ОХУ Covid-19-тэй холбоотойгоор халдвар, нас баралтын тоо нэмэгдсээр байгаа тул насанд хүрэгчдийн дунд “Sputnik V” вакцины хамарт цацдаг хэлбэрийг туршихаар болсноо Мягмар гаригт мэдэгдэв.
Өнгөрсөн онд цар тахал дэлгэрэх үед Орос улс “Sputnik V” вакциныг хурдан хугацаанд боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэвч иргэдийн эрх баригчдад үл итгэх байдал, шинэ бүтээгдэхүүнээс болгоомлох хандлагын улмаас тус улсад вакцинжуулалтын ажил удааширчээ.
Эмийн улсын бүртгэлд нийтлэгдсэн баримт бичигт дурдсанаар, хамарт цацдаг вакциныг Санкт Петербург хотын эмнэлэгт хоёр тунгаар турших аж. Туршилт явуулах цаг хугацааны талаар тодорхой мэдээлэл дурдаагүй байна.
ОХУ-д цар тахал дэлгэрсэнээс хойш өдөр тутмын нас баралт хамгийн дээд хэмжээнд хүртэл өссөн тул Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг яаравчлуулах хэрэгтэй байгааг Путин Мягмар гаригт мэдэгдсэн юм.
ОХУ-ын эрх баригчид 8-12 насны хүүхдүүдэд зориулсан хамарт цацдаг вакциныг өнгөрсөн зургадугаар сард туршсан бөгөөд есдүгээр сард худалдаанд гаргана гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ