ЧУУЛГАН: Түгжрэлд зарцуулах хайран мөнгө, яайран болоод л дуусах вий

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: Түгжрэлд зарцуулах хайран мөнгө, яайран болоод л дуусах вий

ЧУУЛГАН: Түгжрэлд зарцуулах хайран мөнгө, яайран  болоод л дуусах вий

УИХ-ын чуулган өнөөдөр /2021.10.14/ 10.00 цагт хуралдана. Чуулганаар Монгол Улсын 2022 оны  төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 


 

 

17 : 38
2021-10-14

УИХ: Түгжрэлд зарцуулах хайран мөнгө, яайран болоод л дуусах вий

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад 420-470 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах вэ. Жилд 50-70 мянган машин импортоор орж ирдэг байхад авто зам тэлж, давхар гүүр барьж, автобус нэмэх шийдвэр нь үр дүнтэй шийдэл мөн үү. Хайран мөнгө, яайран болоод л дуусах вий. Яг л утаатай адилхан. Утааг арилгахын тулд өчнөөн тэрбум, их наядаар нь зарцуулсан мөртлөө түүхий нүүрсийг хориглож байж утааны цаана гарсан шүү дээ.  Түгжрэл дээр зоригтой арга хэмжээ авах хэрэгтэй болов уу.Тухайлбал, олон улсад авто машины дугаарын хязгаарлалт хийхэд 2-3 жилийн дараа машины тоо ахиад  40-50 хувиар нэмэгддэг. Учир нь өнөөдөр 20 сая төгрөгийн машинтай хүн хоёр жилийн дараа 5-6 сая төгрөгөөр  хоёр дахь  машинаа худалдаж аваад  дугаарын хязгаарлалттай үедээ тэр машинаа унаад явчихдаг. Ингээд машины тоо нэмэгддэг.  

Сангийн сайд Б.Жавхлан:

Ирэх дөрвөн жилийн томоохон зорилгын нэг нь түгжрэл. Энэ жил нийслэлээс 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол түгжрэлтэйгээ тэмцээрэй гээд Засгийн газраас нийслэлийн үйл ажиллагааг дэмжиж суурь зардал дээр нь үлдээж байгаа. Үүн дээр маш хатуу чиглэлийг Засгийн газраас өгч байгаа. Түгжрэлд зарцуулах  мөнгийг сургууль, цэцэрлэг байшин барилга болгож болохгүй шүү. Бусад нийгмийн чиглэлийн барилга байгууламжийн төсвийг улсын нэгдсэн төсвөөс болон нийслэлийн бусад зардалаас гаргана гэх байр суурийг баримталж байгаа. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар энэ төлөвлөгөөг улаанбаатар хотоос Засгийн газарт танилцуулсан. Дараа долоо хоногоос дахин шинэчилж боловсруулж сайжруулна. Улсын төсөв батлагдсан цагаас хойш арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэл өөрийн гэсэн төсвөө батлах ёстой. Тэр үед энэ төлөвлөгөө улам тодорхой болно.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн:

2022 оны улсын төсвийг боловсруулахдаа Засгийн газар төсвийн орлогыг дайчлах, зардлыг хэмнэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох чиглэлд анхаарч төлөвлөсөн.Цар тахлын энэ хүнд цаг үед эдийн засгийг таван хувьд өсгөнө гэж тооцжээ. 2022 оноос эхлэн “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль” болон дагалдах хуулиуд нь хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр орон нутгийн орлого хэд дахин нэмэгдэх вэ? Үүнээс гадна  Засгийн газар 2022 онд зэс хайлуулах үйлдвэр,  төмрийн үйлдвэрийг байгуулах чиглэлд ямар зорилт тавьж байна вэ?  Хувийн хэвшилтэй ямар тохиролцоо хийж байгаа юм. 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр барилга барьсан компаниуд төсөвт өртөг нэмэгдсэн. Ойролцоогоор 45-50 хувь нэмэгдсэн. Үнийн өөрчлөлт нь улсын төсөвт тусгагдсан уу.

Сангийн сайд Б.Жавхлан:

-40 хувь нь орон нутагт үлдсэнээр улсын төсөв 588.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Улаанбаатар хот 240 тэрбум төгрөгөөр суурин орлого нэмэгдэнэ. Өмнөговь аймаг 197.6 тэрбум, Орхон 68.2 тэрбум, Сэлэнгэ 19.2 тэрбум, Дорнод 14.9 тэрбум, Хэнтий 8.4 тэрбум төгрөгөөр тус, тус нэмэгдэж байна. Энэ татварын бодлогын үр дүнд нийт төвлөрлийг сааруулж орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогын хөшүүрэг болно.
Энэ онд барилгын материалын үнэ өссөн. Үүний улмаас улсын төсөвт дарамт ирсэн. Гэвч бид Төсвийн хуулиа барина. Барилгын хөгжлийн төвийн магадлалаар 100 орчим төслийн өртөг өссөнийг ирэх оны төсөвт суулгасан.           

УУХҮ-ийн сайд Г.Ендон: 

Салбар яамнаас олборлосноо боловсруулан, хуваарилдаг болох зорилт тавин ажиллаж байна.  Зэсийн баяжмалыг Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк барих ажлын хүрээнд, нүүрс угаах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд гангийн үйлдвэр тус, тус байгуулна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр гангийн үйлдвэрийн шинэчилсэн ТЭЗҮ батлагдсан. Үүний зэрэгцээ Дорноговь аймгийн Алтанширээ суманд гангийн үйлдвэрийн суурь тавигдсан байгаа. 

Мөн катодын зэсийн баяжмалын үйлдвэрийн ажил ирэх онд эхэлнэ.     
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн тухайд Эрдэнэтийн үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлийг Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн тавдугаар сард олгосон. Үйлдвэр технологийн паркийн хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, катодын зэсийн үйлдвэр баригдана.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нь 99.99 хувийн агуулгатай 120 мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ. Исэлдсэн хүдрээс уусган баяжуулах технологиор 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх боломжтой. 2022 онд аль алийнх нь ажил эхлэх ёстой.ОПЕК олборлолтоо нэмбэл шатахууны үнэ өснө. Сар бүр олборлолтын хэмжээгээ нэмнэ гэсэн шийдвэр гарсан. Дэлхийн том 15 банкны таамаглалаар шатахууны үнэ өсөх шинжтэй байна. Гэхдээ арваннэгдүгээр сард болох ОПЕК-ийн уулзалтаас их зүйл хамаарна. Хомсдол үнэ өсөхөөс ч илүү өндөр эрсдэлтэй. Цаашид төр үнэд оролцохгүй. АИ-92-ийн үнийг барьсаар ирсэн нь импортлогч ААН-үүдээ татаж унагах эрсдэлтэй. Үнэ чөлөөлөх алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.    

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: 

-Энэ онд барилгын материал ихээхэн өслөө. Барилгын хөгжлийн төв 360 обьектод хяналт тавихад төсөвт өртөг нь 200 орчим тэрбум төгрөгөөр өсжээ. Улсын хэмжээнд 1100 барилга барьж байна. Сургууль цэцэрлэг барьж буй хувийн хэвшлийнхэн их хүнд байгаа тул зарим нь царцах эрсдэлтэй.    

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

 "Оюу толгой" ордын 12 тэрбум ам.долларын өр бий. Үүнийг Засгийн газрын өрөнд оруулж тооцсон уу? УИХ-аас "Оюу толгой"-той холбоотой зургаан ажлыг сайжруулах үүрэг өгөөд хоёр жил боллоо. Энэ чиглэлд ямар ажил хийсэн бэ? УИХ-ын тогтоол яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ? Дубайн гэрээ хууль бус гэдгийг шүүхээс гаргасан шүү дээ. Гэрээтэй холбоотой авлигын хэрэг ч ил болж, зарим нь ялаа эдэллээ. Шатахуунаа өндөр үнээр авсан, катерингийн үйлчилгээг зах зээлээс өндөр үнээр авсан нь ил болсон. Энэ төсвийн маш асуудал мөн. Ц.Нямдорж дарга энэ асуудлаас хойш суух ёсгүй. Л.Оюун-Эрдэнэ сайд ЗГХЭГ-ын дарга байхдаа энэ асуудалд оролцсон. Та нар нэг л хариултаа өгдөг. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан атлаа сонгууль болоход хоёр  жил үлдлээ.              

ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж: Х.Нямбаатар сайд энэ асуултад хариулна. Хэлэлцээ үргэлжилж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

2019 онд УИХ-ын 92-р тогтоол гарсан. Би өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ажлын хэсгийг ахалж байна. Өнгөрсөн долдугаар сард хөндлөнгийн шинжээчид зардлын хэтрэлттэй холбоотойгоор дүгнэлтээ гаргасан. Рио Тинто энэ талаар хариу тайлбар ирүүлээгүй. Харин Ерөнхий сайдад захидал илгээн, уучлал хүссэн. Ирэх сарын эхэнд 6,7-ны өдрүүдэд Эрчим хүчний гэрээг байгуулах тохиролцоонд хүрсэн. Би Б.Болд захиралд захиа явуулсан, хэлэлцээ удаан байгаа тул хоёр талаас санаачилгатай ажиллах тухай дурдсан. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Засгийн газрын өр найман тэрбум, Монгол Улсын нийт өр 32 тэрбум ам.доллар. "Оюу толгой"-н өрийг Засгийн газар шууд хариуцдаггүй тул найман тэрбум ам.доллар байна. Засгийн гарын өр хойшилсон тохиолдол байхгүй. Бид нэмэлт өр авахгүй байхад анхаарч байна.              

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Энэ засгийн газар "Оюу толгой" чиглэлд их сайн ажиллаж байна. Ганц авах юм нь энэ.  Бид өөрсдөө балчирдаж байгаа тул олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнд ямар зардал гаргаж байна вэ? Бид 400 сая ам.долларын баялгаа алдчихсан. 

Сангийн сайд Б.Жавхлан:

120 мянган ажлын байрыг хадгалж чадсан. Ажилгүйдэл өсөөгүй. 2.4 их наяд төгрөгийн алдагдал хаашаа шингэх вэ гэхээр хөрөнгө оруулалтад, дэд бүтцийн төслүүдэд орно. Үйл ажиллагааны урсгал зардал 2 хувиар л өссөн. Ирэх онд цар тахал хэрхэхийг бид мэдэхгүй тул хүүхдийн мөнгийг ирэх оны хагас жилд өгнө. Энэ нь өрхийн орлогыг дэмжих бодлого юм. Ирэх онд татварын хувийг нэмэхгүй. Харин татварын суурь бааз өргөжин, хэмжээ нэмэгдэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-"Оюу толгой"-н ажлын хэсэг амаргүй нөхцөлд ажиллаж байна. Үр дүн гарсан. ТЭЗҮ-д алдаа гарсныг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрсөн. Иймд Засгийн газар өр төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Гаднын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Зарим асуудлыг УИХ-тай зөвшилцөх шаардлага бий. УИХ-д хаалттай байдлаар мэдээлэл өгөхөд бэлэн байна. Аль болох ойрын хугацаанд байвал сайн. Бүх асуудлыг нээлттэй ярьж болохгүй. Улс төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Жишээ нь Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал байна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магад. Үүнд хөтлөгдөх үү? Бид нэгдмэл байж чадах уу? "Оюу толгой"-той мөн адил. Роснефть, "Эрчис ойл"-ын хамтарсан компани байгуулагдахад манай зарим улс төрчид таалагдаагүй.

"Таван Толгой"-д чингэлэг тээвэр рүү шилжихээс өөр аргагүй болсон. Гэтэл чингэлгээр бус ил тээвэрлэдэг хэсгийн ашиг сонирхлыг хөндөнө. Гэтэл БНХАУ ийм стандарт нэвтрүүлэхийг шаардаж байна. Иймд давс мэт шорвог шийдвэр гаргахаас өөр аргагүй. 

Богд хан төмөр замыг тавьснаар хотын түгжрэлийг шийднэ. Түгжрэлийн ажлууд бүх хүнд таалагдахгүй байж болно.  Та бүхэн язгуур эрх ашгийн төлөө хамт байх ёстой. Вакцин бол эмзэг сэдэв. Өөрсдийнхөө дотоодын иргэдийг дархлаажуулаагүй хэрнээ бидэнд вакцин нийлүүлсэн улсууд бий.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Арван аймагт дулааны станц барих ажлыг гурав дахь удаа зарлалаа. Гурван багц болгосон. Технологийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, ажлыг хассан. Хоёр компани тендэрт орсон. Үнэлгээний хорооны саналаа банканд хүргэн, хүлээж байна. Төв, Дундговь аймгийн багц хүчингүй болсон. Цахилгаан, дулааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага бий. Учир нь эх үүсвэрийн дутагдалд орсон.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-2024 оноос өмнө Дархан, Ховдын аж үйлдвэрийн паркийг барьж дуусгана. Дарханд хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр дэд бүтэц хийсэн ч төр худалдаж авна. Тэд цаашид авч явахад хүндрэлтэй гэсэн. Дарханы арьс ширний үйлдвэрийг байгуулахын тулд манай яамны удирдлагууд Италид ажиллаад ирсэн. Италийн Экзим банкны охин компанитай хамтран төслийг хэрэгжүүлнэ. Тэдэнд 33 хувийг эзэмшүүлнэ.

БОАЖ-ын сайд Ц.Уртнасан:

-Говь руу ус татах төслийг 7-8 жилийн өмнө эхлүүлсэн ч хоёр ТЭЗҮ хоёр жилийн өмнө бэлэн болсон. Олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авч чадаагүй. Учир нь төслийн нэгжийг байгуулаагүй. "Хөх морь" төсөл эхэлсэн. Унгарын талтай ярьсан. Усны агентлаг байгуулаад 1.5жил боллоо. 1.5 их наяд төгрөгийг зарцуулах том төсөл тул салбар дундын зохицуулалт их хэрэгтэй болно. Ирэх онд төслийн нэгж байгуулан, эхний хоёр ТЭЗҮ-гээ үхүүлэхгүйн тулд ажиллаж байна. Хөрөнгө оруулалт хайж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Бид өнгөрсөн жилүүдэд боловсролын хүртээмждээ түлхүү анхаарч, багш нарын нийгмийн асуудлыг орхисон. Манай салбар суурь болон хувьсах зардлаар санхүүждэг. Хувьсах зардлыг өөрчилнө. Багш нарын суурь цалин их бага байна. Үүнийг нэмнэ. Өмнө нь багш нар орлого, үр дүнгийн урамшуулал авч байв. Үүнийг үргэлжлүүлэн олгоно. Мөн гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгоно. Энэ нь ирэх оны төсвийн шинэчлэлийн нэг хэсэг. Багш нар жилд 200-300 мянган төгрөгийг интернет, цаас гэх мэтэд өөрөөсөө мөнгө гаргаж байна.

Эрүүл мэндийн сайд Л.Энхболд:

-ЭМД-д улсын төсвөөс 360 тэрбум төгрөг олгоно. Сүүлийн 6 сард эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүжлээ. Сайн, саар талууд гарлаа. Үүнийг засахын тулд мэдээллийг цахимжуулна. Эмнэлгүүд өөр хоорондоо мэдээллээ солилцож чадахгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг ирэх онд 20 хувиар өсгөх боломжтой. Санал хураалт явуулж, хуралдааны цагийг сунгалаа.

15 : 16
2021-10-14

Л.Оюун-Эрдэнэ: 2022 онд үүр хаяарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Хуулийн төслүүдийн талаарх илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Баатарбилэг: Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлсний асуудал суусан уу? Төрийн өмчийн компаниудын асуудлыг яаж тусгаж оруулж ирэв? Зарим төрийн өмчит компаниуд улсын төсөвт орлогоо төвлөрүүлээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартаа харъяалагдаад явдаг. Сүүлийн үед Эрдэнэс Тавантолгой хороолол барина гээд гарын үсэг зуруулаад явна.

Монгол Улсын хүндэт иргэд ээ!
Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Засгийн газар Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2022 оны улсын төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барилаа.

Дэвшүүлсэн зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлж, цар тахлын эрсдлээс гарахын тулд одоогоос найман сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулганы индрээс үг хэлэхдээ Цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, Эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлж, авилгын индексийг бууруулах гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлж байсныг та бүхэн тодхон санаж байгаа биз ээ.
Өнөөдөр миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш хоёрдахь удаа Улсын Их Хурлын чуулганы танхимд үг хэлэхдээ найман сарын өмнө дэвшүүлсэн зорилтынхоо үр дүнг эргэн товч дүгнэх нь зүйтэй гэж бодож байна.
Хүн төрөлхтөнд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш учирсан хамгийн хүнд аюул зовлон болох Ковид-19 цар тахлыг та бид хамтдаа даван туулж байна.
Цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй ээ.

Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёрдахь хүнд үе байлаа.
Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна.

Харин манай улс энэ оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна.

Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас бодит эрсдэлд орох байлаа.
Вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулахад шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье.
Дархлаажуулалтын үр нөлөөгөөр эдийн засгаа алхам алхмаар сэргээж, хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлж, хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье…

Дэлхий нийтэд цар тахлаас улбаалсан тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол, хямралт байдал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Мөн цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын судлаачид өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой.

Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Миний бие Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийн 3 онцлогийг товч тоймлон хэлье.

Нэгдүгээрт, 2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм

Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно.
Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна, Боловсруулах аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Эрчим хүч, Аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд энэ жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно.

Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.
Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ.

Тавантолгой Гашуунсухайтын замыг 2022 онд багтаж ашиглалтад оруулж, хил холболтын цэгийг эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтаан эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон Зүүн болон Баруун босоо чиглэлийн төмөрзамын техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төсөл нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой.

Хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн автозамуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөгийг тусгалаа. Зам дагаж хөгжил ирдэг гэж Монголчууд ярьдаг. Тэр дундаа хилийн боомтуудыг холбож дуусгах нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой билээ.

Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ. Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бодлого цаашид амжилттай хэрэгжвэл олон жил шүүмжлэгдсэн төрийн данхар бүтцээс гүйцэтгэлд суурилсан цомхон чадварлаг болох суурь эхлэл тавигдана.

Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачааллаас үүрэлцэж байгаа боловч ихэнх компаниуд нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.

Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. 2022 оны улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно.

Халдварт цар тахлын цаг үед төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг харуулсан билээ. Ирэх онд ч төр өөрийн зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгалаа.

Хоёрдугаарт, 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.

Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.

Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс л бид халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм. Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.

Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих болно.

Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгаад байна.

Эрүүл мэнд, Боловсролын салбар бол хангалуун дундаж давхаргыг бүрдүүлэх хамгийн чухал салбар бөгөөд уг салбаруудын тогтолцооны шинэчлэлийг хийхэд энэ жилийн төсөв чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллана. Төрийн бүх албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний системд мод тарих болон хог хаягдлыг шийдвэрлэх асуудлыг шинээр тусгасан болно.

Гуравдугаарт, 2022 оны төсвийн бас нэгэн онцлог бол нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл юм.

Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг зөвхөн Нийслэлийн Засаг даргад даатган орхихгүй ээ! хэмээн чуулганы танхимд хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Монгол Улсын Засгийн газар Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдвэрлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд өөрөө ахлан Нийслэл Улаанбаатар хотын удирдлагыг бүх талаар дэмжин ажиллаж байна.

Улсын Их Хурлаас Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг баталж, Засгийн газраас нийслэл хотын төвлөрлийг сааруулах, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, ухаалаг, иргэдэд ээлтэй хот болгох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Ирэх 2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээлээ.

Мөн Богдхаан уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслэлийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхлэх болно.

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой билээ. Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудал ирэх онд шийдвэрлэгдэх болно.

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Та бүхэн мэргэн ухаанаар хэлэлцэж, 2022 оны улсын төсвийг баталж өгөхийг хүсье.
Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн минь буурал түүх нотолдог билээ.

Хоосон улс төржилтийг хойш нь тавин, цар тахлыг даван туулж, дэвшүүлэн тавьсан хөгжлийн зорилтуудаа бодитоор хэрэгжүүлэх, амьдралын чанарын болон бусад хөгжлийн үзүүлэлтүүдээр бүс нутагтаа тэргүүлэх том зорилгын төлөө хамтран ажиллахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар цар тахлын мутацилагдсан хувилбарт вакцины нөлөө өдрөөс өдөрт багасах эрсдэлтэй байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт 3-р тун ус агаар мэт хэрэгтэй билээ.
Иргэд Та бүхэн нэмэлт гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-2022 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг Ерөнхий сайд маш тодорхой танилцууллаа. 2022 он бол Монгол Улс төдийгүй олон улсад сорил шаардсан жил болно гэж олон улсын шинжээчид үзэж байгаа. Ирэх оны төсөвт эрүүл мэндийн салбарын ажилтан, алба хаагчдын цалин хөлсний асуудал хэрхэн сууж байгаа вэ. Эрүүл мэндийн салбарынхандаа онцгой анхаарахгүй бол болохгүй. Зарим төрийн өмчит компаниуд улсын төсөвт орлогоо төвлөрүүлээд шийдвэрээ гаргаад явж байна. Үлдсэн хэд нь орлого, зарлага нь яаж байгаа нь мэдэгдэхгүй. Бүр болохоо байхаар төр засаг руу буруугаа чихдэг. Ашигтай ажиллаж байгаа бол ашгаа юунд зарцуулаад байгаа юм. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийслэлд орон сууцны хороолол барина гээд иргэдээс гарын үсэг цуглуулаад явж байгаа зураг сошиалд харагдана лээ. Тус компани тийм их мөнгөтэй байгаа хэрэг үү. Төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-2021 онд эрүүл мэндийн салбарт  төсвийн шинэчлэлийн цоо шинэ бүтэц хэрэгжсэн. 2022 онд энэ нь үргэлжилнэ. Энэ хүрээнд ирэх оны төсөвт эрүүл мэндийн салбарын үйлчилгээний зардлыг 376 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.  Энэ мөнгө эрүүл мэндийн даатгалын сангаар дамжин  эмнэлгүүдэд хуваарилагдана. Өөр хаашаа ч орохгүй. Эмнэлгүүд нэгэн үеэ бодвол бие даасан учраас тухайн эмнэлгийн удирдлагуудын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнууддаа цалинг гүйцэтгэлээр нь нэмэх бүрэн боломжтой болсон. Мөн энэ хууль зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс Төрийн албаны тухай хуульд эмнэлгийн ажилтны цалинг хатуу тогтоосон заалтыг нь доод цалин болгож өөрчлөлт оруулахаар төсөв дагасан хуулиудын нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Ингэснээр эмнэлгийн байгууллагуудын цалинг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа. Мөн төсвийн шинэчлэлийн хүрээнд орлого талдаа томоохон зорилтуудыг тавьж байна. Үүний томоохон салбар нь төрийн өмчийн үйлдвэрийн газрууд. Төрийн өмч бодлого зохицуулалтын газрын бүрэн хяналтад байдаг 108 байгууллага бий.

Үүнээс гадна орон нутгийн болон хамтарсан гээд тооцвол нийтдээ бараг 500 гаруй төрийн өмчийн жижиг том газрууд байна. Эдгээрээс харамсалтай нь жил бүрт төсөвт төвлөрүүлдэг өгөөж нь энэ жил гэхэд 180 тэрбум төгрөг байсан. Нийт эргэлтийн хөрөнгө нь баланс дүнгээрээ бараг 35 их наяд давсан.Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газруудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Улсад хэрэгтэй, стратегийн өндөр ач холбогдолтой,мөн нэмэлт хувьцаа бирж дээр гаргаж олон нийтийн хяналтад өгөх, засаглалыг нь сайжруулах үр өгөөжийг нь дээшлүүлэх аж ахуйн нэгжүүд. Гуравдугаарт  төр авч явах шаардлаггүй эдийн засаг нийгмийн ач холбогдолгүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах замаар бүтцийн өөрчлөлт хийнэ. Эдгээрийн үр дүнд 2022 онд улсын төсөвт 250 тэрбум төгрөг нэмэгдэж нийтдээ 430 тэрбум төгрөг төвлөрнө.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Азийн хөгжлийн банк, Үндэсний статистикийн газрын  өрхийн орлогын талаар хийсэн хамтарсан судалгаанаас харахад цар тахлын нөхцөл байдлаас болж иргэдийн амьдралын тэгш бус байдал нэмэгдсэн байна. Орлого 20 хувиар буурсан нь инфляцитай холбоотой. Шатахууны үнэ, хил дээрх ачаа барааны гацалт барааны үнэд маш их нөлөөлж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн байна. Тиймээс 2022 оны төсөв дээр ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өрхийн орлого буурсан гэх судалгааг М.Оюунчимэг гишүүн хаанаас харсныг би мэдэхгүй байна. Өрхийн орлого харин ч хамгаалагдсан шүү дээ. Бидэнд байгаа  статистикаар 2019 онд өрхийн орлого 1 сая 340 мянга байж. Энэ жилийн хоёрдугаар улирлын байдлаар 1 сая 543 мянга болжээ.Үүн дотроо 2019 онд тэтгэвэр тэтгэмж нь 226 мянга байсан бол одоо 462 мянган төгрөг болсон. Тэгэхээр өрхийн орлого лав буураагүй. Энэ нь Covid-19-ийн үед авч хэрэгжүүлсэн төсвийн арга хэмжээнүүдтэй холбоотой. 2020 онд 2.7 их наяд, энэ жил 3.8 их наяд төгрөгийн төсвийн арга хэмжээнд зарцуулсан. Эрүүл мэндийн салбарт цалингийн доод хэмжээг зааснаар гүйцэтгэлд суурилсан санхүүжилт илүү үр дүнгээ өгнө. Өөрөөр хэлбэл, цалингийн доод хэмжээг хамгаалж байна гэсэн үг. Гүйцэтгэл хэчнээн хэмжээгээр сайн гарна нэмэгдэл өсөөд явна. Цалингийн хорогдол болж өмнө нь авч байсан цалингаасаа бага цалин авах эрсдэлээс бүрэн хамгаална.

 

12 : 47
2021-10-14

Шүүхийн байгууллага улс төрд нөлөө бүхий этгээдийн дарамт шахалтад орж, авлигын сүлжээг бий болгож байна

УИХ Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд нийт гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. Тодруулбал, санал хураалтад 54 гишүүн оролцож 40 гишүүн дэмжсэн юм.

Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 60 хувийн саналаар үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Өөрөөр хэлбэл, 50 гишүүнээс 30 нь уг хуулийн төслийг дэмжив.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулахад цоо шинээр оруулж ирсэн өөрчлөлт бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шинэчилсэн хуулийн чухамхүү нэг гол үзэл баримтлал нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан.

Гэтэл 2019 онд анхан шатны шүүх 26897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ. Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ тийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө буюу шүүхийн шатанд тухайн шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж орсон прокурорын “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” тайлбаргүй саналыг үндэслэж хэргийг прокурорт буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийн агуулга, эрүүгийн эрх зүйн суурь болсон гэм буруугийн зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгч, прокурорт авилга өгөх, шүүхээс хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах эрх хэмжээнээс үүдэн шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр дахин хэлэлцүүлэхэд хүргэж байгаа нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж байна.  Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн процесс хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл.

Шүүхийн практикт шүүх, прокурорын байгууллага эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалтай хүмүүс, улс төрд нөлөө бүхий этгээдийн дарамт шахалтад орох, авлигын сүлжээ бий болгох, хэргийг сунжруулсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах үндсийг бий болгож байна гэж төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан. Нөгөө талаар мөрдөгч, прокурор нь нэгэнт шүүхээс буцаадаг заалт байгаа юм чинь гэсэн хайнга сэтгэхүйгээр дутуу шалгасан, хэргийн бодит байдал бүх талын нотлох баримтаар нотолж чадаагүй, “дутуу боосон” хэргийг шүүхээс чиглэл авчихья гэдэг байдлаар шүүхэд шилжүүлж, улмаар тодорхой чиглэл авч буцаалган тэр чиглэлийнхээ хүрээнд дахин ажиллагаа хийдэг хариуцлагагүй практик хөгжих үндэс болсон.

Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан "ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх", мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг эрхтэй. Харин шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсхүл шинээр ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах ерөнхий зохицуулалтыг хэрэглэж байгаа нь яллагдагч дээрх эрхээ бодитойгоор эдлэх боломжийг хязгаарлаж байгаа.

Иймд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тоггоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болох юм".

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, харулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой засч, сайжруулах олон асуудал бий. Хуулийн төслийн танилцуулга дээр улсын дээд  шүүх, прокурорын байгууллагааас ирүүлсэн  саналууд байна л даа. Тухайлбал, дээд шүүхээс “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилгод нийцэхгүй байна” гэжээ. Харин прокурор “Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байна” гэсэн байна. Шүүх, прокурорын байгууллагаас уг хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн саналууд өгчээ. Чуулганы хуралдаанд эдгээр байгууллагын төлөөллөөс оролцуулж гишүүд асуулт асууж, хариулт авах эрхээр хангах боломж байхгүй юу? 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ шийднэ. Байнгын хороон дээр энэ сэдвээр хэлэлцүүлэг биш мэтгэлцээн явуулах асуудал яригдсан. Талуудын үндэслэл бүхий илтгэл тавьж чөлөөт мэтгэлцээн явуулах бүрэн боломжтой. Монгол Улсын тухайд 1926-1936 он хүртэл шүүхээс буцаадаггүй хууль эрх зүйн тогтолцоотой байсан. 1992 онд Ардчилсан Үндсэн хууль батлагдаж 1994 оноос эхлээд шүүхээс буцаадаггүй болсон. Өөрөөр хэлбэл, шинэ үндсэн хуулийнхаа дагуу гэм буруугийн зарчмын дагуу буцаадаггүй явж байгаад 2002 оноос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дахиж буцаадаг болсон. Өнгөрсөн 30 жилийн хугацааны практик зөв байсан юм бол өнөөдөр яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдгийг  дүгнэн харах боломжтой. Улсын дээд шүүхийн тухайд энэ зарчмыг дэмждэггүй. 2017 оноос өнөөдрийг хүртэл ийм байр суурьтай байгаа. Прокурорын байгууллагын хувьд 2017 онд энэ өөрчлөлтийг оруулахад шүүхээс буцаадаггүй байх ёстой гэсэн байр суурьтай байсан.

Улсын дээд шүүхээс 2020 онд мөрдөн байцаалтад буцаасан 22 хэрэг бий. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд анхан болон давж заалдах, улсын дээд шүүхээс нийтдээ 267 хэргийг буцаасан хэрэг хэрэгсэхгүй болсон. 267 гэмгүй байсан хүнд ял оноосон уу, аль эсхүл гэмтэй хүний хэргийг буцааж байгаад ял завшуулчхав уу гэдэг асуулт гарч ирнэ. Хэргийг буцаах заалтыг ашиглаад хүнийг хэлмэгдүүлээд эсхүл хэрэгтэнд ял завшуулаад байна. Гуравдугаарт мөрдөн байцаалтад байгаа гэх шалтгаанаар барьцаалж удаан хугацаанд хүнийг шантаажлаад байна. Ийм байдлаар хуулийн мафи оршиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хуулийн төслийг дэмжихгүй байгаа хуулийн байгууллагынхан өнөөдөр энд сууж байвал зүгээр байна. Энэ их чухал хуулийн заалт. Угтаа бол төрийн ордонд сууж байгаа хүмүүсээс хэрэг мөрдөж, шалгаж, шийдэж үзсэн хүн байхгүй. Бид хууль тогтоох эрхээ хэрэгжүүлээд хуульд өөрчлөлт оруулахаасаа өмнө мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтийг заавал сонсох ёстой. Эрүүгийн хэргийн хуулийн хамгийн гол зарчим нь хэргийн бодит үнэнийг тогтоох. Мөрдөн байцаагч,прокурор, шүүх гурав энэ зарчмыг баримталдаг. Гэхдээ шүүх бол хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоодог. Энэ хууль хэрэгжээд явбал энэ зарчим эвдрэх магадлалтай. Учир нь шүүх асуудлыг шийдэхэд бодит байдал нь тогтоогдоогүй  гэсэн үг. Ийм тохиолдолд үнэнийг тогтоолгүйгээр шүүх нэг тийшээ шийдвэр гаргаж таарна. Үүнийг бид тал, талаас нь ярилцах хэрэгтэй. Захиалгаар ял үйлддэг, хэрэг үүсгэдэг, шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх юм бэ. Сүүлийн гурван жил бид хангалттай харлаа. Гэмт хэрэгтэнд хуулийн дагуу ял оноохгүй юм  бол хуульд мянган удаа нэмэлт өөрчлөлт оруулаад  нэмэргүй.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Аливаа асуудал бүр хоёр талтай байдаг. Дэлхий нийтийн жишиг хандлагыг харахаар шүүхээс буцаадаг байдал нь Орос, Монгол хоёрт л үйлчилж байна. Европт гэм буруу нь тогтоогдоогүй бол шүүх цагаатгадаг. Нотлогдож байгаа бол яллалдаг. Уг нь Эрүүгийн хуульд энэ заалт байгаа юм. Шүүхээс хоёр шийдвэр гаргана. Шийтгэх эсхүл цагаатгах гэсэн ерөнхий суурь зарчим нь бол бий. Доторхыг нь харвал гурав дахь шийдвэр гаргах нөхцөл буюу мөрдөн байцаалтад буцаах. Энэ шийдвэрийн агуулга нь хэлмэгдүүлэлт, ял завших, эсхүл хүний амьдралыг амьдын там болгож байна. Хэргийг нь цагаатгахгүй,шийтгэдэггүй хэргээр нь барьцаалдаг. Эрх мэдэлтэй баян хүмүүсийг хэргээр нь  “төмсөгдөөд” хэргийг мөрдөн байцаалтад байлгах сонирхол бол бий.

2019 онд шүүхээс буцаадаг заалтыг яаж оруулсан талаарх дөрвөн хуралдааны хурлын тэмдэглэлийг харахад “Улсын ерөнхий прокурорын талаас шүүхээс буцаадаг байх ёсгүй. Энэ нь гэм буруугийн зарчимтай нийцэхгүй байна” гэх байр суурийг илэрхийлсэн. Гэтэл тухайн үеийн хэл амтай байсан гишүүд шууд загинасан байгаа юм. “Нэг л их Франц, Герман ярьсан улс. Хуулийн мэдлэг юу ч байхгүй. Хүн байж сууж ядтал ярих юм” гэж хэлээд дарамталсан. Ийм дарамтанд орсон нөхдүүд нь үндэслэлээ  амаараа УИХ-д танилцуулснаа бичгээр ирүүлэхдээ өөрийнхөө ярьсан зүйлээс өөр зүйл бичсэн байх жишээний. Ингээд дарамтлаад байдаг юм байна лээ. Тиймээс УИХ-ын гишүүд өөрийн хувийн сонирхол, тэр бүх зүйлээс ангид байж зарчимд үндэслэж шийдвэрээ гаргавал их зүгээр.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

-Монгол Улсад хэрэг илрүүлэлт муу байна. авлига, албан тушаалтны хэргүүд явцдаа замхардаг, хэргийг шийддэггүй. Энэ хууль ялын бодлогод яаж нөлөөлөх вэ. Шударга ёсонд нийцэхгүй ял манай улсад их байна. Хэдэн зуун сая төгрөгийн авлига авсан ч хэдэн арван сая төгрөгийн авлига авсан ч адилхан буюу гурван жилийн хорих ял авч байгааг засах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Энэ хуулийн төсөлд таван шинэ заалт нэмсэн. Энэ хуулийг баталснаар цагаан захтнуудын хэргийг илүү хурдан шийднэ.             

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг шүүгч буцаах нь зөв. Нотлох баримтыг бэхжүүлэх хүсэлтийг хангасан уу, шинжээчийн дүгнэлт сонирхлын зөрчилтэй байсан уу гэх мэт хууль зөрчсөн эсэхийг тусгайлан хянадаг шат нь урьдчилсан хэлэлцүүлэг юм. Харин үүний дараа шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа нь буруу. Иймд урьдчилсан шатанд хэрэг буцаах заалтыг хуульд үлдээх нь зөв. Шүүх нотлогдсон хэмжээнд л үндэслэж шийдвэр гаргана. Гэтэл нотлоод ир гэж буцаах нь шүүхийн биш мөрдөгч, прокурорын хийх ажил.

Мөрдөн байцаагч, прокурор ажлаа дутуу хийснийг шүүгч залруулах ёсгүй. Шүүгч прокурорын дээд прокурор боллоо. Үүний улмаас хохирогчид хохирсоор л байна. Шүүхийн шийдвэр хурдан гарах ёстой. Мөрдөн байцаагчид дутуу хийсэн ажлаа чиглэл авах гэж, шүүгч юу гэх нь харъя гээд шүүх рүү явуулаг нь буруу. Хачирхалтай нь мөрдөн байцаалтад буцсан хэргүүдийг шүүх дахин хэлэлцсэн жишээ маш цөөн. Тэгэхээр энэ заалтад үндэслэн хүнийг хэлмэгдүүлж, авлига авдаг сүлжээ шүүх,прокурор, мөрдөн байцаагчдын дунд бий болсон. Монгол Улсад  одоо ч хэргийг хүнээр өөрөөр нь хүлээлгэдэг буруу жишиг бий. Үүний цаана хэрэгтэнд хүч хэрэглэх, яргалан тамлах гэх мэт буруу тохиолдлууд ч гардаг.  Ардчилсан тогтолцоотой бүх улсад шүүх нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэсэн зарчим баримталж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 

Эх орноосоо урвасан хэргийг яах вэ. Эрүүгийн байцаан шийтгэх хууль Үндсэн хуулийн дараа орох их чухал хууль. Энэ хуулийг өөрчилснөөр үүсэх хор хохирлыг тооцоолох боломжгүй. Анх удаа хэрэг үйлдсэн хүмүүс ял аваад, архаг гэмт хэрэгтнүүд ял завших юм байна. Одоогийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Төр ажлаа хийж, тухайн хэргийг нотлох үүрэгтэй. Энэ бол мөрдөн байцаагчид, прокуроруудын үүрэг. Одоогийн хуулийг хамгийн их ашигласан нь авлигачид. 17 жилийн хугацаанд Монголд мөнгө угаах хэргээр хэн ч ял аваагүй. Ингээд бид саарал жагсаалтад орсон шүү дээ. Гэтэл Монголд мөнгө угаах хэрэг гарсан шүү дээ. МИАТ-ын удирдлагуудын хэрэг байна. Гадны улсад даатгал төлөх нэрээр мөнгө угаасан хэргийг хуулийнхан тогтоосон ч Дээд шүүх мөрдөн байцаалтад буцаан, энэ хэргийг замхруулсан. Мөн Улаанбаатар төмөр замын нэг хэрэг бий. Одоогийн хууль болохгүй байгаа учраас л солих гээд байна.

Өмгөөлөгчид, мөрдөн байцаагчдын сэтгэхүйд одоогийн хууль сөргөөр нөлөөлж байна. Энэ хуулийг баталснаар шударга ёсыг дэнслэгч болно. Одоо яллагч байр сууринд байна. Босоо удирдлагатай. Прокурор яллах болон яллах талын нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй юм шүү. Өмгөөлөгчийн цагаатгуулах нотлох баримтыг шалгадаггүй. Есөн жил шалгасан хэрэг бий. Жастын Ш.Батхүүг есөн жил шалгалаа. Ийм төр байж болох юм уу? Гэм буруугүй бол тэр хүнийг цагаатга. Одоогийн хуулийн улмаас олон хүн яллагдагч  гээд л яваад байдаг. Гэмт хэрэгтэн ч биш, цагаатгагч ч биш. Алуурчин ч юм шиг, биш ч юм шиг хэргүүд байна. Дээд шүүхээс буцаасан тэр хэргийн улмаас нийгэм хуваагдан маргаж байна. Үүнийг л больё гээд байгаа юм.          

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Энэ хуулийг дэмжинэ. Мөрдөн байцаалтад буцааснаар шүүх хэрэг дэнслэх ажлаа хийхгүй байна. Мөрдөн байцаалтад буцаан, цаг хожих нь буруу. Хуулийн завхралыг зогсоох хэрэгтэй. Нэг өмгөөлөгчийн компьютерээс хэнд ямар ял өгөх вэ гэсэн баримт гарлаа гэж шуугиад л өнгөрсөн. Шүүх алхаа цохиод, хэрэг дэнслэх үүрэгтэй. Ер нь шүүх хуралдааныг ил тод нээлтэй явуулах байтал хэрэгжихгүй байна. Шүүгчид ур чадваргүй болоод л тэр шүү дээ.  Энэ хуулийг баталснаар бүх зүйл байр байрандаа орно гэж бодож байна.

Хууль зүй, дотоод хэргийн  сайд Х.Нямбаатар:

2017 оны долдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэ зохицуулалт хоёр жил гаруйн хугацаанд явсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтад буцаахгүйгээр яллах, цагаатгах шийдвэрийн аль нэгийг шүүх гаргаад явсан. Гэтэл харамсалтай нь энэ хугацаанд маш олон шүүхүүд байцаан шийтгэх хуулийг зөрчиж буцаасан. Нөгөө талдаа маш олон хэргүүд ял завшсан гэх судалгаа гарсан. Тухайлбал, тээврийн хэрэгсэл жолоодож хүний аминд хүрсэн хэрэг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдсон. Харамсалтай нь ял хүндрүүлж болохгүй буцааж болохгүй байсан учраас хөнгөн ял оногдуулсан. Ийм олон хэрэг бий. Өнгөрсөн хугацаанд энэ хууль хэрэгжиж байх үеийн хийсэн судалгааны талаар танилцуулаач. Хичнээн хүн хэлмэгдэв.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаах ёстой, ёсгүй гэдэг дээр Х.Нямбаатар сайд бид хоёр эсрэг байр суурьтай байдаг. 2017 онд шүүхээс буцаадаггүй байх заалт  орсон. 2019 оноос хойш буцаагаад хэргийг буцаадаг болсон. Буцаадаг болсноороо шүүх эрүүл ажиллаад хүн хэлмэгдүүлдэггүй, ял завшдаггүй болсон байх ёстой л доо. Тиймдээ ч би  2019-2021 оны бүх гэмт хэргийн судалгааг авч үзсэн. Тодорхой хэрэг дээр ярихаас би хувьдаа түтгэлзэж байгаа. Гэхдээ бүх хэргийн судалгааг шүүх, прокурорын байгууллагаас авсан. Х.Нямбаатар сайдын ярьсан авто ослын жишээ бол 2019 оноос өмнөх гэмт хэрэг. Дундговь аймагт болсон хэргийн талаар ярьж байх шиг байна. Улсын дээд шүүхийн шүүгч нар  энэ байр сууриа хамгаалахын тулд  гурван хэргийг ярьдаг. Дундговь аймагт болсон хэргийг манай өмнөх сайд их үндэслэж ярьдаг байсан. Гэмт хэргийн гэм буруугийн зарчмын үндсэн хуульд заасан эрхийг ярихдаа нэг алдаа гаргасан тохиолдлыг үндэслээд ярьдаг.

Тэгвэл тэр ослын хэргийн прокурор хэргийг дутуу шалгасан болж таарна. Болгоомжгүй  байдлын улмаас хүний амь насанд хүрсэн этгээдийг санаатайгаар хөнөөсөн болгоод шүүх дээр оруулаад ирсэн. Хэргийг дутуу шалгасан прокурорын ажлын хариуцлаггүй байдлыг Эрүүгийн хэргийн суурь зарчим болгож байгаа  нь гарцаагүй үндэслэл болохгүй.  Сүүлийн гурван жилийн хугацаанд 267 хэрэг шүүхээс буцаад хэрэгсэхгүй болсон. 267 хэрэг нь 267 хүн бол биш шүү. Нэг хэргийн цаана хэдэн ч хүн, хэдэн ч хохирогч байж болно. Хэрэв огт гэмт хэрэг хийгээгүй 267 хүнд ял өгөөд буцаасан бол энэ ямар аймшигтай хэлмэгдүүлэлт вэ. Ганц Дундговь аймгийн жишээгээр 267 хэргийг дүгнэж болохгүй.

 

10: 00
2021-10-14

"Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй"

УИХ-ын чуулган эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагч Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улс иргэдээ вакцинжуулахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "Ковакс" хөтөлбөрт хамрагдсан. Ингэснээр 21 сая ам.долларын Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтын зээлийн хэлэлцээрийг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай байгуулсан. Энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийн 50 хүртэлх хувиар Хятад улсын "вероцелл" вакциныг худалдаж авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм" гэдгийг онцлов.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас өмнө зээл авч байсан уу. Энэ удаа анхных нь уу гэдгийг Сангийн сайдаас асууя. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн сайдаас Монгол Улс цар тахлын улмаас  олон улсын байгууллагуудаас зээл авсан. Тэрхүү зээлийн хэрэгжилт, үр дүн хэр байсан бэ гэдгийг лавлая.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Монголын олон талт хөгжлийн түнш байгууллага. Монгол Улс хувьцаа эзэмшигчээр явдаг. Энэ  утгаараа тус банктай олон төсөл хөтөлбөр дээр судалгааны түвшинд хамтарч ажилладаг. 2020 онд нэг удаа 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг авч байсан. Цаашдаа хамтын үйл ажиллагаа идэвхжих болов уу.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Азийн хөгжлийн банкнаас Covid-19 халдварын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах нийгмийн арга хэмжээнд хэрэгжүүлэх  төсөл 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд нийлүүлэгдэх эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүд эхнээсээ орж  ирсэн. 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүдэд хуваарилсан. Мөн тус банкны санхүүжилтээр био бэлдмэл, вакцины иж бүрэн агуулах өнгөрсөн наймдугаар сард  ашиглалтад орсон. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд үе шаттай ирж  байна. Төслийн хэрэгжилтийг бол сайн гэж дүгнэнэ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

Covid-19 халдварын нөхцөл байдал хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ бид нэг жилийн хугацаанд авсан зээл тэрбум гаруй ам.доллар болж байгаа шүү. Covid-19 халдвараар айлгаад өчнөөн зээл авлаа. Яахав зээлийн хүү бага, хөнгөлөлттэй нөхцөлтэй гэж байгаа хэдий ч авч байгаа мөнгөө ариг гамтай хэрэглэмээр байна. Ямар вакциныг хэдий хэмжээгээр ямар үнээр худалдаж авах шийдвэрийг хэн гаргаж байгаа вэ. Вакцины бодлогоо тодорхой болгомоор байна. Одоо ирээдүйд хэдий хэмжээний вакцин нэмж авахаар төлөвлөж байгаа вэ. Түүнд хэдий хэмжээний хөрөнгө төлөвлөж байгаа вэ. Вакцин худалдан авах мөнгө байгаа юу эсвэл дахин зээл авах уу гэдэг асуултуудад хариулт авмаар байна. 

Эрүүл мэндийн сайд: С.Энхболд -Вакцины төлөлтийг Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагатай хамтран гаргадаг. Бид зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны хоёр сая гаруй хүн вакцин хийнэ гэж төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалтыг хийсэн. "Вероцелл" вакцины дөрвөн сая тунг татан авсан. Нөөцөд 1.7  сая тун "Файзер" вакцин, 890 мянган тун "Вероцелл" вакцин бий. Журмын дагуу шаардлага хангасан вакцины агуулахад хадгалж байна. Вакцины төлөвлөлтийг эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагууд хамтран гаргадаг. Хоёр тун вакцин хийхэд дөрвөн сая 130 мянган тун шаардлагатай. 17 наснаас доош 1.3 сая хүүхэд байдаг. Эмийн хувьд өөрийн улсын эмнэл зүйн багаар давхар хэлэлцүүлж оношилгоо эмчилгээний удирдамжаа гаргадаг. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй явуулна. Дөрөвдүгээр улиралд ирэх нэг сая гаруй тун вакциныг ирэх оны нэгдүгээр улиралд хүлээн авах хүсэлтээ өгөөд байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Covid-19 халдвартай тэмцэхэд хөрөнгө мөнгө хангалттай байгаа. Гэтэл яагаад нас баралт, өвчлөл буурахгүй байна вэ. Халдвартай тэмцэж буй санхүүжилтээ Засгийн газар, УИХ-д тайлагнаж байна уу.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Covd-19 халдварын үеийн санхүүгийн дэлгэрэнгүй тайланг УИХ-д танилцуулъя. Бүгд бэлэн байгаа. Халдварын улмаас өнөөдрийн байдлаар 1424 хүн нас барсан. Монгол Улс олон улсын дунджаас нас баралт нийт хүн амтай харьцуулахад 0.3 хувь байгаа. Дэлхийн дундаж хоёр хувьтай байна. Нас баралт хамгийн бага оронтой харьцуулж үзэхэд наймдугаарт явж байна. Нас баралт дээр дүн шинжилгээ хийж явдаг. Энэ оны гуравдугаар сараас эхлэн эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүжиж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Эрүүл мэндээ хамгаалъя гээд 5.1 их наяд төгрөг зарцуулсан. Эхэндээ Covid-19 халдварыг оруулж ирэхгүй тогтоон барьж чадсан. Гэсэн хэдий ч дунд шатандаа хариуцлагагүй үйлдэл гарч байна. Чанаргүй оношлогооны төхөөрөмж оруулж ирсэн нь халдварыг дотооддоо алдахад хүргэсэн гэсэн мэдээлэл байна. Нүүрсний үнэ дээд цэгтээ хүрсэн энэ үед ийм хариуцлагагүй үйлдэл хийж байна. Төсөвт орох ёстой орлого тасалдаад байгаа нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шүү дээ. Засгийн газар болон УИХ-аас Covid-19 халдвартай  тэмцэхэд маш их хөрөнгө зарцуулж байгаа. Эдгээр хөрөнгийг эрүүл мэндийн салбарыг чадавхжуулахад зарцуулмаар байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Олон улсын стандарт шаардлагыг хангасан PCR аппаратны оношлуурыг оруулж ирдэг. Өнөөдрийн байдлаар Солонгос, Хятад, Герман зэрэг улсын оношлуурыг ашиглаж байна. 21 аймаг бүгд PCR лабораторитой болсон. Хилийн боомтуудад бүр нэмж байгуулсан. Тээврийн жолооч нарын эерэг, сөрөг хариун дээр асуудал үүссэн. Шинжилгээний хариунд халдварын нууц үеийн хугацаа их нөлөөлдөг. Мөн өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулсан тохиолдол гарсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тухайн нүүрс гаргаж байгаа байгууллагуудтай холбоотой олон асуудал байна. Үүн дээр зохицуулалтыг хийж PCR шинжилгээн дээр хатуу бодлого барьж байна. PCR шинжилгээг үндэсний хэмжээнд ХӨСҮТ-ийн лаборатори баталгаажуулдаг. ХӨСҮТ-ийн лаборатори нь олон улсад чанарын үзүүлэлтээ үнэлүүлдэг. ЭМЯ-аас чанарын хяналтыг тогтмол хийдэг. Түргэвчилсэн оношлуур ч мөн адил асуудалгүй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай байгууллагуудаас нийт 998 сая ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт гэдэг нь бол өөр. 3-4 жилийн хугацаанд явагдах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хэлэлцээрийн ерөнхий гэрээ юм. Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.долларт хүрсэн. Долдугаар сард хийсэн төсвийн тодотголоор дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн дээд хязгаар энэ жил 70, дараа жил 65, 2023 онд 60 болж буурах ёстой. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ 61.8 хувьтай байгаа. Жилийн эцсээр байдлаар хязгаар буюу 70 хувьдаа бүрэн барих тооцоолол гарсан. Ирэх жилээс 65 хувь руу орно. 2019 онд УИХ-аас батлагдсан гадаад өрийн дунд хугацааны стратегийн дагуу гадаад өрөө шат дараатай бууруулаад явж байгаа.

Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “Номад” бонд,  “Century” бондын  хүрээнд нийтдээ хоёр тэрбум ам.долларын өрийн зохицуулалт хийсэн. Өнгөрсөн онд 200 сая ам.доллар, энэ жил 190 гаруй сая ам.долларыг төсөв дээрээс шууд төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, төсөв дээр даах хэмжээгээр жил бүр нийт өрөө барагдуулаад явдаг. Мөн дээрх хоёр бондын өрийн зохицуулалтын арга хэмжээ хийсний үр дүнд тухайн жилд төсөв дээр ирэх гадаад өрийн дарамтыг хойшлуулж чаддаг. Энэ жилийн “Century” бонд төсөл маш сайн болсон. Засгийн газрын түүхэнд хамгийн бага хүүтэйгээр  өрийн бичгийг мөнгөжүүлж чадсан. Үүний үр дүнд манай зээлжих зэрэглэл сайжирсан.

УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан:

2021 онд 998 сая ам.долларын зээл авсан гэлээ. Тэгсэн мөртлөө 190 сая ам.долларыг төлсөн юм байна.  Бусдаар нь өрийг дахин санхүүжүүлсэн. Нэг бол өрийг хойшлуулсан байна. Төсвийн тогтвортой байдлын хууль дээрээ дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа нь 60 хувь гэж тогтоосон. Гэвч үүнийгээ дураараа өөрчлөөд 70-75 болгоод ахиад өр тавьдаг. Хэт их зөрүүтэй, багахан төлдөг, хэт их авдаг. Хуримтлагдсан гадаад өр цаашдаа юу болох вэ. Хэн, хэзээ ямар аргаар төлөх вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

-998 сая ам.доллар бол ерөнхий хэлэлцээрийн гэрээ шүү. 15-20 жилийн хугацаатай. Энэ жилээс зарцуулалтууд нь дөнгөж эхэлж байгаа. Энэ жил төлж буй өрүүд 2019 онд УИХ-аас батлуулсан дунд хугацааны өрийн стратегийн дагуу бид төлөлтөө хийж байна. Мөн тухайн жилд оногдож байгаа томоохон төлбөрүүдийн хугацааг хойшлуулах орон зай бий. Түүнээс биш энэ хуримтлагдсан өрийг 1-2 жилийн дотор бүгдийг нь барагдуулах боломж байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Манайд хэрэглэж байгаа дөрвөн төрлийн вакцины дархлаа тогтоох чадварыг үнэлсэн үнэлгээ бий юу. Вакцин тариулсан хүмүүсээс шинээр халдвар авч байгаа хувийг эрэмбэлж үзсэн үү. Нас баралт арав дотор багтаж байна л гээд яриад байгаа. Гэвч цахим орчинд бараг өдөр бүр л халдварын улмаас хамаатан саднаа алдсан хүмүүс эмгэнэлийн пост бичиж байна. Өчигдөр гэхэд миний танил гурван хүн нас барчихлаа. Нас баралтыг тоолж байгаа үзүүлэлт чинь хэр баталгаатай юм бэ. Уг нь энэ тоог дарж нуугаад байх шаардлагагүй. Иргэд PCR шинжилгээ авах газар олдохгүй байна гээд их ярьцгааж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

1424 хүн нас барсан гэдэг нь бодит тоо. Нас барсан хүмүүст судалгаа хийсэн. Үүний 85.6 хувь нь архаг суурь өвчтэй, таргалалттай гээд ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс байна. Амьсгал дутагдлын шинжүүдээр хүндэрч нас барсан. Ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс илүү их хүндэрч буй. Гурав дахь тунгийн вакцинжуулалтын хувьд мэдээллийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй явуулж байгаа. Гэвч иргэд вакцинд хамрагдалт сул байна. Шинжилгээний хувьд зөвхөн гадаад руу явж байгаа хүмүүсээс биш жирийн хүмүүстэй нийлээд өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхд 500 сая төгрөг зарцуулж байна. PCR шинжилгээ өөрөө 28 мянган төгрөгийн өртөгтэй. Үүнд хамгаалах хувцас хэрэгсэл орно. Шинжилгээний үнэ өдрөөс өдөрт хямдарч байна. Тухайлбал,  өнгөрсөн 2-3 сард  өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 800-1 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Ханган нийлүүлэлтийг эрхийг олон байгууллагад олгосон учир үнэ хямдарч байгаа. Харин гадаадаас ирсэн иргэдийг шинжилгээнд заавал хамруулна. Энэ нь манай улсад ямар хувилбарын вирус орж ирж байгааг тодорхойлоход тусалдаг.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Нийт нас барж байгаа хүмүүсийн 77 хувь нь архаг суурь өвчтэй, 27.3 орчим хувь нь Covid-19-ийн шалтгаанаар нас барж байна. PCR шинжилгээний хувьд мэдээлэл үнэн зөв бөгөөд цахимжсан.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Бүгд өвдөж байж, цар тахлаас салах юм шиг байна. Гадуур өвдөөд, эмийн сангаас түргэвчилсэн тест аваад өөрсдийгөө эмчилж байгаа хүн олон бий. Яамнаас бодит тоог хэзээ гаргах вэ. Хэчнээн хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтох вэ. Дархлаа тогтоох хувь хэмжээгээр хамгийн үр дүнтэй вакцин нь аль нь вэ. Зээлээр хамгийн үр дүнтэй вакциныг авах уу. Хөнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай гэсэн нэрээр зээл авахаа болих цаг болжээ. Цаашид анхаармаар байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Монгол Улс ДЭМБ-ын яаралтай журмаар батлагдсан вакцинуудыг хэрэглэж байгаа. Тариулж байгаа дөрвөн төрлийн вакцины хувь нь 75-94 хувь гээд харилцан адилгүй. 75 хувийн үр дүнтэй вакцин гэдэг нь 100 хүн тариуллаа гэхэд 25 хүн нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг. Бүх хүн өвдөж байж цар тахал намдана гэж ярьж болохгүй байх. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

-Монгол Улсад хэрэглэгдэж байгаа вакцинуудад дархлаа тогтоцын судалгаа хийж байгаа. Вакцины хувьд үр дүнтэй, үр дүнгүй гэсэн зүйл байхгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийсэн судалгаагаар Монгол Улсад хэрэглэгдэж буй дөрвөн төрлийн вакцин тариулснаар бүх тохиолдолд эсрэг бие үүссэн. Тэгэхээр дархлаа өдөөж байгаа процесс бүх вакцин дээр адилхан үүсч байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан 350 мянган иргэний хоёр орчим хувь нь халдварт өртсөн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж