Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс "Бүрэн монгол гэр" төслөө монгол орны 21 аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Тэрбээр төслийнхөө хүрээнд амьдралын төлөө зорилго тэмүүлэлтэй залуу гэр бүлийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор иж бүрэн тавилгатай монгол гэр өгч, тухайн хосын хурим найрыг хийж өгөх гэнэ. Төслийн хүрээнд аймгуудын Засаг дарга болон бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах юм байна.
Тусгайлан зориулсан монгол гэрийг "Хар цахиур" компани захиалгын дагуу хийж, 21 ширхэг зургаан ханатай гэрийг үйлдвэрлэж байгаа аж.
Төслийн хүрээнд өнгөрсөн онд Увс, Хэнтий аймгийн залуу гэр бүлд тус бүр нэг гэр өгчээ. Энэ талаар улсын аварга П.Бүрэнтөгс дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Би хэсэг нөхдийнхөө хамт санаачлан хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулах болсондоо таатай байна. Монголчууд эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэж байсан хүчтэй ард түмэн билээ. Спорт бол эв найрамдлын бэлэг тэмдэг байдаг. Гэвч үндэсний бөх маань сүүлийн үед талцал хагарлын ангал болоод байгааг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Иймд бид “Бүрэн монгол гэр” төслийг эв нэгдэл, үндэсний өв соёл, ёс заншлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлээд байна. Манай төсөл 2022 ондоо хэрэгжинэ. Энэ төсөл 21 аймгаас нэг нэг залуу гэр бүлийг сонгож гэр болон бусад шаардлагатай эд зүйлсээр хангаж ажиллахад оршиж байгаа. Тухайлбал, амьдралын төвшин доогуур ч хөдөлмөрч хичээнгүй залуусыг сонгон авах юм. Ингэсээр бид нийгэмд эерэг уур амьсгал, эв нэгдлийг бүрдүүлэх нь үр дүн гэж харж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллаж байгаа 14 хүн бий” гэв.
“БҮРЭН МОНГОЛ ГЭР” ТӨСЛИЙН БАГИЙН ГИШҮҮН Н.АЛГИРМАА:
-Манай төсөл гэр өгөхөөс гадна тухайн аймгийн засаг захиргааны байгууллагатай хамтарч ажлын байранд зуучлах, жижиг дунд бизнес эрхэлж байгаа ч төсөл хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй хүмүүс байдаг. Тэрхүү хүмүүсийг сургалтад хамруулж, чадваржуулах, хөгжүүлэх тал дээр анхаарч санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, өргөжүүлэх тал дээр ажиллана. Бид сая Ховд аймагт “Тарвас”-ны баяр зохион байгуулсан. Үүний жишгээр 21 аймагтаа идээ, цагааны баярыг зохион байгуулах ажлуудыг хийнэ” гэлээ.
Х.Доржпалам
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ