Цар тахлын үед онцгой байдлынхан үнэхээр сайн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

LiveЦар тахлын үед онцгой байдлынхан үнэхээр сайн ажиллаж байна

Цар тахлын үед онцгой байдлынхан үнэхээр сайн ажиллаж байна

https://www.facebook.com/news.mn.agency/videos/221324830064216

14 : 46
2021-10-15

Цар тахлын үед онцгой байдлынхан үнэхээр сайн ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адъшаа танилцуулаад, хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсэв. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ: 

-Онцгой байдлын албан хаагчид гал усны гашуун зовлон дээр хамгийн түрүүн явж байдаг. УОК-ийн гол ачааг онцгой байдлын алба хаагчид үүрч байна. Цар тахалтай холбоотойгоор тэдний нийгмийн баталгаа, цалин хөлс дээр ямар өөрчлөлт орсон бэ? Олон жил ажилласны нэмэгдэл, урамшуулал 2022 оны улсын төсвийн тухай хуульд суусан уу, суулгах боломж бий юү? 

Аюулгүй байдал, гадаад байдлын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.БАТТӨМӨР: 

-Асуудлыг хэлэлцээд, манай байнгын хорооны гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзсэн. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН: 

-Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа нийт албан хаагчдад улирал тутам нэмэгдэл, урамшил олгож байна. Мянга гаруй албан хаагч цар тахлын халдвар авсан. Хүн нэг бүрт 500 мянган төгрөгийн эмчилгээний тэтгэмж олгож ирсэн. 

УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:

-Цар тахлын нөхцөл байдлын үед хэрэгжиж буй эрх зүйн акт энэ оноор дуусна. Цар тахлын нөхцөл байдал үргэлжилвэл яах вэ? Түүнээс ч аюултай байдал үргэлжилвэл яах вэ? Шинэ хууль бий болгохгүй бол болохгүй нь гэсэн бодолтой байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН: 

-Цар тахлын хууль 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болж байна. Цаашид цар тахлын нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй учраас хуулийн хэрэгжилт, явцад дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна. Түүнд үндэслэн цар тахлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаад явна. Мөн Эдийн засгийн сэргэлтийн хууль хэлэлцэгдээд явж байна. Эргэж УИХ-д танилцуулагдана. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Онцгой байдлын аврагчдыг би Цогбадрахтай адилтгаж боддог. Энэ байгууллагыг дэмжих нь төрийн том үүрэг. Цар тахлын үед онцгой байдлынхан үнэхээр сайн ажиллаж байна. Алслагдмал бүсэд ажиллаж буй онцгой байдлын албан хаагчдад урамшуулал олгох хуулийн төсөл санаачилж оруулж ирж байгаад талархалтай хандаж байна. Ховд аймгийн Зэрэг суманд онцгой байдлын нэгж байгуулах боломжтой юу? 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН:

-Ховд аймгийн Зэрэг суманд онцгой байдлын анги ажиллаж байна. 250-300 км-ын радиустай. Хөшөөтийн уурхайн ашиглалт, авто замын осол, бусад аюултай нөхцөл байдлаас хамгаалах нэгж байгуулах боломжтой. 

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 10-аад мянган хүн оршин сууж байна. Ундны усны машингүй байна. Үүнийг шийдвэрлэх боломж байна уу?

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН:

-Өмнөдэлгэрт усны машины хэрэгцээ шаардлага бий. Шийдвэр гаргаж, даруйхан шийдвэрлүүлье.   

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

Зарчмын зөрүүтэй 5 саналын томъёоллоор санал хураав. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан 

     • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх)

     • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)-үүдийг хууль санаачлагч болон байнгын хорооны дарга байхгүй тул хойшлуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

 

14 : 07
2021-10-15

"Монголын зах зээл хятадуудад эзлэгдэж дууссан"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоос нээлттэй горимд шилжлээ.

Үдээс хойшхи хуралдаанаар намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл өгөхөөр болсон. 

Түүнийг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл өгөв. 

Ургацын урьдчилсан балансаар 594.0 мянган тонн үр тариа, үүнээс 559.0 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн тосны ургамал, 203.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ургац ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртсөн байна.

Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ургацын төв штабыг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог ханган ажиллаж байгаа аж.

Ургац хураалтын ажил есдүгээр сарын 15-наас эхэлж, өнөөдрийн байдлаар 63.0 мянган га талбайг ангилан хадаж, 210.0 мянган га-гаас 310.0 мянган  тонн үр тариа, үүнээс 293.0 мянган  тонн улаанбуудай, 15.2 мянган га-гаас 145.0 мянган тонн төмс, 7.3 мянган га-гаас 92.0 мянган тонн хүнсний ногоо, 30.0 мянган га-гаас 86.0 мянган тонн тэжээлийн ургамал, 30.0 мянган га-гаас 17.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76.4-77.3 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8.0 хувиар ахиу байна.

Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих санд 90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлэгджээ.

Орон нутгаас ургац хураалтын ажилд 8000 гаруй оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга ирүүлсэн байна. Засгийн газрын 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох яамд болон Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан, нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж буй юм байна.

Ургац хураалтын ажилд нийт 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллаж байгаа аж.

Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт аван, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Энэ жил өвөлжилт нэлээн хүндэрч болзошгүй мэдээлэл өгч байна. Цаг агаар бидэнд сануулга дохиогоо өгөөд байх шиг. Цаг уурын байгууллагаас энэ талаар мэдээлэл авав уу? Үхрийн гоц халдварт арьс товруутах өвчний вацин орж ирсэн үү? Хэдэн аймгийн хэдэн сумын хэчнээн мал энэ өвчнийг тусаад байна вэ?   

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН: 

-Урьдчилсан төлөв байдал гарсан. Энэ жил температурын хувьд нэлээн хүйтэн байх төлөвтэй байна. Зудын эрсдэл байна гэсэн төлөв харагдаж байна. Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Зудын эсрэг төлөвлөгөө гаргахаар төлөвлөсөн. 

Гоц халдварт өвчний хувьд энэ жил амаргүй байлаа. Үхрийн гоц халдварт өвчин өмнө нь гарч байгаагүй, хилээр импортлогдож орж ирсэн өвчин. Чийгшилтэй орчин, шавьжаар дамжин орж ирдэг. Эх үүсвэр нь ОХУ-ын талаас гаралтай. Хонины цэцэг өвчинтэй төстэй. ОХУ-аас зөвлөгөө авсан. Хонины цэцэг өвчний эсрэг вакцины тунг 15 дахин нэмж вакцинжуулсан. 769 үхрийг устгалд хамруулсан. Нийт 93.4 мянган үхрийг вакцинжуулалтад хамруулаад байна. Шуурхай ажилласны дүнд аравдугаар сарын 4-нөөс хойш халдварын тоо нэмж бүртгэгдээгүй. 

Улаанбуудайн тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч, Хятадын тал болон НҮБ-тай яриа хэлэлцээ хийж байна. 

Эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүтцээ дагаад хөгжөөд явна. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд махны үйлдвэрүүдийг төрөөс дэмжээгүй. Бор зүрхээрээ явж байна. Энэ жил 100 тэрбумыг тавьж, зээлээр олгож байна гэдэг сайн үзүүлэлт, үүнд талархаж байна. Ирэх жилийн мөнгөний бодлого дээр Монголбанкны үнэт цаасаас санхүүжүүлээд эргэлтийн хөрөнгийн зээл олгох чиглэлээр ажиллана. Монголын зах зээл хятадуудад эзлэгдэж дууссан. Хятадын хөрөнгө оруулагч нар жилийн 0 хувийн хүүтэй зээлээр орж ирээд Монголын компаниудыг хүчгүйдүүлээд явдаг. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН: 

-Гишүүнтэй санал нэг байна. 

УИХ-ын гишүүн Ш.АДЪШАА:

-Сайдын үйл ажиллагаанд нэлээн шүүмжлэлттэй хандаж ирсэн. Одоо сайн зүйлийг нь хэлмээр байна. Өвс тэжээл дээр үнийн хөөрөгдөл байхгүй болсон нь зөв эхлэл гэж бодож байна. Хариуцлагыг доод шатандаа сайжруулмаар байна. Олон газар малын гоц халдварт өвчин гарсан. Өвчилсөн малыг малчид зөвшөөрөхгүй байна гээд устгах ажил хийгдэхгүй байна. 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож дууслаа. 

10 : 47
2021-10-15

УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай горимд шилжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Монголбанк 2020.12.08-ны өдөр ирүүлсэн, хаалттай)-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудал нь улсын нууцтай холбоотой тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. 

10 : 20
2021-10-15

"Хулхи үр оруулж ирээд, тариалалт хийгээд үр дүн гардаггүй"

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Шинэ сорт гаргагчийн эрхийг яаж хамгаалсан бэ? Ургацын баланс өндөр гарсан, ургац хураалт хэдэн хувьтай байна вэ? Энэ жил бороо, цас ихтэй байгаагаас цавуулгийн асуудал гарч байна. Улаанбуудайн борлуулалтын асуудал хүнд болсон. Стратегийн хүнсэнд орсон, нөөц бүрдүүлэх ёстой. Дэмжлэг үзүүлэх шаардлагатай. 

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Х.БОЛОРЧУЛУУН: 

-Таримал ургамлын үр сортын тухай энэ хуулийн шинэчилсэн найруулгаар шинэ сорт гаргах харилцаа ажиллагааг дэмжих асуудлыг зохицуулсан. Шинэ сорт гаргагч, зохиогчийн эрхийг хуулиар патентжуулж, 20-25 жилээр хамгаалж өгсөн. Энэ жил гадаадаас импортоор элит үр аваад ургац сайн байлаа. ХААХҮЯ нийт үрийнхээ 30 хувийг элит үрээр тариалсан. Аж ахуйн нэгжүүд элит үрээ зайлшгүй өөрсдөө хадгалаад явна. Түүнээс улсад онцгойлон хадгалж, нөөцлөхгүй. Борлуулалт хэцүү байна. Энэ жилийн тариалалтын хувьд. Улсын нөөц бүрдүүлье, болзошгүй байдлаас урьдчилан сэргийлье гэж 230 тонн улаанбуудай импортоор оруулсан. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийн борлуулалтад шууд нөлөөлж байна. 

Энэ хууль үр үйлдвэрлэл, импорт, бүх төрлийн таримал ургамлын үрийн шинэ сортын талаар орж ирж буй хууль. Өнөөдөр ОХУ-аас үр оруулж ирж тариалж байна. Дотоодоос үрийн нийлүүлэлт хангалтгүй байна. Үрийн хангалт Монгол Улсын хэмжээнд санасан хэмжээнд байхгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Үрийн чанар байдалд онцгой анхаарахгүй бол хулхи үр оруулж ирээд рекламдаад өгчихдөг. Тариалалт хийх гэхээр үр дүн гардаггүй, шатдаг. Үрийн баталгаажуулалт тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Бэлчээрийн даац хэтэрч, ургамлын төрөл зүйл алга болж устаж буй энэ хүнд нөхцөлд эрчимжүүлье гэдэг хүмүүсээ дэмжихгүй бол болмооргүй санагдаад байгаа юм. Газар тариалангийн бүс нутгууд үр тарианы томоохон компаниудаа түшиглээд, эрчимжүүлсэн МАА-г хөгжүүлээд явъя гэсэн бодолтой байх шиг санагдсан. ХАА, газрын тухай хуулиудаар бага шиг талбай дээр тэжээл тарих боломжийг нь хуулиар хаачихсан юм байна. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Х.БОЛОРЧУЛУУН:

-МАА-н фермүүд ногоон тэжээл тарихгүй боло болохгүй байгаа нь үнэн. Атар газар хагалахад Засгийн газрын шийдвэрээр хагалах болдог. МАА-н фирмүүдийн хажууд 5, 10 га-д тэжээл тарих талаар хуулиндаа анхаарч оруулах нь зүйтэй гэж боддог. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН: 

-Эрчимжсэн мал аж ахуйгаа хослуулаад явъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид хуулиндаа өөрчлөлт оруулаад, тэжээлийн тариалалт хийх талаар санал нэг байна. 

Өнгөрсөн жил бид тариаланчдад 3 орчим тэрбум төгрөгийн, 80 хувийн хөнгөлөлттэй үрийн дэмжлэг үзүүлсэн. Энэ жил 3 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөөд явж байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Зарчмын зөрүүтэй нэг санал гарч, Ж.Батжаргал гишүүн дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Баталгаажсан гэдэг үгийг баталгаажуулсан гэж засахаар боллоо. 

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахад бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 

09 : 59
2021-10-15

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар: 

     • Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)

     • “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Монголбанк 2020.12.08-ны өдөр ирүүлсэн, хаалттай)

     • Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай)

     • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)

     • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх)

     • Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах)

Мөн өнөөдөр 11.00 цагт Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болох юм. 

Үдээс хойшхи хуралдаанаар: 

     • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл өгнө. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж