Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ганхуяг нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Ч.ГАНХУЯГ:
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн Баасан гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгааныг тайлбарлая. Иргэдийн дунд ташаа мэдээлэл байгаа нь хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч байна.
2020, 2021 онд 70 орон хөрөнгө оруулалтын босгыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлээд байна. Харамсалтай нь, Монгол Улс эдгээр орны тоонд багтаагүй. Иймд Монгол Улс хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа нээж өгөх зорилготой. Цар тахлын улмаас гадаад харилцаа тасраад байна. Хуулийн гол агуулга нь гадаадын болон монгол иргэн хамтарсан компани байгуулахад цахимаар гэрчилгээ авч болно.
100 мянган ам.долларын босго нь гадаадын иргэдээс илүүтэй Монгол Улсын иргэдэд ашигтай. Бид энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас хуулийн төслийг өргөн барьсан юм. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт гэсэн ойлголт үгүй болж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь байшин сав, машин авах биш, компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг хэлж байгаа юм. Бид цар тахлын дараа эдийн засгийг сэргээх олон хөтөлбөр ярилаа. 100 мянган ам.долларын босгын асуудлыг зөв ойлгох ёстой. Бид зөвхөн уул уурхай, "Рио-Тинто" компанийн хөрөнгө оруулалтын тухай ярьсаар сүүлийн 10 жилийг өнгөрөөлөө. Хөрөнгө оруулалт 2012 оноос 12 тэрбум дээр л гацсан. Үүнийг тогтмол барихын тулд экспорт, хөрөнгө оруулалт, зээл. Гэтэл экспортын хөгжил байхгүй. Түүхий эдийн үнэ өссөн ч бид ашиглаж чадахгүй байна. Мөн Хөрөнгө оруулалтын босготой холбоотой хөрөнгө оруулалтгүй болсон. Иймд өнөөдөр хөрөнгө оруулалтын 12 тэрбумын түвшинг байнгын зээлээр л хадгалж байна.
Тэрбээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон шалтгаануудыг тайлбарлав. Үүнд,
- Дэлхийн банкны судалгаагаар 118 улсад ямар нэгэн босгогүй хөрөнгө оруулалтын бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон.
- 2020, 2021 онд 70 улс хөрөнгө оруулалтын босгыг бууруулж таатай орчныг бүрдүүлсэн. Харамсалтай нь эдгээр улсад Монгол Улс багтаагүй.
- Монгол Улсад хөрөнгө оруулалтын үүд хаалгыг нээх зорилгоор босгыг бууруулж, 100 мянган долларын тухай асуудлыг тусгасан. Тухайлбал, мэдээлэл технологийн дэлхийн хамгийн том 500 компанийн 70 хувийг старт-апууд эзэлдэг. Цаашид тус чиглэлд хөрөнгө оруулалтын компаниудыг дэмжсэн бизнесийн хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭНЭЭС БАЙНГЫН ОРШИН СУУХ ЭРХ ҮҮСЭХГҮЙ
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хүн бүр эмзэг ханддаг. Магадгүй бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж дүгнэж байна. Гадаадын иргэн харьяаттай холбоотой асуудалд тайлбар өгье. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад 500 мянган ам.доллар, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаадын иргэн харьяат эрх зүйн байдлын тухай хуулиар визний асуудлыг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн харьяатын газар зохицуулдаг.
Өнөөдөр Монгол Улсад виз мэдүүлэхэд визийг нь өгөхгүй байх эрхтэй. Яагаад виз өгөөгүй гэдэгт тайлбар өгөх албагүй. Виз авлаа гэхэд Монгол Улсын хил дээр буцаах эрхтэй. Үүнд тайлбар өгөх ч шаардлагагүй. Гадаадын иргэн харьяатын газрынхан 300 орчим ажилтантайгаар Монгол Улсыг зорьж буй гадаадынхны зорилго, чиг үүргийг хянадаг. Хуулийн дагуу өнөөдөр Монгол Улсад дипломат байгуулахаас өөр харилцаатайгаар байнгын оршин сууж буй нийт иргэдийн тоо нь хүн амын гурван хувиас хэтрэхгүй. Мөн хуульд тусгасан заалтаар, хэдий таны гадаадын хөрөнгө оруулалт хэчнээн их байсан ч Үндэсний хөгжлийн газраас нотлох баримт бичгээ авч, Гадаадын иргэн харьяатын газарт байнгын оршин суугч иргэн болох эрхээр хандана. Холбогдох хуулийн дагуу Гадаадын иргэн харьяатын эрх зүйн байдлын тухай хуулиар Гадаадын иргэн харьяатын газар байнгын оршин суух эрхээ өгөх үү үгүй юу гэдгийг өөрсдөө шийднэ. Хөрөнгө оруулалтын тухай хууль бол Гадаадын иргэн харьяатын тухай хуулиас давсан байж болохгүй. Нэг хууль нөгөөгөө үгүйсгэх ёсгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаас өмнө Засгийн газраас санал авахад дэмжигдсэн.
Гэхдээ үүнд одоогийн 100 мянган долларын босго гадаадаас орж ирж буй эх үүсвэр юм уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Хоёрдугаарт, 100 мянган ам.долларыг түр дансанд байршуулж, байнгын орших суух эрхээ авсны дараа мөнгө нь гарчихдаг. Эсвэл ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй байна. Ажлын байр бий болгохгүй байна. Иймд бид хамгийн багадаа хоёр ажлын байртай болгоно. Мөн дээр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар зэрэг бүх татваруудыг төлөх ёстой. Тайлан өгдөг үйл ажиллагаа явуулдаг бизнес байх ёстой. Үгүй бол Гадаадын иргэн харьяатын газрын хяналт шалгалтаас байнгын оршин суух бүрэн эрхийг нь цуцлах эрхтэй. Өнгөрсөн онд 30 орчим гадаадын иргэний байнгын оршин суух эрхийг цуцалсан. Энэ жил Монгол Улсад байнгын оршин суух 70 орчим хүсэлтийг ирүүлсэн байсныг түдгэлзүүлсэн мэдээлэл байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталбал гадаадын иргэд сая саяар Монгол Улсад нэвтэрнэ, оршин сууна гэсэн үг биш. Монгол Улс олон жил Үндэсний аюулгүй байдлыг хангаж оршин тогтнохдоо маш олон хуулиар зохицуулдаг. Монгол Улсад нэвтрэх, түр болон байнгын оршин суух эрх, иргэншил ялгаатай. Иргэншлийг зөвхөн Монгол Улсын иргэнд л олгодог. Харин гадаадын иргэнд олгохоор бол төрийн тэргүүний мэдэл. Гадаадын иргэн харьяатын газрын эрх мэдэл давсан нарийн зохицуулалттай. Хувийн компаниуд гадаадаас ажиллах хүчнийг оруулахад Засгийн газар квот тогтоодог. Ажиллах хүчнийг тооцож нарийн зохицуулалт хийдэг юм. Харин гадаадаас Монгол Улсад хөрөнгө оруулахаас өмнө Татварын хуулийг хардаг.
Холбоотой мэдээ