Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ дээр цар тахлын 3 том судалгаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ дээр цар тахлын 3 том судалгаа хийж байна

Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ дээр цар тахлын 3 том судалгаа хийж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) сүүлийн хоёр жилийн турш дуулиан шуугианы бай болсон. Цар тахлын эсрэг эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг гэдэг утгаараа олны шүүмжлэлд өртөж, гурав дахь даргын нүүр үзээд буй. Тус эмнэлгийн ерөнхий захирлаар томилогдоод удаагүй байгаа хүн бол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, инноваци, бодлого төлөвлөлт хариуцсан захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан юм. Тэрбээр Япон улсын Айчи их сургуульд микробиологи, дархлал судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Үүрэгт ажлаа хүлээн аваад нэг сар болж буй түүнтэй ажлынх нь дундуур уулзаж ярилцлаа.


-Их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Та ажлаа аваад удаагүй байна. Хамгийн түрүүн ямар асуудлыг шийдвэрлэхээр барьж авав?

-ХӨСҮТ-ийн даргын ажлыг аваад нэг сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэд хэдэн чиглэлээр төвлөрч ажиллалаа. Нэгдүгээрт, эмнэлгийн хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэрүүд гаргаж, хэрэгжүүлж байна. Хоёрт, эмнэлгийн дэд бүтэцтэй холбоотой бүтээн байгуулалтын ажлууд. Гуравт, ХӨСҮТ үндэсний төвийнхөө байр суурийг олон улсад хэрхэн илэрхийлэх вэ гэдэг санал санаачлага гараад явж байна.

-Эмнэлгийн хүний нөөцтэй холбоотой тушаал гаргасан гэлээ. Шинэ дарга халаа, сэлгээ хийв үү?

-Би нэг ч халаа, сэлгээ хийгээгүй. Ажлаа хүлээн авсан цагаас цар тахлын гурав дахь давалгаа руу ханцуй шамлан орсон. Тэрнээс биш өмнөх хойдох дарга гэдэг ялгааг огт гаргаагүй. Хүний нөөцийн хувьд нэг ч ажлын байр өөрчилж, халсангүй. Хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэрүүд гаргахдаа нэн түрүүнд ажилчдыг ая тухтай орчинд ажиллуулах тал дээр анхаарч байна. Хоёрт, ажилчдын үндсэн цалин хөлсийг 2021 оны гуравдугаар улиралд 60 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Энийг Эрүүл мэндийн тусламжийн эрх зүйн шинэчлэлтэй холбоотойгоор гүйцэтгэлээс олсон санхүүжилтээсээ зохицуулж өгч байна.

Хүний нөөцтэй холбоотой бас нэг том шийдвэр гарсан нь манай дэмжих тасгууд дотор инженер тоног төхөөрөмжийн албаныхан байдаг. Эдгээр 16 инженер өмнө нь гэрээт ажилчнаар ажилладаг байсан бол одоо үндсэн ажилтан болсон. Үндсэн ажилтан болсноор цалин хөлс, нийгмийн даатгал нь баталгаажна. Мөн улирал болгонд байгууллагаас өгдөг үр дүнгийн урамшуулал, төрөөс өгч байгаа нэг сая төгрөг, 400 мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой болж байгаа юм. Гэрээт ажилтнууд 450 мянган төгрөгийн цалинтай байсан бол үндсэн ажилтан болсноор 600-800 мянга төгрөгөөс дээш цалин авдаг болсон. Хамгийн гол нь эмч, мэргэжилтнүүд маань ажлын байран дээрээ итгэл үнэмшилтэй, хариуцлагатай байх нь чухал.

-Цар тахлын гурав дахь давалгаа оргил үедээ хүрлээ. Цаашид халдварын тархалт буурах уу?

-Манай төвөөс долоо хоног тутам цар тахлын тайлан мэдээ гаргадаг. Энэ тайлан мэдээнээс харахад, эхнээсээ эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, долоо хоног тутамд шинээр батлагдаж буй тохиолдлын тоо, нас баралт хүндрэлийг илэрхийлдэг үзүүлэлтүүд гэж бий. Мөн PCR шинжилгээний эерэг илрэх хувь байна. Бид эдгээр үзүүлэлтийг судалдаг. Ерөнхийдөө өдөрт батлагдаж буй тохиолдлыг тоо цөөрч байна. Цаашдаа халдварын тархалт тогтвортойгоор буурна гэж харж буй.

-Гэхдээ нас баралт буурахгүй байна шүү дээ?

-Сүүлийн долоо хоногуудад нас баралт 15-аас буухгүй байна. Нас баралтыг тандалтын зорилгоор тооцдог аргачлалууд бий. Нас баралтын хувийг шинээр батлагдаж буй тохиолдлын тоотой харьцуулж үздэг. Ерөнхийдөө дельта хувилбарын давалгаагаар нас баралтын үзүүлэлтүүд харьцангуй өндөр биш байгаа гэж дүгнэсэн.

-Дельта хувилбарын дараа дахин шинэ давалгаа үүсэх эрсдэл бий юу?

-Өнгөрсөн зургаа, долдугаар сард цар тахлын альфа хувилбар давамгай халдвар үүсгэж байсан. Иргэдийн дунд найм, ес, аравдугаар сарын эхээр дельта хувилбар 90 хувьтай тархаж байна. Цар тахлын вирус өөрөө мутацилагдаж, шинэ хувилбараар халдвар үүсгэж буй учраас дахин шинэ давалгаа үүсгэх магадлалтай.

-Та альфа хувилбараар өвдсөн хүмүүс дельтагаар өвдөх эрсдэлтэйг хэлсэн. Одоогийн байдлаар хэчнээн хүн авсан бол?

-Бид бүх шинэ тохиолдлыг PCR шинжилгээгээр баталгаажуулан мэдээлж буй. Шинжилгээгээр эерэг илэрсэн тохиолдлуудыг “Гэрэгэ” системд бүртгэлжүүлдэг. Энэ систем дээр анализ хийхээр давтан халдвар илэрч байгаа 16 мянга орчим хүн байна. Эдгээр иргэдээ дотор нь задлахаар долдугаар сарын 1 буюу дельта хувилбар эхэлснээс хойш 1319 хүн давтан халдвар авсан. Эдгээр хүмүүс өмнө нь альфа хувилбараар өвдөөд, дахин дельта хувилбараар өвдсөн гэсэн үг.

-Гурав дахь удаагаа халдвар авсан тохиолдол гарсан уу?

-Одоогоор тийм тохиолдол бүртгэгдээгүй байна.

-Зарим иргэд хос тун хийлгэсэн ч халдвар авч буй учраас нэмэлт вакцин хийлгэх шаардлагагүй гэж бодоод байна. Таны хувьд цар тахлын эсрэг нэмэлт тунгийн чиглэлээрх судалгааг хариуцаж хийсэн. Нэмэлт тунгийн үр нөлөө хэр байна вэ?

-Монголд цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцины сонголттойгоор иргэдээ сайн дураар хамруулж буй. Бид нэг, хоёр дахь тунгаа улс орон даяар хийлгэсэн. Одоо дархлаа сэргээх гурав дахь тунг хийж буй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар вакцины хоёр дахь тунгаа авсан 2.1 сая хүн, гурав дахь тунгаа авсан 332 мянган хүн байна.

Хоёр тунгаа авсан иргэдийн долоон хувь буюу 1500 хүн шинээр халдвар авсан. Гурав дахь тунгаа хийлгэсэн 332 мянган хүний хоёр хувь нь буюу 7294 хүн дахин халдвар авч байна.

Эндээс харахад, вакцин цар тахлын халдвараас хамгаалж байна. Ингэхдээ хоёр тунтай хүнийг 93 хувь, гурав дахь тунтай хүнийг 98-99 хувь хамгаалж буй. Тиймээс иргэд вакцинд идэвхтэй хамрагдаж байж энэ халдвараас хамгаална. Халдвар авсан ч өвчний хүндрэх явц, нас баралтаас хамгаална. Нөгөөтэйгүүр вакцины гурван тунгаа хийлгэсэн ч бидний бага хувь нь халдварт өртөж байна. Тийм учраас эрсдэл бидний дунд байгааг илтгэж байна. Иргэд маань нэг удаагийн амны хаалт, бээлий өмсч, гараа тогтмол ариутгах хэрэгтэй.

-Эрдэмтэн судлаачид Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээс хэтрэхгүй байсаар хоёр жил боллоо. Яагаад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, мэдээллээ танилцуулахгүй байна вэ. Улсаас багагүй хөрөнгө мөнгийг судалгааны ажилд төсөвлөсөн шүү дээ?

-ХӨСҮТ дээр цар тахалтай холбоотой судалгаанууд хийж байна. Тухайлбал, гурван төрлийн том судалгаа хийж байна. Нэгдүгээрт, вакцины үр нөлөө ямар байгаа вэ, ялангуяа дархлаа сэргээх нэмэлт тунтай холбоотой судалгаа. Хоёрдугаарт, вакцин хийлгэсний дараа хүний биед хэрхэн дархлаа үүсч байна вэ. Цусанд агуулагдаж буй  эсрэг бие нөгөө альфа, дельта хувилбарын вирусийг устгаж чадаж байна уу гэдгийг үздэг лабораторийн шинжилгээ байдаг. Энэ шинжилгээг төсөл хэлбэрээр хийж байна. Гуравдугаарт, хариу арга хэмжээний прогноз гаргах судалгаанууд хийж байна. Мөн дээр нь эмнэл зүйтэй холбоотой цар тахлын эсрэг шинэ эмүүдийг туршиж байна. Сүүлд цар тахлын эсрэг эмчилгээнд тоцилизумаб буюу эсрэг биеийн эмийг нэмсэн.

-Олон судалгааны ажлуудаас эхнээсээ үр дүн нь гарсан уу. Удаашралтай байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Вакцинтай холбоотой судалгааны үр дүнгүүд тодорхой хэмжээнд гарсан. Тухайлбал, бид дөрвөн төрлийн вакциныг иргэддээ хийлгэлээ. Хос тунгийн дараа 14 дэх хоног дээрээ хүний биеийн дархлааны түвшин хамгийн өндөр түвшинд очдог. Дараагаар нь сар сараар дархлаа нь буурдаг гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр дөрвөн төрлийн вакцин харилцан адилгүй түвшинд дархлаа үүсгэдэг. Эргээд дархлаа нь буурдаг гэдэг нь аль алин дээр нь харагдаж байна. Дээрээс нь вакцинтай болон вакцин огт хийлгээгүй хүмүүсийн хооронд дархлаа өрнүүлж байгаа идэвх нь 3-5 дахин ялгаатай байна.

Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн хүн халдвар авсан болон вакцин огт хийлгээгүй хүн халдвар авсныг харьцуулахад 3-5 дахин илүү хамгаалж байна. Бидний зүгээс ийм судалгааны үр дүнгээ салбар яам болон холбогдох байгууллагууд руугаа явуулдаг. Сүүлд Эрүүл мэндийн яамнаас нэмэлт тунтай холбоотой гурван ч тушаал гарахад энэ судалгааны үр дүн үндэслэл болсон.

-Сүүлийн үед ХӨСҮТ-ийн барилга байгууламжийн асуудал олны анхааралд өртлөө. Бодит байдал дээр нөхцөл байдал хэр байна вэ. Засварын ажил хийж байгаа юу?

-Манай төв эмнэлзүйн тусламж үйлчилгээгээ тасралтгүй 24/7 гэдэг хуваариар үзүүлж, цар тахлын амбулатори ажиллаж байна. Тандалтын болон сайн дурын PCR шинжилгээ авахаас гадна гадаадаас ирж байгаа иргэд болон гадаад руу явж байгаа иргэдээс шинжилгээ авч байна. Эмнэл зүйн тусламж үйлчилгээний хувьд бид 285 ор дэлгэх ёстой ч 30 ор нэмж дэлгээд, 315 орон дээр 400 хүн эмчилж байна. Үүний 15 нь эрчимт эмчилгээний ор, 75 нь хүчилтөрөгчийн систем залгах боломжтой байдаг. Орны хүрэлцээ хүрэхгүйгээс нас баралт бүртгэгдэж байна.

Сүүлийн үед УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд болон салбар яам, холбогдох байгууллагуудаас манай эмнэлэг дээр ирж, нөхцөл байдалтай танилцаж байна. Бид эмнэлгийнхээ нөхцөл байдлыг бодитоор танилцуулж буй. Манай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс эмнэлгийн орчин нөхцөл тааруу, тохь тухгүй, аюул эрсдэлтэй, эмчилгээ үйлчилгээнд нөлөөлж байна гэдэг санал гомдлууд хэлдэг. Энэ болгон хоёр талтай юм. ХӨСҮТ гэдэг айл 1986 онд анх ашиглалтад орсон. Тэр цагаас хойш сүүлийн 10 жил эмнэлгийн их засварт хийсэн ажлуудыг харлаа.

Сүүлийн 7-8 жил буюу 2013-2019 онд бид харахаар нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр есөн төрлийн том ажил хийсэн. Өнгөрсөн оны тухайд улсын төсвөөс ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 807 сая төгрөгийг есөн чиглэлийн засвар үйлчилгээнд зарцуулсан. Энэ оны хувьд улсын төсвөөр 688 сая төгрөгийг зургаан чиглэлд зарцуулсан.

Дээр нь улсын төсвөөс гадна манай эмнэлэг өөрийн санхүүжилтээр 1.5 тэрбум төгрөг гаргаж, есөн ажил хийхээр төлөвлөсан. Нийт 27 байрны засвар үйлчилгээ хүрсэн газар нь 10-15 хувь. Үлдсэн хувийн засвар үйлчилгээгээ хүлээгээд сууж байна. ХӨСҮТ нь олон объекттой учраас нэг удаагийн амьсгаагаар засварлах боломжгүй. Ирэх жил улсын төсөвт ахиу хэмжээгээр төсөв суувал бид хоёр чиглэлээр ажил хийхээр төлөвлөөд байна. Үүнд, үндсэн барилга байгууламжийн сантехникийн шугам сүлжээ, агааржуулалт, цахилгааны сүлжээ. Хоёрдугаарт, цэвэрлэх байгууламжид сүүлийн 30 жилд том урсгал засвар хийгээгүй ирсэн. Тийм учраас урьдчилсан байдлаар тодорхой төсвүүд гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн. Энэ асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж