Осло-2021 чөлөөт бөхийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр (2021.10.13) эх орондоо хүрэлцэн ирж, хэвлэлийн бага хурал хийлээ. Манай улс нийт 20 тамирчнаа Норвеги руу илгээснээс есөн жинд медалийн төлөө барилдаж, зургаан хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Тодруулбал,
- Эрэгтэйчүүдийн -65 кг – Т.Тулга хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн -125 кг – М.Лхагвагэрэл хүрэл медаль
- Эмэгтэй -50 кг – Д.Отгонжаргал хүрэл медаль
- Эмэгтэй -57 кг – Э.Даваачимэг хүрэл медаль
- Эмэгтэй -59 кг – Б.Шоовдор хүрэл медаль
- Эмэгтэй -62 кг – Э.Гантуяа хүрэл медаль тус тус хүртжээ.
Эмэгтэй тамирчид дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэд болов. Харин эрэгтэй тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр зургадугаарт оржээ.
Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П.Гансүх ярихдаа “Чөлөөт бөхийн тогоонд гавьяагаа үнэлүүлж чадаагүй олон тамирчин бий. 2021 оны дэлхийн аварга, олимпоос медаль хүртсэн тамирчиддаа Монгол Улсын гавьяат тамирчин цол олгуулах талаар идэвхитэй хөөцөлдөнө” гэв.
Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга “Бид 20 жинд есөн тамирчнаа медалийн төлөө барилдууллаа. Долоо хоногийн турш дэлхийд Монголоо сурталчиллаа. Жаран жилийнхээ ой дээр хоёр баг маань нэгдэж, эвтэй найртай байснаар энэ амжилтыг гаргалаа” гэв.
Медаль хүртсэн тамирчдын сэтгэгдлийг та бүхэндээ хүргэе.
Хүрэл медаль хүртсэн М.ЛХАГВАГЭРЭЛ:
-Чөлөөт бөхийн спортоор 2013 оноос хойш хичээллэж байна. Анх хичээллэхдээ л олимп, дэлхийн аварга болох мөрөөдөлтэй байсан. Хоёр сарын өмнө Токиогийн олимпод медалийн төлөө барилдаад ялагдсан. Тэр алдаагаа засч, дэлхийн аваргын хамгийн хүнд жингээс медаль авсандаа баяртай байна.
Хүрэл медаль хүртсэн Т.ТУЛГА:
-Миний хувьд Оросын тамирчинтай тун харамсалтай барилдаан хийсэн. Барилдааны тал дээр би оноо алдах тал руугаа барилдсан. Харин шүүгчид техникийн алдаа гаргаж, барилдааны төгсгөлийг буруу тийш эргүүлсэн. Манай бүх тамирчин медаль хүртэж, финалд хүрэх боломж байлаа. Би ч алтан бүс зүүх боломжтой байлаа. Гэхдээ юм нэгээр дуусахгүй. Цааш цаашдаа манай хамт олон бэлтгэлээ сайн хийж, амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна. Олимпийн суурь бэлтгэл сайн байсан учир дэлхийн медальтан боллоо.
Хүрэл медаль хүртсэн Д.ОТГОНЖАРГАЛ:
-Анхны дэлхийн аварга байсан болохоор сандралгүй, алдах зүйлгүй барилдсан. Хожигдвол сургамж гэж бодоод, бүхнээ л гаргасан. Санаагаараа л барилдсан. Даанч японд даруулсандаа харамсаад, уйлмаар санагдсан. Бүх барилдаандаа 10-0-ээр ялсандаа баяртай байна. Хичээвэл болохгүй юм байхгүй гэж бодож байна.
Хүрэл медаль хүртсэн Э.ДАВААЧИМЭГ:
-Хүрэл медалийн төлөөх барилдаанд хожиж байсан ч даралтад орсон. Маш хүнд байдлаас гарсан. Багш “Мостлооч, мостлооч” гээд орилоод л, хүн бүр дэмжиж байсан. “Энэ олон жил зүтгэсэн, энэ авчаасай” гээд олон хүн надтай хамт “мостолсон”. Нуруу чангартал бүгд “мостолсон”. Багш “Хоёр охиноо бодооч” гэхэд гараа саваад л гараад ирсэн. Монголын чөлөөт бөхийн холбоо, баг тамирчид, намайг бага байхад тусалж байсан шигшээгийн эгч нар, Хил хамгаалах газар, Хилчин спорт хороо, 0208 дугаар тусгай салбарын хамт олон, хилчиддээ маш их баярлалаа. Мөн аав, ээждээ, ханьдаа баярлалаа. Төрөөд гурван сартай байхдаа л бэлтгэлдээ орсон. Бэлтгэл хийхэд сэтгэл амар байлгаж, зорилгынхоо төлөө тэмцэхэд минь тусалсан хүмүүст баярлалаа.
Хүрэл медаль хүртсэн Б.ШООВДОР:
-Дэлхийгээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ. Хоёр хүрэл медаль хүртээд, өнгөө хувиргана гэж бодсон ч чадсангүй. Илүү оролцож чадаагүй ч амжилтаа бататгалаа. Чөлөөт бөхийн холбоо, Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч спорт хороондоо баярлалаа.
Хүрэл медаль хүртсэн Э.ГАНТУЯА:
-Надад медалийн өнгөө хувиргах боломж байсан ч өөрөө алдсан. Сүүлийн боломжоо алдахгүй шүү гэж бүх хүчээ дайчилж, багшийнхаа үгийг сонссон. Үлгэр жишээ болсон С.Батцэцэг эгчээрээ бахархдаг. Намайг барилдахын өмнө “Миний дүү ухаантай. Дахиж ийм боломж олдохгүй шүү” гэж хэлсэн. Багшдаа, бэлтгэлийн хамт олондоо баярлалаа. Хилчин спорт хороо, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн 0208 дугаар ангийнхандаа, Монголын ард түмэндээ баярлалаа. Цаашдаа медалийнхаа өнгийг хувиргахын төлөө хичээнэ.
Холбоотой мэдээ