Ерөнхий сайдын зарласан ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын зарласан ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО

Ерөнхий сайдын зарласан ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО

Үндсэндээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж, албан ёсоор хоёр дахь удаагаа үг хэлж байна. Танхимынх нь сайд нарыг томилсных нь дараа, найман сарын өмнө тэрбээр дөрвөн үндсэн зорилтоо танилцуулж байлаа. Харин өнөөдөр шинэ сэргэлтийн бодлогоо зарлав.

Ерөнхий сайд болмогцоо, Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх”, “Эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх”, “Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх”, “Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлж, авилгын индексийг бууруулах”-аа машид дэлгэрэнгүйгээр тайлбарласан.

Үүнийгээ өнөөдөр чуулганы индэр дээрээс товчхон дүгнэсэн нь: "Цар тахлын хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй.  Экспорт, импорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёрдахь хүнд үе байлаа… Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулсан. Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй. Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн".

Мэдээж, амаргүй нөхцөлүүдээ, алдаа дутагдал, ололт амжилтаа илэн далангүй ярьсан гүйцэтгэх засаглалын тэргүүн дараагийн бодлого шинэ сэргэлт гэж тодорхойлжээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барьсан нь энэ юм.  Арван найман их наяд төгрөгийг ирэх онд төсөвлөсөн нь энэ оныхоос даруй 7 их наядаар илүү гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2021 оны төсвийн орлогыг 11 их наяд 797 тэрбумаар тооцож, УИХ-аас батлаж байв.

Урьд өмнө байгаагүй өндөр дүнтэй "өөдрөг" төсвийн төслийнхөө гурван онцлогийг Ерөнхий сайд мөн товч тоймложээ.

НЭГ.

Шинэ сэргэтийн төсөв цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгоход зориулагдсан нь нэн ойлгомжтой.  Ерөнхий сайд өргөн барьсан төслөө хөгжлийн гэж тодорхойлсоны зорилго нь эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх.

Цаашлаад Засгийн газар хөгжлийн том төслүүдийг эхлүүлнэ, хүртээмжтэй өсөлтийг хангана, экспортыг нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэв. Байдаг нэг амлалт, яригдсаар ирсэн хөтөлбөрүүд. Үе, үеийн Ерөнхий сайд бүхэн ингэж хэлдэг.

Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах нь мөн л Засгийн газрын болгоны мөрөөдөл байлаа. Даанч улстөржилтөө даахгүй унасаар, өнөөдөр ч Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг мөн улстөржүүлээд эхэлсэн байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэд намынх нь 62 кноп байна. Ерөнхийлөгчийн дэмжлэг ч түүнд бий. Бүлгийнх нь цөөн хэдэн популистууд том бодлогыг нь жижиг улс төр болгочихгүй бол Ерөнхий сайд амалснаа ажил хэрэг болгох улс төрийн хангалттай дэмжлэгтэй гэсэн үг. 

Төсөвт суулгасан 18 их наяд төгрөгийг уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч,  аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд зарцуулах гэнэ.

 Ерөнхий сайд олон нийтэд хандсан “хоёр дахь үг”-ндээ Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахаа онцолжээ. Хайгуул, олборлолтыг эрчимжүүлэхгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Монголд орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт хамаардаг. Тэгээд мөн Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулахгүй бол эдийн засагт эрсдэл нүүрлэнэ.  Оюутолгойтой насаараа ноцолдож яваа С.Ганбаатар хүртэл "Би Рио Тинтог Монголоос гар гэж хэлж байгаагүй" гээд үзэл бодол нь 180 градус өөрчлөгдсөн байна лээ.

Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно гэжээ. Энэ л харин Ерөнхий сайдын бас нэгэн толгойны өвчин болох байх. Эхнээсээ нарийн царигтай төмөр зам тавьчихсан бол хил холболт, хэлэлцээ энэ тэр болох шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, өчигдрийн эх орончдын улстөржилт өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн зовлон болсон.

Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгажээ. Дарханы замаа л яаралтай дуусгаасай билээ, эдийн засгийн хувьд  ач холбогдолтой зам л даа.

ХОЁР.

Төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ гэжээ, браво. Төрийн үйл ажиллагаа цахимжиж байгаа цагт төрийн албан хаагчдыг цомхотгох нь зөв. Төсвийн зардлын гуравны нэг тэдний цалин хөлс, хангамжид явчихдаг. Үнэхээр зориг нь хүрч чадах юм бол Л.Оюун-Эрдэнэ төрийн албан аттестатчлал, нэн ялангуяа төрийн өмчит компаниудад реформ хийх цаг ирсэн. Төрийн өмчит 339 компаниас дийлэнх  алдагдалтай ажиллаж байгаа. Олон жилийн турш компанийнх нь төсөв хасах, даргынх нь төсөв нэмэх явж ирсэн. Одоо үүнийг өөрчлөх, шинэчлэхгүй бол төсвөөс саадаг төрийн өмчиь компаниуд нэмэгдсээр байх юм.

Төсвийн мөнгө татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчид ирэх онд 18 их наядыг төрд цуглуулж өгнө гэсэн үг. Татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан байна. Товчхондоо,  2022 оны төсөв дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн гэж Ерөнхий сайд өргөн барьсан төсвөө дүгнэжээ.

Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болохыг энэ олон жилийн дараа Монголын улстөрчид ойлгосон нь яамай.

Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд зарласан. Ерөнхийлөгчийн бодлогыг төсөл болгох нь Ерөнхий сайдын хийх ёстой ажил мөн.

ГУРАВ.

Түгжрэлийг буруулна гэж олон жил ярьсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 420 тэрбум төгрөг зарцуулана. Үүнийг улсын төсөв татан авахгүйгээр нийслэлийн төсөвт үлдээж байгаагаа Ерөнхий сайд хэлжээ. Богдхаан уулыг тойрсон төмөрзамын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслэлийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлүүлэх гэнэ.

Мэдээж, түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг сааруулах. Төвлөрлийг сааруулахын тулд хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах нь зөв.

 Эцэст нь Ерөнхий сайд эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг сануулаад хоосон улстөржилтөө хойш тавихыг уриалав.  Үнэндээ өнөө маргаашдаа тун чиг хүнд өдрүүдийг монголчууд давах ёстой болж байна. Гэхдээ ирэх жилээс үүр хаяарна гэв үү?!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж