Жүдо бөхийн Парисын Их дуулга эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн Парисын Их дуулга эргэн ирлээ

Жүдо бөхийн Парисын Их дуулга эргэн ирлээ

Токиогийн олимпийн дараа хэсэг хугацаанд амарсан бөмбөрцгийн бөхчүүд эргэн ирж байна. Аравдугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд Парисын Их дуулга болно. Энэ удаагийн тэмцээнд таван тивийн 47 орны 288 жүдоч хүч үзнэ.


ОЛИМПООС ХОЙШХИ АНХНЫ ИХ ДУУЛГА

Токиогийн олимп наймдугаар сард дуусч, тэр цаг үеэс 2024 оны Парисын олимпийн цикль эхэлсэн. Өнгөрсөн сард Загребын Гранд При болсон ч “томчууд”-аас тоотой хэд нь оролцсон. Жишээлбэл, Гүржийн тамирчин Тато Григалашвили, Оросын жүдоч Арман Адамиан, Словенийн бөх Андрей Лески нар. Харин энэ удаагийн Их дуулгад Кассе Маттиас, Ц.Цогтбаатар, Соичи Хашимото, Барбара Матич, Йоко Оно, Рюүжү Нагаяама зэрэг олимп, дэлхийн медальтнууд оролцож байна.

Ирэх арваннэгдүгээр сард Баку болон Абу Дабигийн Их дуулгууд болох төлөвлөгөөтэй байна.

ЕВРОПЫГ ЗОРЬСОН МОНГОЛЫН БАГ

Загребын Гранд Приг өнжсөн Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй Парисыг зорьсон. Эрэгтэй 13, эмэгтэй 10 тамирчинг ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нар удирдаж буй.

Эрэгтэй

  • -60 кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд
  • -66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
  • -73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр
  • -81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир
  • -90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис
  • -100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал
  • +100 кг жинд О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

  • -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • -52 кг жинд Б.Хорлоодой
  • -57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
  • -63 кг жинд Б.Ганхайч
  • -70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам
  • -78 кг жинд Б.Эрдэнэт-Од
  • +78 кг жинд А.Адъяасүрэн

Парисын Их дуулгаас олон монгол аваргууд төрсөн. Тодруулбал, 2012 онд гавьяат тамирчин С.Ням-Очир, 2013 онд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, 2014 онд гавьяат тамирчин Г.Болдбаатар, 2015 онд ОУХМ Д.Төмөрхүлэг нар эрэгтэй ангилалд түрүүлж байсан бол 2011 онд гавьяат тамирчин М.Бундмаа, 2015 онд гавьяат тамирчин М.Уранцэцэг нар эмэгтэй ангилалд түрүүлж байв.

Казахстан улсын нэрэн дор барилддаг Г.Отгонцэцэг 2016 онд Парист түрүүлсэн түүхтэй.

ДАРХАН АВАРГАГҮЙ ПАРИСЫН ИХ ДУУЛГА

Парисын Их дуулгад дөрвөн болон түүнээс дээш удаа түрүүлсэн хоёрхон тамирчин бий. Эрэгтэйчүүдийн +100 кг-д эзэн орны домогт Тедди Ринье болон эмэгтэйчүүдийн -52 кг-д Косовогийн ардын баатар Майлинда Кельменди нар юм. Харамсалтай нь, Тедди энэ удаагийн тэмцээнийг өнжиж байгаа бол Кельминди зодог тайлж буйгаа саяхан зарласан. Түүний дасгалжуулагч Дритон Кука ярихдаа “Майлинда бол Косовогийн ард түмний баатар. Тэр зөвхөн жүдоч, олимп, дэлхийн аварга биш. Түүний ачаар л бид олон улсын жүдо бөхийн холбоо, олон улсын олимпийн хорооны гишүүн болсон. Ноён Вайзер анх удаагаа Косовод зочлоход Майлинда 14-15 настай л байсан байх. Түүний хэрхэн бэлтгэлээ хийж буйг хараад ноён Вайзер биднийг дэмжихээр шийдсэн. 2009 онд манай улс жүдогийн анхны өсвөрийн дэлхийн аваргадаа оролцож, Майлинда түрүүлж байв. Түүний ачаар л манай улсад жүдо хөгжсөн. Тиймээс тэр бол дан ганц тамирчнаас илүү хүн. Тэр бол Косовогийн хүн бүрт зориулагдсан баатар. Харин одоо зодог тайлж байна. Би түүнийг миний хажууд татамитай ойрхон байгаасай гэж хүсч байна. Учир нь түүний туршлага мэдлэг, гайхалтай зүрх сэтгэлийг нь авч үлдмээр байна” гэжээ.

Өдгөө 30 настай тэрбээр 2016 онд Риогийн олимпод түрүүлэн, үймээн самуун, дайн байлдаантай байсан Косовогийн ард түмнээ баярлуулж байв.

2016 онд л анхны олимпийн аваргаа өлгийдөж байсан бол Косово өдгөө гурван алтан медальтай. Өнгөрөгч Токиогийн олимпийн жүдогийн бөхийн төрөлд өрсөлдсөн Красники, Гжакова нар түрүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж