Хятадын хот газар амьдардаг залуу эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь гэр бүлийн амьдрал төлөвлөдөггүй болохыг харуулсан судалгааны дүн гарчээ. “Хятадын Коммунист залуучуудын холбооноос явуулсан уг судалгаанд 18-26 насны, хот газрын, ганц бие 2905 залуу хамрагдсан байна.
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 44 хувь, эрэгтэйчүүдийн 25 хувь гэрлэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн нь судалгааны анхаарал татахуйц дүн байв. Хятадын шинэ залуу үе гэрлэхийг хүсэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа судалгаанд хамрагдагсдын 34.5 хувь нь "Гэрлэх цаг зав байхгүй” гэсэн бол 60.8 хувь нь "Зөв хүнээ олоход хэцүү" гэж хариулжээ.
Үлдсэн хэсэг нь гэр бүлийн амьдралд тулгарах санхүүгийн бэрхшээл, хүүхэд өсгөхөд учрах эдийн засгийн дарамт зэргийг гэрлэлтээс зайлсхийх шалтгаан болсон гэж тайлбарлажээ. Мөн судалгаанд хамрагдагсдын гуравны нэг нь гэрлэлтэд итгэдэггүй бөгөөд хэзээ ч хайр сэтгэлтэй учирч байгаагүй гэсэн нь хотын залуусын амьдрал хэчнээн хатуу ширүүн болохыг харуулсан байна.
Энэ судалгааны үр дүн төрөлтийг нэмэгдүүлэх шинэ бодлого хэрэгжүүлж буй Хятадын эрх баригчдын хувьд тун таагүй мэдээ юм. Гэрлэлт салалтыг бууруулах төрийн бодлогын дагуу салахаар өргөдөл гаргасан хосуудад “дахин бодох нэг сарын хугацаа” өгдөг болсон нь тодорхой үр дүнд хүрч, 2021 оны эхний улиралд салалтын түвшин 70 хувиар буурсан юм.
Мөн өнгөрсөн тавдугаар сард Хятад улс гурван хүүхдийн шинэ бодлого хэрэгжүүлж, хоёр хүүхдийн бодлогыг цуцалсан. Энэ нь Хятад улс хүн амын бодлогодоо сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн хоёр дахь том өөрчлөлт байв. Тодруулбал, БНХАУ-ын засгийн газар 1979 онд хүн амынхаа өсөлтийг бууруулах зорилгоор баталсан нэг хүүхдийн бодлогыг 2016 онд цуцалсан билээ.
Хятадад 10 жил тутам явуулдаг хүн амын тооллогоор хүн амын жилийн дундаж өсөлт 2000-2010 оны хооронд 0.57 хувь байсан. Харин 2010-2020 оны хооронд 0.53 хувь болж буурсан нь эрх баригчдийг шийдвэрээ ийн эргэн харахад хүргэжээ. Гэсэн хэдий ч Хятадад гурван хүүхдийн бодлого үр дүнд хүрэх магадлал тун бага байгааг дээрх судалгааны дүн харуулав.
Тодруулбал, хүүхэд өсгөх зардал болон "9-9-6" хэмээх амьдралын хэв маяг нь Хятадын орчин үеийн залуусыг гурван хүүхэдтэй болохыг төлөвлөх нь бүү хэл гэр бүлийн амьдралаас татгалзахад хүргэж байгааг гэрчиллээ. Дашрамд, "9-9-6" гэдэг нь долоо хоногийн зургаан өдөр, өглөөний 9:00 цагаас оройны 21:00 цаг хүртэл ажилладаг амьдралын хэв маягыг хэлдэг.
Эх сурвалж: Insider
Холбоотой мэдээ