Байр суурь: Эдийн засаг гамшгийн хэмжээнд очсон

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Байр суурь: Эдийн засаг гамшгийн хэмжээнд очсон

Байр суурь: Эдийн засаг гамшгийн хэмжээнд очсон

 БНХАУ-ын Эрээн хот өчигдрөөс эхлэн хөл хорио тогтоосон нь монголчуудад том цохилт болов. Худалдааны гол түнш болсон урд хөрш хилээ хааж урт хугацаанд хязгаарлалт тогтоовол бид хэцүүднэ гэсэн үг.

Учир нь, Монгол Улсын экспорт, импортын гол хаалга бол Эрээний боомт. Гэтэл  хөл хорио наанадаж 14 хоног үргэлжилнэ гэх албан бус мэдээлэл бий.

Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр “БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан. Тиймээс Эрээн хотын 30 гаруй мянган оршин суугчаа өнөөдөр бүгдийг нь шинжилгээнд хамруулах асуудал тавигдсан учраас боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо гэж Монгол Улсын хилийн байгууллагад мэдэгдсэн. Боомт хаагдсан учир импорт, экспорт зогсч байна. Хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолох боломжгүй” гэх мэдээллийг өгсөн.  Мөн Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн жил бид дур мэдэн хоёр талын хилээ хаадаг байсан. Энэ жил урд хөрш хилээ хаах эрсдэл үүслээ. Хамгийн гол нь хилийн зурваст ачаа тээврийн жолооч нар гацах асуудал үүсч байгаа юм” гэдгийг өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаааны үеэр онцолж байв. Түүний хэлснээр тээвэр логистикийн асуудал зөвхөн Монголд биш хил залгаа 13 улсад үүсээд байгаа аж.

Хилийн боомт хаагдах бүрт импортын барааны үнэ өсдөг. Үүний тод жишээ нь, Тяньжин дахь түгжрэл. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн ачаа бараа овоорч хил гацсан нь хүнс, бараа, барилгын материалын үнэ нэмэгдэх шалтгаан болов. Барилгын материалын үнэ өссөнөөр орон сууцны үнэ “хөөсөрсөн”.   Импорт, экспортын гацаанд цар тахал нөлөөлж буй ч худалдааны нэгдсэн бодлогогүй төр засгийн буруу бий.  Эдийн засагчдын зүгээс хилийн боомтуудын үйл ажиллагаа ойрхон давтамжтай хаагдаж, дахин хаалгаа барихдаа тулж байгаа нь Монгол Улсад өгч буй томхон дохио  болохыг хэлж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хүнтэй зүйрлэвэл сэхээн амьдруулах тасагт байгаа гэлээ. Ингээд тэдний байр суурийг хүргэе.

           ЭДИЙН ЗАСГИЙГ ХҮНТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ СЭРГЭХ ҮҮ, ҮГҮЙ ГЭДЭГ ЭГЗЭГТЭЙ ҮЕД БАЙНА

Эдийн засагч Д.БАТЖАРГАЛ: 

-Монгол Улсын эдийн засаг Хятадаас хамааралтай болсон. Экспорт, импортын гол түнш нь тус улс. Эрээний боомт хилээ тодорхойгүй хугацаагаар хааж хөл хорио тогтоож байгаа нь манай улсын эдийн засагт маш том савлагаа болно. Эдийн засаг гамшгийн хэмжээнд хүндхэн байдалтай байна. Хүнтэй зүйрлэвэл, сэхээн амьдруулах тасагт байгаа хүн сэргэх үү, үгүй юу гэдэг л нөхцөлд байна. Эдийн засаг гэж байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Угаасаа муу бүтэцтэй. Иймд алдаанаасаа суралц, зөв баланстай тэнцвэржүүлсэн бүтэц байх хэрэгтэй гэсэн үг.

ХУДАЛДААНЫ ОРЧНЫ АСУУДЛЫГ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

Эдийн засагч Х.ЦЭВЭЛМАА: 

-Зөвхөн энэ удаа л Хятадын тал хилээ хааж байгаа юм биш. Удаа дараалан хилийн боомтууд хаагдах бүрт  импорт, экспорт гацаж байна. Энэ нь  манай улсад худалдааны процесс зөв зохистой биш гэдгийн л дохио. Монгол Улс худалдааны орчны асуудлыг эргээд авч хэлэлцэх хэрэгтэй. Худалдаа манай улсын экспорт, импортыг харуулж буй гол цонх шүү дээ. Экспорт, импорт гацаж буй шалтгааныг бид нарийн судлах хэрэгтэй. Хил хаагдах бүрт эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ гэж том дүр зургаар харах нь өөрөө эрсдэлтэй. Ийм асуудлыг богино болон дунд, урт хугацаанд гэсэн үе шаттайгаар авч үзэх хэрэгтэй. Хэдийгээр зах зээлийг илүү чөлөөтэй хөдөлгөх арга хэмжээ авч байгаа ч эдийн засгийн хүндрэл манайхаас уу, Хятадын талаас байна уу гэдгийг нарийвчилж үзэх хэрэгтэй.

Ерөнхийдөө өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал Засгийн газар таамаглаж буй түвшиндээ хүрч чадахгүй, зөрөөд байна. Эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хүргэнэ гэсэн буурчихлаа.

Бид урагшаа харж л байгаа бол жирийн нөхцөл, энгийн горимд хэрхэн шилжих вэ гэдэг тал дээр илүү анхаарч ярих хэрэгтэй. Цар тахлын дараа хэвийн нөхцөл байдал гэвэл юу гэж ойлгох вэ. Энэ талаас харах хэрэгтэй.

ХАРААТ БАЙДЛААС ГАРАХАД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Эдийн засагч Л.ОЮУН:

-БНХАУ бол Монгол Улсын худалдааны гол түнш. Иймд тус улсын Эрээн хотын боомт хилээ хаана гэдэг нь манай эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө. Импорт, экспорт тэг зогсч ачаа бараа, ам.доллараа олж чадахаа болих зэрэг олон муу үр дагавартай. Энэ бүх дохио бидэнд сургамж өгөх ёстой. Гаднаас хамааралгүй болж, өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх. Импортын барааг орлох дэлхийн стандартад нийцсэн  үйлдвэрлэлтэй болох ёстойг л хэлж өгөөд байна. Хил хаагдаж тэг зогсох бүрт Засгийн газар толгойгоо барьж суухдаа биш энэ байдал давтагдаж болзошгүй учраас бодлого барьж боловсруулах ёстой. Муу зүйлд ч сайн тал байдаг учраас дотоодод үйлдвэрлэл хөгжүүлэх боломжийг нээж өгч байна. Хэрэв одоогийнх шиг гадаад худалдаа бахь байдгаараа гацсан хэвээр бол эдийн засагт хүчтэй цохилт болно. Эхнээсээ бид үнийн өсөлтийг мэдэрлээ. Хил хаагдахтай зэрэгцэн барааны үнэ эрс өслөө шүү дээ.

ДЭД БҮТЦИЙН ХАРАЛГАН БОДЛОГЫН ГАЙГ БИД ҮҮРЧ БАЙНА

Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН: 

-Монгол Улсын эдийн засаг хилийн боомттой холбоотой гурван хүчин зүйлээс шууд хамаарч байна. Эдийн засгийн дийлэнх хувийг уул уурхай, худалдааны салбар эзэлдэг. Ийм учраас хорио цээрийн дэглэмээс шалтгаалан эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна. Хилийн боомтын орох, гарах хөдөлгөөн эдийн засгийг тодорхойлж байна.

Энэ оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан. Мөн улирлын хоёрдугаар хагаст дахин буурах эрсдэлтэй байгаа нь экспортын болон импортын эргэлттэй холбоотой.

Мөн Монгол Улс дотоодынхоо хэрэглээг 100 хувь хангадаггүй учраас импортын бараагаар дамжин хоёр чиглэлээр бидэнд  дарамт ирдэг. Нэгдүгээрт, валютын ханштай холбоотой бол хилийн боомтын нэвтрүүлэх чадвар буурснаас импортын барааны хэмжээ, зардалд сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Үүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй. Тун удахгүй импортын бараанд үнэ мэдрэгдэж эхлэх болов уу.  Галт тэрэгний хөдөлгөөнөөс үл шалтгаалан Монгол Улсын импортын нөхцөлд шууд хүчтэй нөлөөлдөг.

Ерөнхийдөө барааны хомсдол, тээвэрлэлтийн зардалтай холбоотой үнийн өсөлтийн дарамтууд бидэнд ирж байна. Одоогоор нийлүүлэлтийн шинж чанартай инфляц 8.9 хувьтай, аль хэдийн дарамт болж  эхэлсэн гэсэн үг.

Автотээврийн голлох Эрээний боомт  хаагдсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнийн өсөлтүүд мэдрэгдэх болов уу. Энэ нь бага орлоготой иргэдэд том дарамт хүчтэй цохилт болох сөрөг нөлөөлөлтэй. Ер нь 10 гаруй жилийн өмнө нэн түрүүнд суурь дэд бүтцийг тавихад анхаарах байсан. Хэрэв бид Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг бүрэн тавьсан байсан бол Замын-Үүдийн нэвтрүүлэх чиглэлийг сайжруулж, босоо чиглэлийн автозамаа хос болгож олон улсын стандарт шаардлагыг хангасан, стандартын хурдны замтай болсон бол Монгол Улс ийм хүнд нөхцөлд арай бага өртөх байсан нь хэнд ч тодорхой. Экспорт, импортын аль нь ч тэр. Өдий хүртэл босоо чиглэлийн автозамаа хос болгож чадаагүй арчаагүй сууж буй бидний гай. Дэд бүтцийн чиглэлд явуулсан харалган бодлогын гайг бид үүрч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж