Хойд Солонгост эрх нь зөрчигдсөн гэх таван хүний шүүх хурал өчигдөр Японд боллоо. Гомдол гаргагчид Хойд Солонгос нь “газрын диваажин”-г амлачихаад хүний эрхийн зөрчлөөр хохироосон гэж үзэн Пёньяны удирдагч Ким Жон Унаас нөхөн төлбөр шаардсан байна. Токио хотын дүүргийн шүүхэд өнгөрсөн наймдугаар сард таван хүний нэхэмжлэлд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хариуцагчаар татах шийдвэр гаргаснаар ийнхүү өчигдөр анхны шүүх хурал болжээ. Шүүх хуралд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун оролцох эсвэл шүүхийн шийдвэр гарсан ч тэдний хохирлыг Пёньян барагдуулна гэж хүлээхгүй байгааг гомдол гаргагчдын өмгөөлөгч Кенжи Фүкүда хэлсэн юм. Гэсэн ч энэ шүүх хурлын үр дүнд Хойд Солонгос болон Японы талууд энэ асуудыг хэлэлцэх, хоёр талын харилцааг хэвийн болгох, Пёньянаас хариуцлага нэхэх гэх мэт нааштай нөхцөл байдал үүснэ гэж харж буйг тэрбээр онцолжээ.
Япончууд 1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг колоничлох үеэр хүнд үйлдвэр, уурхайдаа ажиллуулахаар олон зуун мянган солонгосчуудыг албадан тус улсад авчирсан юм. Колоничлолын үеийн энэ түүх өнөөдрийг хүртэл Японы хоёр Солонгостой харилцах харилцаанд маргаан дагуулсаар ирсэн. Харин 1959 оноос Хойд Солонгос нь өргөн хүрээг хамарсан тархаан суурьшуулах орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаадад ажиллаж, амьдарч буй солонгосчуудыг эргүүлэн татах аяныг эхлүүлсэн юм. Хөтөлбөр жил бүр тодорхой тооны иргэдийг гадаадаас татах замаар 1984 оныг хүртэл үргэлжилсэн бөгөөд Хойд Солонгост ирсэн хүмүүсийн олонх нь өмнөд хөрш БНСУ-аас иржээ.
Пёньян нь тухайн үед гадаадаас ирж буй хүмүүст үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, ажлын байр болон бусад олон төрлийн тусламжийг амлаж байжээ. Гэвч бодит байдал дээр гадаадаас Хойд Солонгост ирсэн хүмүүс голдуу уурхай, ойн аж ахуй, газар тариалангийн ферм зэрэг “хар ажил”-д хуваарилагддаг байсан талаар 79 настай Эйко Кавасаки ярьжээ. Тэрбээр Японы шүүхэд гомдол гаргасан таван хүний нэг юм.
Үүний зэрэгцээ тухайн цаг үед Японы засгийн газар нь солонгосчуудыг харь хүмүүс гэж үздэг байсан тул Хойд Солонгосын тархаан суурьшуулах хөтөлбөрийг дэмжин хүлээн авчээ. Улмаар олон мянган хүнийг Хойд Солонгос руу явахад нь Японы засгийн газраас тусалсан байв. Тэр цаг үед Японд амьдарч байсан 93 мянга орчим солонгос иргэд, тэдний гэр бүлийнхэн Хойд Солонгос руу явжээ. Гэхдээ өдгөө ч хагас сая орчим солонгос гаралтай иргэд Японд амьдардаг бөгөөд тэд сургууль, ажил болон өдөр тутмын амьдралдаа үргэлж ялгаварлан гадуурхалтай нүүр тулдаг аж.
Хойд Солонгосын энэхүү хөтөлбөр нь 1950-1953 оны хооронд өрнөсөн Солонгосын хойгийн дайнд амь үрэгдсэн ажиллах хүчний нөөцийг нөхөх оролдлого байв. Дайны уршгаар БНСУ-ын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хүн, нийтдээ 2.5 сая гаруй солонгос хүн амь үрэгдсэн гэж үздэг. Мөн хоёр улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн 80 гаруй хувь нь бүрэн устаж, орон сууцны нөөцийн 50 хувь, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бүрэн сүйдсэн байв.
Дээрх таван иргэн Хойд Солонгосоос зугтан, Японд буцаж ирснийхээ дараа анх 2018 онд Токио хотын дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна. Тэдний дөрөв нь солонгос гаралтай бол нэг нь солонгос нөхөр, охиноо даган БНАСАУ-д очсон япон эмэгтэй аж. Кавасаки хэлэхдээ “Хойд Солонгосын талаар үнэнийг мэдэж байсан бол бидний хэн нь ч тэнд очихгүй байсан” гэжээ. Тэрбээр Хойд Солонгост 43 жил “гацсан”-ы эцэст 2003 онд том болсон хүүхдүүдээ орхин эх орондоо зугтан ирсэн аж. Гомдол гаргасан таван хүн тус бүр 100 сая иений нөхөн төлбөрийг Хойд Солонгосын засгийн газраас нэхэмжилж байгаа аж.
Холбоотой мэдээ