Их замын дээрэмчдэд хөрөнгөө дээрэмдүүлэх тэнэг байхгүй!

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Их замын дээрэмчдэд хөрөнгөө дээрэмдүүлэх тэнэг байхгүй!

Их замын дээрэмчдэд хөрөнгөө дээрэмдүүлэх тэнэг байхгүй!

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тойроод дээр дооргүй ид хэрэлдэж байна. Харвал, хэдэн жилийн өмнөх өргөн царигтай төмөр замаар Хятад танк орж ирээд, Монголыг эзэлнэ гэх харанхуй төсөөллөөсөө монголчууд огт салсангүй. Хууль санаачлагч П.Анужин, Д.Өнөрболор нар үг, үйдлээсээ буцаж, төслөө татан авах хүсэлт УИХ-ын даргад хүргүүлсэн нь ердөө хар масст хараалгаж, чичлүүлэхгүйн тулд.

Сургаар нь нойрноосоо сэрсэн манай яруу алдарт коммунист эх орончид, ордны попууд аль хэдийнэ ноолоод эхэлжээ. Хэрэвзээ хуулийн төсөл Ц.Даваасүрэнд таалагдахгүй байвал эсрэгээрээ Монголд ашиг авчирна гэсэн үг. Ц.Даваасүрэн Монголд ашигтай маш олон төслийг гацаасан, нураасан. Багануурын, Тавантолгойн цахилгаан станц гэх мэтчилэн. Тэр тусмаа Х.Булгантуяагийн хэлснээр, том хөрөнгө оруулалт татах тийм том төсөл Монголд хаана байгаа юм бэ?! Байгаа ганц "Рио Тинто"-гоо байнга хөөнө, тууна, гэрээг цуцлана гэж айлгаж, дарамталдаг байж.

Цар тахал дэлхийг орвонгоор нь эргүүлж, эдийн засгаа хөл дээр нь босгохын төлөө улс орнууд хөрөнгө оруулагчдыг ёстой л “хөхөөрөө даллах” нь холгүй байгаа. Гэтэл монголчууд хууль нь батлагдаа ч уу, үгүй ч үү тодорхойгүй, орж ирээ ч үү, үгүй ч үү хөрөнгө оруулагчдыг хараал, зүхлээр булаад дууслаа. Сохор зоос оруулаагүй байхад ингэж үзэн ядаж байгаа улсууд мөнгөө аваад ирвэл жинхэнээсээ “алаан” болох байлгүй.

Статистикаас харвал, Монгол Улсад 2010-2019 оны хугацаанд нийтдээ 83.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. 36.6 их наяд (43.9 хувь) төгрөг нь дотоодын хөрөнгө оруулалт, 46.7 их наяд (56.1 хувь) төгрөг нь гадаадын хөрөнгө оруулалт байна. Мэдээж цаг сайхан үед Монголд цүнхтэй мөнгөө бариад ирдэг гадаадынхан бишгүйдээ л байлаа. Харамсалтай нь, урьж авчраад хөөгөөд, залж ирүүлчхээд дээрэмдээд дууссан даа. “Хан ресурс”, “Арева”-гаас эхлүүлээд. Адаг сүүлдээ "Хан ресурс"-т 100 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Үүний хариуцлагыг хэн ч хүлээгээгүй, татвар төлөгчид л хохирч үлдсэн байдаг.

2011 онд “Оюутолгой”-н уурхайн үйлдвэрлэл эхэлж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.47 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд амжилтаа үзүүлжээ. Хамгийн сүүлд засгийн эрх АН-аас МАН-д шилжих үед буюу 2016 онд дөрвөн тэрбум ам.доллар давж байсан бол үүнээс хойш тогтмол буурчээ. Төв банкны урьдчилсан тооцоогоор 2021 онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэхээс 600-700 сая ам.доллар нь “Оюутолгой”-н мөнгө.

Хуулийн төслөө санаачлагчид нь Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрх зүйн таатай орчныг сайжруулах үзэл баримтлалын хүрээнд дэмжсэн болохоо тайлбарлажээ. Гээд гол асуудал нь хуулийн мууд биш хүмүүсийнх нь хандлагад байгаа юм. Харин ч Монголын татварын тогтоомж, хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдад тааламжтай. Даанч төрийнхөн нь их гарын дээрэмчин болохоор яалтайв. МХЕГ, ҮТЕГ, ШӨХТГ, цэрэг цагдаа, тагнуул гааль зэрэг үй түмэн төрийн хувцас өмссөн нөхөд авлига нэхнэ, өгөхгүй бол дарамтална, торгоно, хөрөнгийг нь булаана, шоронд хатаана. Английн Ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоны 19 сая ам.долларыг монголчууд хулхидсан түүх одоо ч маргаантай байгаа. "Засагчандмань Майнз” компанийн захирал Д.Буянтогтох нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүргэн ах гэх. Англичууд монголчуудыг лав одоо адгийн дээрэмчнээр төсөөлж буй биз.

Нэмээд "Босоо хэвтээ хөх монгол" нь гэр орон, ажил албан дээр нь очиж зодож, нүднэ. Ер нь бол монголчууд бүтэхгүй хүмүүс нь үнэн, парламентын дарга нь хүртэл буу, гавтай тусгай ажиллагаа явуулна. Ийм хүмүүстэй наймаа тохироо ярихад хэцүү.  Тэнэг баян байлаа ч Монголд одоо 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийхгүй.

Тэгээд ч бид ичгүүр сонжуургүй, их замын хулгайчид болохоо өнгөрсөн хугацаанд дэлхийгээр нэг зарлачихсан. Жишээ нь, Салхитын мөнгөний уурхай байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр тусгайгийнхантай очин, төрд хураан авч байгаа бичлэг  Youtube-гээр нэг бий. Эрдэнэтийн 49 хувийг төр эрх мэдлээрээ түрий бариад ил цагаан дээрэмдчихсэн. Ц.Нямдорж "Эрдэнэт"-ийг булааж авахын тулд сүүлчийн ганц цамцаа урагдтал зүтгэсэн дээ.  Ард түмний өмч нэрийн ард Ардын намын дарга нарын  “саалийн үнээ” болоод удлаа, “Эрдэнэт”.

Үндсэндээ хууль тогтоогч засаглал нь нэг гараараа хууль батлаад, нөгөө гараараа дээрэм хийхээр чинь гадаадынхан байтугай дотоодын хөрөнгө оруулагчид чинь тогтохгүй байна. Төрийн зохицуулалттай эдийн засагтай байна гэх үг хөрөнгө оруулагчдад битгий ирээрэй гэсэнтэй  ялгаагүй сонсогдоно.

Тэгэхээр хууль эрх зүйн орчноо сайжруулна гэж худлаа амлаж сууснаас ШӨХТГ, МХЕГ-ыг татан буулгана. Хөрөнгө оруулагчдыг айлгаж, дарамталбал хуулийн дагуу хариуцлага тооцно гэж ил тод зарлабал  эргээд Монголыг сонирхож эхэлж мэдэх юм. Түүнээс хуулиа хэчнээн өөрчлөөд, хүмүүс дээрэмчин, шантаажчин хэвээрээ байвал Монголын төртэй наймаа хийх хөрөнгө оруулагчид дэлхийгээс олдохгүй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж