“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа өнөөдөр Дэлхийн банкны “Нөөцийн зөвлөгөө, удирдлагын түншлэл” хөтөлбөрийн багийн гишүүдтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд хэлэхдээ “Үндэсний баялгийн сан байгуулах чиглэлээр Дэлхийн банкны 20 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн багтай хамтран ажиллаж, туршлага судлах гэж буйдаа баяртай байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндэсний баялгийн сан байгуулах асуудал багтсан. Иймд баялгийн санг бий болгохтой холбоотойгоор хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх, сургах асуудал чухал байна” гэлээ. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев уул уурхайн баялгийг зөв удирдах, баялгийн сан байгуулах чиглэлд “Түншлэл” төслийн багийнхан туршлагатайг хэлээд цаашид нээлттэй санал солилцоход бэлэн байна гэсэн юм. “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа уулзалтын үеэр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга бүрдэл хэсгийг компанийн хамт олон өнгөрсөн хугацаанд боловсруулж, Засгийн газарт хүлээлгэн өгөн, УИХ-ын намрын чуулганаар уг хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон.
Дэлхийн банкны “Нөөцийн зөвлөгөө, удирдлагын түншлэл” төслийн багийн зүгээс нэгдүгээрт, Үндэсний баялгийн санг байгуулахдаа улсын төсөвтэй ил тод, нээлттэй, зөв зохистой байдлаар уялдуулж авч явах, хоёрдугаарт, цаашдаа энэ чиглэлийн санг авч явах хүний нөөц, боловсон хүчнийг сайтар бэлтгэх, сургах чиглэлд анхаарах ёстойг зөвлөлөө.
Уулзалтын дараа, “RAMP” буюу “Нөөцийн зөвлөгөө, удирдлагын түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд ямар онцлох ажлууд хийдэг талаар товч танилцуулгыг тус хөтөлбөрийн Санхүүгийн ахлах ажилтан Ф.Д.Хонг танилцууллаа. Уг хөтөлбөр нь хөрөнгийн менежмент, зөвлөгөө, сургалт гэсэн 3 үндсэн чиглэлээр дэлхийн олон улс оронд үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн баг юм. Тус хөтөлбөр 20 жил үйл ажиллагаа явуулахдаа 650 мянган ам.доллараас эхэлж, байсан бол удирдлага дор байгаа хөрөнгө 2021 оны 06 дугаар сарын байдлаар 30 тэрбумд хүрсэн байна.
Уулзалтад “Эрдэнэс Монгол” компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Н.Нарангэрэл болон Гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэръяа Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, тус банкны уул уурхай, санхүү эдийн засаг хариуцсан мэргэжилтнүүд болон “Түншлэл” хөтөлбөрийн багийн гишүүд цахимаар оролцов.