Шүүгчид ээ, шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Шүүгчид ээ, шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай

Шүүгчид ээ, шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  өнөөдөр /2021.10.15/ “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна. Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.


Нээлтийн үеэр  Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:

-Нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй зүйл бол шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр нийгэмд эрх чөлөө, хүсэл тэмүүлэл, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдардаг. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсч мөрөөдөж, та биднээс шаардаж байна. Тиймээс өнөөдөр “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байна. Монголын ард түмэн, олон нийтийн зүгээс хууль шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж, шүүх эрх мэдэлд итгэх итгэл алдарсан талаар олонтаа ярьдаг боллоо. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлж, үнэн зөвийг тогтоодог хуульчид өөрсдөө хуулиа зөрчиж ёс зүйгүй авирлаж, биеэ зөв авч явахгүй байгаа нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж хариуцлага тооцохыг биднээс шаардаж байна.

Угтаа нийгэмд шударга ёсыг тогтоох үүрэгтэй шүүгч, прокурор, хууль сахиулагчид та бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэн дээдлэж хуульчдын ёс зүйг чандлан сахиж байж нийгэмд шударга ёс тогтоно. Хамгийн гол нь шударга ёс гэдэг нь үр дүнгээр хэмжигддэг үнэт зүйл гэдгийг ойлгох учиртай.

Чин шударгаар ажиллаж байгаа шүүгч, алба хаагчдын нэр төр зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж байгаад харамсч байна. Шүүгч улс төр бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Шүүгч хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй. Төрд зүтгэж буй хэн  ч  төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж сайхан үг бий. Энэ үгийг шүүгч та бүхэн санаж яваарай.

Хуулийн байгууллагууд гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэдэд цаг тухайд нь өгч эргэх холбоотой байх хэрэгтэй. Ардчилсан нийгэм, төрийн шаардлагад нийцүүлж оюун санаа, сэтгэлгээний өөрчлөлтийг хийх шаардлагатай болжээ. Хуулийн байгууллага төрийн нэрийн өмнөөс иргэнээ хамгаалдаг байх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жил бид хуульч бэлтгэх тогтолцоонд анхаарал бага хандуулсан хэмээн судлаачид үзэж байна. Шилдэг, мэргэшсэн, ёс зүйтэй хуульчдыг бэлтгэснээр шинэчлэлт хийгдэнэ.

Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд ажиллаж, шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгэндээ  хариуцлага тооцож чаддаг байх нь үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог хуулийн засаглалын зөв тогтолцооны үндэс юм.

Нийгэмд шударга ёсыг тогтоох хариуцлагатай бөгөөд амаргүй үүргийг хүлээдэг шүүх тогтоох байгууллагын алба хаагч та бүхэн эх орон, иргэдийнхээ өмнө өгсөн тангарагтаа үнэнч байж зүтгэдэг. Та бүхнийг ямагт дэмжин ажиллахаа мэдэгдье. Шийдвэрлэх ёстой асуудалд анхааран хандуулж хамтран ажиллана. Шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байгаарай.

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ АЗИ ТИВД АНХ УДАА БАТАЛСАН

Монгол Улсын Их Хурлын даргын мэндчилгээг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уншиж танилцуулав. Тэрбээр “Шударга ёс, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх хүсэл эрмэлзэл Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан цаг үед бид амьдарч байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгын төлөө өнгөрсөн 30 жилийн туршлага, сургамжаа цэгнэн дүгнэж ирээдүйн зам мөрөө шинээр тодорхойлох эрс шинэчлэл эрчимтэй өрнөж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Бие даасан хараат бус шударга ёс зүйтэй шүүхийн тогтолцоог бүрдүүлэх шинэ зарчмыг хуульдаа тусгасны дагуу хуулийн шинэтгэлийг эхлүүлээд байна. Шинээр баталж буй хууль бүхэнд хүний эрхийг амин сүнс болгон суулгах шинэ зарчмыг УИХ-аас дэвшүүлсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад хүний эрхийг хэрхэн хангасан талаарх дүгнэлт гаргах ажлыг эхлүүлээд байна. УИХ авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2016 онд, цагдаагийн албаны тухай хуулийг 2017 онд, прокурорын тухай хуулийг 2017 онд, өмгөөллийн тухай хуулийг 2019 онд, шүүхийн тухай хуулийг 2021 онд шинэчлэн баталсан. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа Монгол Улс батлан хэрэгжүүллээ. Ингэснээр нэг талаас иргэдийнхээ эрх, эрх чөлөөг нөгөө талаас хууль сахиулагч та бүхнийг хамгаалах баталгаа бүрдсэн гэсэн үг. Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батална. Хууль сахиулагчид өөрсдөө хуулиа зөрчдөг, иргэндээ хүнлэг бус хандаж хүний эрх, эрх чөлөөнд ханддаг, эрүү шүүлт тулгадаг, хэрэг зөрчлийг наймаалцдаг, улстөрчдийн гар хөл болдог гэх мэт өргөдөл гомдол УИХ-д байнга ирдэг. Энэ байдлыг таслан зогсоох ажил өнөөдрийн энэ чуулганаас эхлэх ёстой” гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж