байлгах сонирхол хуулийнханд бол бий. Ийм байдлаар хуулийн мафи оршиж байна.
Энэ хуулийг баталснаар шударга ёсыг дэнслэгч болно. Одоо яллагч байр сууринд байна. Босоо удирдлагатай. Прокурор яллах болон яллах талын нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй юм шүү. Өмгөөлөгчийн цагаатгуулах нотлох баримтыг шалгадаггүй. "Жаст"-ын Ш.Батхүүг есөн жил шалгалаа. Ийм төр байж болох юм уу? Гэм буруугүй бол тэр хүнийг цагаатга. Одоогийн хуулийн улмаас олон хүн яллагдагч гээд нэр зүүгээд яваад л байна. Гэмт хэрэгтэн ч биш, цагаадсан ч биш. Алуурчин ч юм шиг, биш ч юм шиг хэргүүд олон бий. Дээд шүүхээс буцаасан хэргүүдийн улмаас нийгэмд талцал үүсч, маргаж байна.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Хуулийн төслийн танилцуулга дээр улсын дээд шүүх, прокурорын байгууллагааас ирүүлсэн саналууд байна л даа. Тухайлбал, дээд шүүхээс “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилгод нийцэхгүй байна” гэжээ. Харин прокурор “Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байна” гэсэн байна.
Энэ их чухал хуулийн заалт учраас хуулийн төслийг дэмжихгүй байгаа хууль, шүүхийн төлөөлөл энд сууж байвал зүгээр байна. Учир нь төрийн ордонд сууж байгаа хүмүүсээс хэрэг мөрдөж, шалгаж, шийдэж үзсэн хүн байхгүй. Бид хууль тогтоох эрхээ хэрэгжүүлэн хуульд өөрчлөлт оруулахаасаа өмнө мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтийг заавал сонсох ёстой. Эрүүгийн хэргийн хуулийн хамгийн гол зарчим нь хэргийн бодит үнэнийг тогтоох. Мөрдөн байцаагч, прокурор, шүүх гурав энэ зарчмыг баримталдаг.
Гэхдээ шүүх бол хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоодог. Энэ хууль хэрэгжээд явбал энэ зарчим эвдрэх магадлалтай. Учир нь шүүх асуудлыг шийдэхэд бодит байдал нь тогтоогдоогүй гэсэн үг. Ийм тохиолдолд үнэнийг тогтоолгүйгээр шүүх нэг тийшээ шийдвэр гаргаж таарна. Үүнийг бид тал, талаас нь ярилцах хэрэгтэй. Захиалгаар ял үйлддэг, хэрэг үүсгэдэг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх юм бэ. Сүүлийн гурван жил бид хангалттай харлаа. Гэмт хэрэгтэнд хуулийн дагуу ял оноохгүй юм бол хуульд мянган удаа нэмэлт өөрчлөлт оруулаад ч нэмэргүй.
УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР:
-Энэ хуулийн төслийг дэмжинэ. Мөрдөн байцаалтад буцааснаар шүүх хэрэг дэнслэх ажлаа хийхгүй байна. Мөрдөн байцаалтад буцаан, цаг хожих нь буруу. Хуулийн завхралыг зогсоох хэрэгтэй. Нэг хэсэг өмгөөлөгчийн компьютерээс хэнд ямар ял өгөх вэ гэсэн баримт гарлаа гээд шуугиад л өнгөрсөн. Шүүх алхаа цохиод, хэрэг дэнслэх үүрэгтэй. Ер нь шүүх хуралдааныг ил тод нээлтэй явуулах байтал хэрэгжихгүй байна. Шүүгчид ур чадваргүй болоод л тэр шүү дээ. Энэ хуулийг баталснаар бүх зүйл байр байрандаа орно гэж бодож байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:
-2017 оны долдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэхүү зохицуулалт хоёр жилийн хугацаанд явсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтад буцаахгүйгээр яллах, цагаатгах шийдвэрийн аль нэгийг шүүх гаргаад явсан. Гэтэл харамсалтай нь энэ хугацаанд маш олон шүүх байцаан шийтгэх хуулийг зөрчиж хэргийг буцаасан. Нөгөө талдаа маш олон хэргүүд ял завшсан гэх судалгаа гарсан. Тухайлбал, тээврийн хэрэгсэл жолоодож хүний аминд хүрсэн хэрэг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болж өөрчлөгдсөн. Харамсалтай нь тэр хүнд ял хүндрүүлж болохгүй байсан учраас хөнгөн ял оногдуулсан. Ийм олон хэрэг бий.
Холбоотой мэдээ