Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Хуралд Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй байдлын дарга Н.Зулаа нар оролцлоо. Мөн мэдээллийн эхэнд иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа.
Эмнэлэгт хэвтсэн эмчлүүлж буй хүмүүсийн орны зохицуулалтын талаар Б.Буянтогтох дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад ор зохицуулах баг байгуулаад 10 гаруй хонож байна. Тус баг нь хуучин УОК-д байрлаж байсан бол одоо ЭМЯ-д байрлаж байна. Энэхүү багийг байгуулснаар хэд хэдэн ач холбогдолтой боллоо. Яагаад гэхээр нэгдсэн орнууд зохион байгуулалт орсноор нэн яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс боломжоор хангагдсан. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн тохиолдолтой холбоотой эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн олонхыг нь хүлээж авч чадаж байгаа. Үүнээс гадна асуудал байгаа.
Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт их байна. Улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн 30-аас илүү хувийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Энэ статистик дүн олон улсад 1-2 хувьтай байдаг. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд ангилалд хамаарагдаж байна. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвар өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал тогтворжих хандлагатай байна. Тиймээс иргэд гуравдугаар тундаа хамрагдах хэрэгтэй байна” гэлээ.
СХД-ийн эмнэлгийн зохион байгуулалт үйл ажиллагааны талаар Н.Зулаа дараах мэдээллийг хийлээ. “Манай СХД-ийн эмнэлэг 2020 оны а-542, 2021 оны а-196 дугаарын тушаалын дагуу Covid-19-ийн эсрэг эмчилгээнд 200 ор дэлгэсэн. Эмнэлэгт хэвтсэн 8142 хүний 3793-н халдварын тусламж эмчилгээнд хэвтэн эмчлүүлсэн. Мөн сайдын тушаалаар энэ оны зургадугаар сард “Улаан бүс” маань энгийн тасагт шилжсэн. Одоогийн байдлаар 16 эмч, 22 сувилагч, туслах сувилагч гэсэн нийт 64 ажилтантай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ