"ДАШТ-ээс медаль хүртчихээд зүүдэлж байна уу гэж бодсон"

Хуучирсан мэдээ: 2021.10.14-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

"ДАШТ-ээс медаль хүртчихээд зүүдэлж байна уу гэж бодсон"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Норвеги улсын нийслэл Осло хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Д.Отгонжаргалыг онцолж байна. Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас дэлхийн аваргын хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх юм. Ингээд түүнтэй танилцъя.


Долгоржавын Отгонжаргал 2001.10.02

Төгссөн сургууль:

Сэтгэмж цогцолбор сургууль

Одоо сурч буй сургууль:

Идэр их сургууль

Сошиал хуудас:

Д. Отгонжаргал /facebook/    otgonjargal4408/instagram/

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ

-Ах эгч нартайгаа олуулаа болохоор Зурагтад бужигнаж л хүүхэд насаа өнгөрүүлсэн. Аав, ээж хөдөө ажлаар явчихдаг учир том эгч дээрээ л өссөн дөө. Жирийн л хүүхдүүдийн адил усандаа яваад л, тоглоно. Ер нь хөдөлгөөнтэй дээс, чирта тоглодог, сайн гүйдэг хүүхэд байсан.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ

-Анх манай хоёр дахь эгчийн маань ажлын газрын хүн "Хүүхэд залуучуудын дэлхийн аварга боллоо "гээд намайг ч гэсэн барилдуулбал амжилт гаргана гэж манай эгчид хэлсэн юм байна лээ. Тэгээд 2013 оны наймдугаар сард анх Спортын төв ордон дээр гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багш дээрээ ирж байлаа. Даанч манай багш шигшээгийн дасгалжуулагч байсан болохоор жаахан хүүхдүүдтэй ажиллах цаг хомс байсан. Тэгээд өөрийн гарын шавь "Женко клуб"-ын дасгалжуулагч Б.Оюунсүрэн багш руу явуулсан. 2015 он хүртэл Б.Оюунсүрэн багш дээрээ хичээллэсэн. Өсвөрийн УАШТ-ээс 2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, 2018 онд алтан медаль хүртэж байлаа. Иж бүрэн медальтай.

Чөлөөт бөхийн спортоор найм дахь жилдээ хичээллэж байна.

АНХНЫ АМЖИЛТ

-Налайх цом тэмцээнд Б.Оюунсүрэн багш дээрээ бэлтгэл хийдэг байхдаа түрүүлж, анхныхаа медалийг авч байсан. Харин эхний тэмцээн гэвэл багадаа нэг тэмцээнд ороод хасагдаад уйлж байсан. Жин хасах гэдгийг жаахан хүүхэд чинь мэдэхгүй. Гүйгээд л болчихдог гээд бодчихсон. Бас бэлтгэл муу байсан. Уг нь нэг барилдаж, ялсан юм. Яаж ч барилдаад байгаагаа мэдэхгүй. Гэтэл хоёр дахь барилдаандаа ялагдчихсан.

ЧУХАЛ БАРИЛДААНЫХАА ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ ?

-Өөртөө л итгэлтэй байхыг хичээдэг. Тэгээд багшийнхаа үгийг сайн сонсдог. Тэмцээнд оролцох гэж байгаа хүн биеэ л гамнана. Алхалтаа багасгана. Амрах үедээ амарна. Идэж, ууж байгаа зүйлдээ ч анхаарна. Норм, формдоо орчихвол сайн барилдана.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН

-Э.Бэхбаяр ах маань их мундаг. Харилцаа нь яг л хүүхэд шиг. Бусад том тамирчид шиг биеэ тоосон огт зүйл байхгүй. Бидэнтэй тоглох үедээ тоглоно, загнах үедээ загнана. “Ээ чи илүү хөдөлгөөнөөсөө болж сая ялагдчихлаа” гээд зүрхэнд ортол их л тод хэлж байсан.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН

-Асашёорюү кап. Шагнал өндөртэй тэмцээнд Т.Сүхбаатар багштайгаа оролцож түрүүлж байлаа. Багшдаа шагналынхаа мөнгөнөөс өгөөд л дурсамжтай тэмцээн байсан.

Т.Сүхбаатар багш шавь нарын хамт

ДЭЛХИЙН АВАРГЫН ЭРХ ОЛГОХ ТЭМЦЭЭНИЙ ТАЛААР

-Эрх авахын тэмцээнд манай жинд 10 гаруй тамирчин өрсөлдсөн. Хоёр дахь барилдаанаа олимпод оролцсон Ц.Намуунцэцэг эгчтэйгээ хийж, хүнд барилдааны эцэст ялж чадсан. Харин аваргын төлөө Алдарын Б.Мөнхнар эгчтэйгээ таарч, ялж эрхээ авсан.

ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН СЭТГЭГДЭЛ

-Японы тамирчинд хожигдоод уйлмаар, шар гозойсон. Хожигдвол ядаж л цагаа бүтэн дуусгая гэж бодсон ч тактикийн алдаанаас болоод шууд даруулчихсан. Уйлмаар байвч багш “Зүгээрээ, маргаашийн барилдаанаа бод” гэж хэлж байсан. Би бүр дотроо “Ялчихсан байсан бол, арай жаахан туршлагатай байсан бол” гэж бодож, өөртөө л жаахан харамссан. Багш бол “Одоо наадахаа март. Дараа нь бод. Чиний өмнө чухал барилдаанууд байна” гээд л дэм өгсөн.

Эхний өдөр стресстээгүй ч хоёр дахь өдөр дагах барилдаан хийхийн өмнө бухимдсан. Үүнийгээ багшдаа хэлсэн чинь “Чамд алдах юм байхгүй. Угаасаа чи хожно, сайн барилдана” гэж хэлэнгүүт “Нээрээ л тийм дээ. Би яагаад стресстээд байгаа юм бол доо” гэж бодсон. Медалийн төлөөх барилдаанууд орой болно гээд жаахан амрах гэсэн боловч цочиж сэрээд байсан. Өрсөлдөгчөө дэлхийн хошой мөнгөн медальт гэдгийг сонсоод жаахан бухимдсан.

Медаль хүртчихээд зүүдлээд байгаа юм болов уу гэж бодсон. Медалийн тавцан дээр зогсчихоод аваргын алтан бүс рүү үнэхээр шуналтай харсан. “Дараагийн удаа би заавал авна” гээд зорилго тавьсан.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-Жаахан хүүхдүүд багш, эмч, цагдаа болно гэж боддог шүү дээ. Яг л үүнтэй адил багш л болно гэж боддог байсан. Ялангуяа бага ангийн багш. Олон хүүхэдтэй бужигнаад гоё байх.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ ?

-Олон дүү нартай учир тэдэнтэйгээ л цагийг өнгөрүүлдэг дээ.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Аавыг маань А.Ганбаатар, ээжийг минь Д.Долгоржав гэдэг. Манайх эхээс долуулаа. Ам бүл нийт ес. Том эгч нар маань бүгд тусдаа гарчихсан. Одоо ахтайгаа, дүү нартайгаа л бужигнаж байна даа.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Бэлтгэл сайн хийж байгаад улсын аварга болох зорилготой байна. Улсын аварга болоогүй учир шигшээ багт багтаагүй. Улсын аварга болоогүй байж дэлхийгээс медаль авчихлаа гэж багш хэлж байсан.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ

-Тамирчин хүн бүрийн хамгийн том мөрөөдөл олимп, дэлхийн аварга болох байдаг шүү дээ. Би ч гэсэн тэгэж хүсдэг. Мөн Т.Сүхбаатар багшийгаа байртай болгомоор байна. Багш минь шавь нарынхаа төлөө, энэ спортын төлөө бүхнээ зориулдаг.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Аливаа зүйлд тууштай байж, хөдөлмөрлөвөл нэг л өдөр амьдрал чамайг шагнана. Үүнийг би өөрийн биеэр аягүй сайн ойлгосон. Хөл хорионы үеэр тамирчид бэлтгэл хийх боломж хомс байлаа. Эхний карантиныг Зурагтад гэртээ өнгөрүүлсэн бол хоёр дахь карантиныг эгчийндээ Улиастайд бэлтгэл хийж өнгөрүүлсэн. Алсууд газар учир өдөр бүр л бэлтгэл хийж, өөрийгөө бэлдэж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж