Вьетнам засвар НӨАТ-ын 10 хувийг үйлчилгээн дээр нэмж бодно

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

Вьетнам засвар НӨАТ-ын 10 хувийг үйлчилгээн дээр нэмж бодно

Вьетнам засвар НӨАТ-ын 10 хувийг үйлчилгээн дээр нэмж бодно

Вьетнам авто засварын газруудаас татвар авах асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Татварын албаныхан  дээрх газруудыг  үйлчлүүлэгч нарт НӨАТ-ын баримт олгохыг шаардаж эхэлжээ. Улсын хэмжээнд машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхэлдэг 1600 гаруй байгууллага бүртгэлтэй байдаг. Үүнээс 52 нь вьетнам авто засвар аж. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа вьетнам авто засварын газруудын орлого ашиг, татварын эрх зүйн орчинг сурвалжлалаа.

Хашааны буланд шар дээр тод улаанаар “Вьетнам авто засвар” гэж томоос том бичжээ. Хажууд нь байрлах  гражид хоорондоо  юм ярих завгүй хэсэг  залуус машин засч байв. Гражид  суудлын жижиг тэргээс эхлээд том оврын жийп хүртэлх 15 гаруй машин байх бөгөөд тэр дунд хөнгөхөн шүргэлцсэн, зарим нь бүр осолд ороод харахын аргагүй эвдэрсэн машин  ч байв. Давжаа биетэй, хувцас хунар, царай зүс нь халтардсан долоон вьетнам ажилчин засварын ажлыг огт түүртэлгүй хийх.

“Авто машины урд талын гупер хэдээр янзлах вэ гэж асуухад “Эхлээд машины эвдрэлийг нүдээр харья. Хаана, ямар хэмжээтэй эвдэрч, цуурснаас шалтгаалж үнэ харилцан адилгүй.  Жижиг машины гупер хамгийн өндөр үнээр хийлээ гэхэд 500 мянган төгрөг болно. Гуперний гэрэлний  ойролцоо сэтэрч гэмтсэн бол үнэтэй. Харин цэвэрхэн нугалаагүй газарт гэмтсэн бол арай хямд” гэдгийг вьетнам ажилчдыг хариуцдаг монгол эмэгтэй тайлбарлав.

Тус авто засвар нь гурван гражид үйл ажиллагаа явуулдаг учраас энэ хавьдаа тооцогдоно. Дээрх гурван гражийн сарын түрээс 4.8 сая төгрөг.  Ашгийн 40 хувийг монгол , 60 хувийг вьетнамчууд авдаг байна. Вьетнам ажилчдын ганц нэг нь  чардаагаад сардаа 5-6 сая төгрөгийн цалин авдаг бол бусад нь хоёр сая төгрөг авдаг. Цалингаасаа тэд гражийн  түрээс, ажлын материал, хэрэглэгдэхүүний зардлыг төлнө. Ажлынхаа ойролцоо нийтийн байр түрээсэлдэг  бөгөөд  сарын түрээс нь 250-300 мянган төгрөг, хоол унд, хувцас хунартаа мөнгө зарцуулдаг аж. Тэд олсон мөнгөө вьетнамд байгаа ар гэр рүүгээ явуулна.

Монголд хөдөлмөр эрхлэх визтэй гадаадын иргэд иргэд сар бүр  Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад татварыг улсад төлдөг. Үүн дээр нэмээд үйлчилгээний хураамж, гадаадын иргэн харьяатын газарт төлдөг татварыг  тооцвол нэг вьетнам иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэхийн тулд сард 1.4 саяыг төлдөг. Ерөнхийдөө вьетнам ажилчид  бүх татвараа төлөөд гар дээрээ нэг сая төгрөгтэй үлддэг.

МОНГОЛ АЖИЛЧИД МАШИН ЗАСВАРЫН УРЬДЧИЛГААГ НЬ АВААД АРХИ УУГААД АЛГА БОЛЧИХДОГ

Авто засвараар үйлчлүүлж буй монголчууд  вьетнам залуусыг “Машин сайн засварлахгүй бол зодно, ална” гэхчлэн дарамталдаг гэнэ. Энэ талаар тус авто засварын газрын монгол ажилтан “Монгол залуус вьетнамуудыг маш ихээр гадуурхдаг. Айлгаж, сүрдүүлдэг. Тиймээс вьетнам залуус ажлаа сайн хийхээс өөр аргагүй. Монголчууд солонгост  үнэнчээр хар бор ажил хийдэгтэй ижилхэн нөхцөлд тэд амьдарч байна.  

Өнгөрсөн арван жилийн хугацаанд  би нийт 50 гаруй вьетнам хүнтэй  ажилласан. Тэр дундаас чихнээс хонх уясан  хүн ховор доо. Үнэндээ вьетнам, монгол хүн хоёрын хийсэн машины будаг  тэнгэр, газар шиг ялгаатай. Монголчуудаар хийлгэсэн будаг  голдуу язралт, хагаралттай орж ирдэг. Яаж хийдэг технологийг нь мэдэхгүй. Ямартай ч  хамгийн гол ялгаа нь монголчууд хурдан хугацаанд мөнгө олохын тулд халтуурддаг. Машин засварын урьдчилгааг нь аваад архи уугаад алга болчихдог. Монгол ажилчин бүрийг ингэж хэлж байгаа юм биш. Ерөнхий хандлага нь ийм л  байдаг” гэлээ.

НӨАТ-ЫН 10  ХУВИЙГ АВТО ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭН ДЭЭР  НЭМЖ БОДНО

Вьетнам авто засварын газрын монгол  эзэд “Вьетнамуудаас татвар авна гэж  байгаа боловч угтаа бол биднээс авна шүү дээ. Бид аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар төлдөг. Төлдөг татвар  маань лав багадаагүй” гэдгийг хэлж байв.  

Тиймдээ ч  дүүрэгт татвар төлдөг болгох яриаг сонсоод вьетнам авто засварын эзэд  нэгэн мэргэн санаа олсон нь НӨАТ-ын арван хувийг авто засварын үйлчилгээн дээр  нэмж бодох байв. Тэд “Баримт асуусан нэгэнд нь баримт өгнө. НӨАТ-ын үнээ хасуулья гэсэнд нь зөвшөөрнө”  гэх зарчим баримталж буй.

ВЬЕТНАМ ЗАСВАРЫН ГАЗРААР  ҮЙЛЧЛҮҮЛСЭН Ч ТӨЛБӨРИЙН БАРИМТАА АВАХ НЬ ЧУХАЛ

НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул:

-Татварын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд албан татвар төлөх үүрэгтэй. Тэгэхээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн ч хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Авто засварын газруудаас татвар авахдаа татварын багц хуулийн шинэчлэлээр 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 10 хувиар татвар төлж, 90 хувийг буцаан авдаг, 300 саяас доош борлуулалтын орлоготой бол нэг хувиар татвар төлдөг болсон.Хэрэв НӨАТ суутган төлөгчийн босго хангасан бол НӨАТ-ын тайлан гаргаж, 10 хувийн татвар төлдөг.

Мөн ажилтнуудынхаа ХХОАТ-ыг суутгаж, түүнийгээ татварт тайлагнан төлдөг. Мөн Нийслэл хотын албан татвар болон хөрөнгийн татвар, бусад төлбөр хураамжийг төлдөг. Вьетнам засварын газрууд ялгаагүй татварын албандаа бүртгүүлэн татвар төлдөг.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг  машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхлэгч  456 байгууллага өнгөрсөн оноос энэ оны есдүгээр cap хүртэл нийт 10.7 тэрбум төгрөгийн татварт төлсөн.

Иргэд худалдаа хийх, үйлчилгээ авах бүртээ төлбөрийн баримтыг шаардаж авах нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг юм. Тиймээс иргэд  вьетнам засварын газраар  үйлчлүүлсэн ч төлбөрийн баримтаа авах нь чухал. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж