Х.Баттулга АН-ыг авах биш "алах" л сонирхолтой!

Хуучирсан мэдээ: 2021.10.15-нд нийтлэгдсэн

Х.Баттулга АН-ыг авах биш "алах" л сонирхолтой!

Х.Баттулга АН-ыг авах биш "алах" л сонирхолтой!

Харамсалтай нь, долоохон хоногийн өмнө, С.Зоригийн хөшөөний урд нэгдэж, нийлж байгаагаа зарлаж зогссон Ардчилсан намынхан нэмэлт санал хураалтын үр дүнг  үзэлгүйгээр өөр хоорондоо хэмлэлдээд эхлэжээ.  АН-д ийм их өстэй юм уу эсвэл ингэж харлуулах захиалга эрх баригч намаас аваа юу?!. Ёстой л үхрийн сүүлэн дээр хутга гэгч болов.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гэнэтийн мэдээлэл хийж, "Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын дүрэм зөрчсөн учир дөрвөн жилийн хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Иймд бид дүрэм, хуулийн дагуу Ц.Тувааныг намын бүлгээс хасна. Цаашид Ардчилсан намын бүлгийн хуралд оролцохгүй. Мөн бие даан нэр дэвшсэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар бүлгийн үйл ажиллагаанаас хассан. Тэд бүлгийн хуралд оролцох боломжгүй болсон" тухай дуулгав. Араас нь залгуулаад О.Цогтгэрэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбатад хариуцлага тооцно гэжээ.  Багшийг би хөөгөөд, багш намайг хөөгөөд гэдэг шиг.

Үүнээс хоёр хоногийн өмнө Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир нүүр номдоо Ардчилсан нам улс төрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байгаа тухай бичихдээ “Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Эцсийн дүндээ иргэд бидэнд манай намд тавих ёстой дүнгээ л тавилаа. Одоо үүнээс цааш газар үгүй, үүнээс хойш тэвчээрийн зааг үгүй” гэсэн нь өөрийнх санаа биш эзнийх нь үг болох нь нэн ойлгомжтой.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайдын албан бус зөвлөхөөр очсон Х.Баттулга үүгээр улстөрийн карьертаа цэг тавих хүн биш. Л.Оюун-Эрдэнийн утсан хүүхэлдэй болоод явах хүн бүр ч биш.  Хувь хүний амбиц, араншинг нь бодсон ч Х.Баттулга татами дээрээс тийм ч амархан буучихгүй. Зургаахан сарын өмнө зөвлөж яваа даргынхаа намыг  тараах захирамж хүртэл гаргаж явсан хүн шүү дээ.

Тиймээс түүнд их улс төрд эргэн ирэх, эрх мэдэл хүч чадлаа дахин мэдрэх хүсэл бий нь ойлгомжтой. Энэ өнцгөөс харвал  унасан дээр нь дэвслэж байгаад АН-ыг авах, үгүй дээ л үнэ цэнэгүй өрсөлдөх боломжгүй нам  болгох сонирхол түүнд байж мэдэхээр. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга эрх мэдэлд эргэн хүрэхийн төлөө аль хэдийнэ 13 мэхээ ашиглаж эхэлсэн гэсэн үг.

Үндсэндээ нэр зүсгүй болтол нь нүдэж, зодсон АН түүнд одоо хэрэггүй. Харин АН-ыг сүйтгэж, сүйрүүлж байгаад гишүүд дэмжигчдийг нь Ардчилсан холбооны намдаа татах арга заль хэрэглэж байж болох талтай. Угаасаа АН-аас ашиглах юм түүнд байхгүй болсон, тиймдээ ч ИЗНН-ыг худалдан авч, өөрийн байгуулах шинэ намтайгаа нэгтгэх тухай яриа улс төрийн хүрээнээс гарч буй нь хоосон хов төдий биш болов уу. Овоо босгосон учраас л шаазгай шагширч эхэлсэн байлгүй.  Тэгээд ч  ИЗНН-ын даргаар эхнэр Ц.Энхтуяа нь ажилладаг гэвэл энэ яриа илүү үнэнд ойр болох биз.

Х.Баттулга нам байгуулна гэдэг Л.Оюун-Эрдэнэд халтай. Цаашдаа Л.Оюун-Эрдэнийн заналт дайсан нь Х.Баттулга болох магадлал бүр өндөр. Үүрдийн дайсан, нөхөр гэж үгүй. Үүрдийн эрх ашиг бий гэж харвал.  Нэгэн цагт заналт дайсан явсан Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр өвөр түрийдээ орох нь шахуу дотносож, том жижиг биетэй болохоос нэг хүн гэгддэг байсан З.Энхболд, С.Эрдэнэ хоёр заналт дайснууд болчхоод байгаа билээ.

Ц.Туваан С.Эрдэнийн хүн байсан, Д.Ганбат Х.Баттулгын гарын хүн гэгдэж явсан зэргээс дүгнэвэл нөгөө л үүрдийн дайсан, нөхөр гэж байдаггүйн бодит жишээ болно. Үнэндээ, Х.Баттулгаар намаа самруулах дээрээ тулсан нь АН-ын өөрсдийнх нь хийсэн үйлийн үр. Монголчууд хүн тэжээвэл толгой цусдана гэдэг! Хэн Х.Баттулгад эрх мэдэлд хүрэх боломж олгосон билээ, АН өөрөө л шүү дээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж