УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд мэдээлэл хийв. Тэрбээр иргэн Э.Одбаяртай уулзсан ч Б.Монголхүүтэй уулзаж чадаагүй байна.
Д.Ганбат хэлэхдээ “Андлалын хөшөөний талаарх мэдээллийг иргэн Э.Одбаяр мэдэх эрхийнхээ хүрээнд мэдээд тараахад ямар ч асуудал байхгүй байсан. Гэтэл хуулийг гуйвуулан, хүний эрхийг боомилсон байдалтай байна. Ингэж болохгүй.
Иргэн Э. Одбаяр өнгөрсөн долоо хоногийн Даваа гариг (2021.10.04)-т өлсгөлөн зарласан. Гэвч эрүүл мэндийн байдлаас болж хоёр хоног завсарлаад, энэ сарын 11-ний 18.00 цагаас дахин өлсгөлөн зарласан байна. Түүний хувьд “Хүний эрхийг дээдлэх, Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, Шүүх хуулийн дагуу байх” гэсэн шаардлага тавьж байгаа юм. Цуг хоригдож байгаа Б.Монголхүүтэй уулзаж чадсангүй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар арт шаардлага тавина. МАН үнэндээ авилгачдын нам болсон, нэг нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй байна. Энэ нам, УИХ-ыг тараах талаар ард иргэдтэйгээ нийлж ярилцах, санал бодлоо солилцох ийм цаг өдөр өдрөөр ойртож байна. Ардчилсан нийгмийн дагуу бухимдсан ард түмнийхээ санал хүсэлтийг хүлээн авч, энэ асуудлуудаа хурдан засч залруулахыг хатуу анхааруулъя.
Миний хувьд цаашид жагсаал цуглаан болж байгаа газар бүрд очно. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа тэр хүмүүстэй УИХ-ын гишүүнийхээ хувьд хамт байх болно оо гэдгээ зарлан хэлж байна.
Өмнө нь бид бүтэн ардчилсан орон гэж явдаг байсан бол одоо хагас ардчилсан орон болсон байна. Иргэд Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Ийм зүйлтэй миний бие хуулийн дагуу туйлбартай тэмцэнэ” гэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ