“Соёлыг түгээе” сарын аяны хүрээнд Эрдэнэт хотын иргэд энэ сарын 11, 12-нд “Номын баяр"-аа тэмдэглэлээ.
Уг өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Номын төв, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотоос 60 гаруй зохиолч, уран бүтээлч, номын худалдаа эрхлэгч, хэвлэн нийтлэгч компани оролцсон байна. Түүнчлэн номууд 5-60 хувь хямдарснаас гадна шинэ болон олдоц муутай ховор номыг ч нэг дороос авах боломж байдаг. Тухайн баяр А.Амарын талбайд хоёр өдрийн турш зохион байгуулагдаж шинэ номын нээлт, зохиолчдын уулзалт, номын үзэсгэлэн, танилцуулга, зохиолчийн гарын үсэгтэй худалдаа болжээ. Мөн утас аймгийн Номын төвийн 40 жилийн ой тохиож өдөрлөгийн хүрээнд зохиолчид Эрдэнэтийн уншигч, сонсогчидтой уулзалт хийсэн аж.
Номын баярт ирсэн хүмүүсийн дийлэнх нь өсвөр үеийн хүүхэд, залуус байсан бөгөөд тэд хувь хүний хөгжил болон технологи, инноваци, түүхийн чиглэлийн ном худалдаж авах нь түлхүү байна гэж зохион байгуулагчид онцолжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвийн зохиолууд хамгийн их борлуулалттай байсан байна. Түүний бүтээлүүдийг “Саян” хэвлэлийн газар дахин хэвлэх эрх авсны дагуу уншигчдын унших дуртай 10 гаруй зохиолыг нь хэвлэсэн байна
Дараагийн номын баярыг Өмнөговь аймагт энэ жилдээ багтаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн номын баяр тэмдэглэхэд хамтран ажиллах хүсэлтэй аймгууд “Номын соёлт ертөнц” ТББ-тай холбогдож хүсэлт гаргах боломжтой аж.
Х.ДОРЖПАЛАМ