УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуультай холбогдуулан Ардчилсан намаас өнөөдөр /2021.10.14/мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дэд дарга Д.ГАНБАЯР:
-Монгол Улс бол ардчилсан улс. Ардчилсан намын зүгээс УИХ-ын 18, 28 дугаар тойрогт хоёр нэр дэвшигчтэй холбоотой санал хураалтыг зохион байгуулсан сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа автомат тоног төхөөрөмж, программ, хангамж, мэдээллийн бааз ашигласан зэрэг нь зөрчилтэй байна гэж үзсэн. Тийм учраас аравдугаар сарын 12-нд цахим санал тооллогын программ хангамж, системийн үйл ажиллагаанд шалгалт оруулах хүсэлтээ холбогдох байгууллагад өгсөн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох гэрээнүүдийг шаардсан.
МАН үгсэн тохирч, төрийн эрхийг хууль бусаар авах үйлдлийг хийж байна. Сонгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж хардаж байна. Өнөөдөр ард түмэнд сонгох, сонгогдох эрх нь бий. Сонгуулийн ерөнхий хороо төвийг сахин ажиллаж чадаж байна уу. Хэрвээ аль нэг нам таны саналыг худалдаж авсан бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу та мэдээлэл өгөх эрхтэй. Ингэснээр та өөрийн авсан мөнгөнөөсөө 10 дахин их мөнгийг холбогдох этгээдээс шүүхийн байгууллагаар дамжуулж авна гэж заасан. Ардчилсан намд энэ талаарх мэдээллийг нотлох баримтын хамт өгсөн сонгогчийг 10 сая төгрөгөөр шагнана. Төрийн сонгууль шударга болох ёстой. Энэ зарчим эрх баригчдын увайгүй үйлдлээс болж, шударга болохгүй байна.
Ардчилсан намын гишүүн Ч.ОТГОЧУЛУУ:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ирэх оны улсын төсвийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнд дүгнэлт хийхэд, энэ төсөв бол дарамтыг нэмэгдүүлж байна. Төсвийн орлогыг даруй 31.2 хувиар нэмж байна. Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг нэмэхгүй гэсэн тохиолдолд татвар төлөгчдийн ачааг 30 хувь өсгөж байна. Пиарыг бөмбөгдөхөөр Соёлын сайдад хамгийн өндөр төсөв суулгасан. Үүний цаана хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилт нуугдаж байх магадлалтай. Мөн социализмыг магтан дуулсан уран сайхны кино, танилцуулгын санхүүжилт явж байх вий. Ирэх оны төсөв судалгаагүй төсөв болсон байна. Эрх баригчид эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгоогүй байна. Хил гааль, боомтод нөхцөл байдал хүндэрсэн байхад энэ чиглэлд төсөвлөсөн ажил бага байна. Дарханы замыг бүтээн байгуулалтыг яах нь толорхойгүй байна.
Холбоотой мэдээ