"Боловсролын салбарт хүрэлцээгүй хөрөнгө оруулалт хийчхээд үр дүн хүлээх утгагүй"

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

"Боловсролын салбарт хүрэлцээгүй хөрөнгө оруулалт хийчхээд үр дүн хүлээх утгагүй"

"Боловсролын салбарт хүрэлцээгүй хөрөнгө оруулалт хийчхээд үр дүн хүлээх утгагүй"

Боловсролын салбарын санхүүжилт: Асуудал, шийдэл" үндэсний хэлэлцүүлэг “Нөхцөл байдал”, “Шийдэл, санал” гэсэн сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө. Энэ үеэр Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагаас дараах асуултад хариулт авснаа хүргэе.


-Боловсролын салбарт тулгамдаж буй санхүүжилтийн асуудалд шийдэл хайж буй энэхүү хэлэлцүүлгийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт төр, ТББ, судлаачид, боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс оролцож, хамтран зөвлөлдөж байна. Боловсролын шинэчлэл хийе, хүртээмжийг сайжруулъя гэж байгаа бол юун түрүүнд төсөв мөнгийг ярих хэрэгтэй. Ялангуяа ерөнхий боловсролын төвшинд 2002 оноос хойш төсвийн шинэчлэл хийгээгүй гэхэд болно. Тиймээс бид засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яаманд шинэчлэл хийхийг шахаж байна. Үнэхээр хүрэлцээгүй хөрөнгө оруулалт хийчхээд үр дүн хүлээх утгагүй биз дээ. Өнөөдөр хаана юу нь болохгүй байна вэ, хэний хөл дээр гишгээд байна вэ гэдгээ гаргаж, хэлэлцүүлэг өрнөж байна.

-Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар асуудлыг тусгах шаардлагатай гэж бодож байна вэ? 

-Бид энэ асуудлыг хэлэлцэж байна. Мөн төсөв төлөвлөх, зарцуулах, түүнд анхаарал тавих иргэдийн хяналтад шийдвэрлэх ямар асуудал байгааг тодорхойлоод, хэлэлцүүлгээс гарсан дэлгэрэнгүй зөвлөмжийг УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэх зорилготой байна.

-Энэ асуудалд өмнө нь хяналт тавьж байсан болов уу?

-Өмнө нь албан ёсны байгууллагууд л анхаарал тавьж байсан. МХЕГ, Үндэсний аудитын газар 2-3 гурван сургуульд л хяналт тавьдаг байсан. Энэ удаа 21 аймгийг хамарч, үндэсний хэмжээний гүйцэтгэлийн аудит анх удаа хийгдсэн. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд төсвийн хяналтыг шат шатанд нь хийж, үр дүнд нь үндэслээд шийдэл олохгүй бол эргээд боловсролын асуудалд сөргөөр нөлөөлөх төвшинд хүрсэн байна. Энэ талаарх төрийн болон ТББ-ын судалгааны дүн нэгдэж байна.

-Боловсролын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тухайн хуулийн төсөл дээр 2-3 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахгүй байх заалт орсон байна лээ. Энэ нь чанартай, хүртээмжтэй байх зохицуулалтаасаа гажуудаагүй юу?

-Тархи судлалын шинжлэх ухааны үүднээс бага насны хүүхдийн боловсрол маш чухал гэдгийг тодорхойлоод байгаа. Гэтэл энэ хөгжлийг төсвийн байгууллага зохион байгуулах ёстой юу гэдэг дээр бодлогын шийдэл гарах ёстой. Манай улс цэцэрлэгийг хүүхэд харах, саатуулах газар шиг үзэж ирсэн. Тиймээс боловсролын тогтолцооны нэг хэсэг болгох хэрэгтэй юм. Цэцэрлэгт 4-5 настай хүүхэд авна гэдэг нь цэцэрлэг сургуулийн өмнөх боловсрол олгодог албаны ёсны байгууллага болж байна. Хүүхдийн эрхийн байгууллага, хүүхдийн хөгжлийн онол судалсан байгууллагын хувьд бидний байр суурь бага насны хүүхэд гэр бүлдээ хамгийн сайн хөгжинө. Эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

-Олон улсын хэмжээнд 2-3 настай хүүхдүүдийн хүмүүжил, боловсрол чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ. Манай улс олон улсын жишгийг дагадаг уу?

-Манайх энэ тал дээр нэлээн урагшаа ахисан орон байсан. Өөрөөр хэлбэл төсвөөс санхүүждэг. Хүүхэд хардаг цэцэрлэгийн үйлчилгээтэй цөөхөн орны нэг. Энэ үйлчилгээг өндөр хөгжилтэй орнуудад хувийн хэвшлийн байгууллагууд эрхэлдэг. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө зардал гаргаж, өөрсдөө хариуцлага хүлээдэг. Манайд бол хүүхдээ төсвийн байгууллагад хариуцуулчхаад хооллолт, хэл яриа, хамгаалалт, хөгжлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Мөн ямар ч хариуцлага хүлээдэггүй эцэг эхчүүд олширч байна. Энэ нь нийгэмд тийм ч таатай зүйл биш.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж