Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөлийн уулзалт аравдугаар сарын 11-нд Вашингтонд болж, Болгараас гаралтай, тус сангийн тэргүүн Кристалина Георгиевагийн холбогдсон авлигын дуулианы талаар хэлэлцжээ. Тус зөвлөлийн гишүүд Кристалина Георгиеваг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй нь түүнд итгэж буйн илэрхийлэл гэж ОУВС-гийн мэдэгдэлд дурдсан байна.
Кристалина Георгиеваг Дэлхийн банкны "Doing Business-2018" тайланд Хятадын зэрэглэлийг ахиулахын тулд ажилтнууддаа дарамт үзүүлсэн гэх хэрэгт буруутган шалгаж буй. ОУВС-гийн Удирдах зөвлөлийн гишүүн улсууд асуудлыг авч хэлэлцээд, түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээсэн аж. Гол зээлдүүлэгчдийн нэг АНУ-ын мэдэгдэл Георгиеваг ажилдаа үлдэхэд чухал түлхэц болжээ. АНУ-ын Сангийн яам болон Европын хэд хэдэн улс түүнийг ажлаас нь чөлөөлөхийг дэмжихгүйгээ мэдэгдсэн байна.
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл энэ сарын эхээр тус сангийн тэргүүн Кристалина Георгиевагийн нэр холбогдсон хэргийг шалгаж, түүнтэй биечлэн ярилцахаар болсноо мэдэгдсэн билээ.
Уг хэргийг мөрдөж буй “WilmerHale” фирмийн хуульчид мөрдөн байцаалтын тайландаа 2017 онд Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Георгиева ажилтнуудаасаа “Doing Business” тайлан дахь мэдээллийг Хятадын эрх ашигт нийцүүлэн засварлахыг шаардсан талаар дурджээ. Мөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Азербайжаны үзүүлэлтийг хэт өндөр үнэлсэн байж болзошгүй хэмээн үзсэн байна.
АНУ-ын тэргүүлэгч хувьцаа эзэмшигчид ОУВС-гийн тэргүүний нэр холбогдсон хэргийн талаар олон нийтэд мэдэгдэл хийхээс татгалзаж, хяналт шалгалтын дүнг хүлээхээ мэдэгдсэн. Их Британи улс өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт түүнд холбогдох асуудлыг ил тод байдлаар мэдээлэхийг зорьж буйгаа “Reuters” агентлагт мэдээлжээ.
Дэлхийн банк “WilmerHale”-д 2020 оноос ил болоод буй “Doing Business” дэх мэдээллийн зөрчлийг судалж, Георгиеватай холбоотой дүгнэлт гаргахыг үүрэгджээ. АНУ-ын Колумбия дүүргийн прокурор асан Рон Макен шалгалтын ажиллагааг хариуцан ажиллаж буй аж. Кристалина Георгиева өөрийг нь буруутгаж буй үндэслэлийг эрс няцаасан байна.
Мөрдөн байцаалтын явцад Георгиева болон Дэлхийн банкны тэргүүн асан Жим Ён Ким нар албаны хүмүүст шахалт үзүүлэх замаар мэдээлэлд өөрчлөлт оруулсан нь тогтоогдож буй гэж үзжээ. Учир нь "Doing Business 2018" судалгаан дахь БНХАУ-ын чансаа 85-аас 78 дугаар байр руу шилжсэн байна. Дэлхийн банкны удирдлагууд тухайн үед нэн шаардлагатай байсан хөрөнгө ахиулах асуудлаар Бээжингийн дэмжлэгийг хүлээх зорилготой байсан гэсэн таамаглал бий юм.
Эх сурвалж: AFP, REUTERS
Холбоотой мэдээ