Цагаанхад, Гашуунсухайтын тээвэрчид хоёр сарын турш тусгаарлагдаж буй байраасаа гарч чадахгүй хоригдсон талаар өнөөдөр (2021.10.13) мэдээлсэн. Тэд тусгаарлагдаж буй байраа бөмбөлөг гэж нэрлэж буй. Улмаар тээвэрчид төв талбайд шалаанз машин оруулж ирэн жагсах үеэр цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн тухайн тээвэрчдийг баривчилж, машиныг нь талбайгаас ачиж гаргасан юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар боомтын бөмбөлөгт үүсээд байгаа асуудлын талаар тайлбар өгөв. Тэрбээр “Бөмбөлөг гэдэг нь ганцхан жолооч нартай холбоотой асуудал биш. Халдвар хамгаалалт, тусгаарлалт, шинжилгээтэй холбоотой учраас боомтын зөвлөл нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Бөмбөлөг гэдэг нь жолооч нарын байрлаж буй кемп. Цагаанхадны суурьшлын бүсэд маш олон жолооч очсон учраас халдварын тархалт өндөр байна. Тиймээс бөмбөлөгт амьдарч буй жолооч нарын тоог дахин цөөлөх асуудал яригдаж магадгүй. Нэг кемпэд 20 жолооч амьдардаг.
Тус газарт халдварын тохиолдол бүртгэгдвэл бүх жолоочийг Цагаанхадны суурьшлын бүсийн гадна талд гаргаж байна. Тиймээс эрсдэлээс хамгаалахын тулд 20 жолоочийн тоог бууруулж, 10 болгохыг үгүйсгэхгүй. Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг Баасан гариг (2021.11.15)-т газар дээр нь ажиллана. Хэрэв боомтын зөвлөл нь авлига нэхдэг гэх баримт жолооч нарт байгаа бол хэвлэл мэдээллээр цацах хэрэгтэй. Би энийг Хууль зүйн сайдад уламжлаад өгье. Боомтын зөвлөл тийм увайгүй зан гаргаж байгаа бол нэрсийг нь Монголын ард түмэнд зарла” гэв.
Энэ үеэр Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй “Бид Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал, Тавантолгой, Чойрын чиглэлд үүсээд байгаа асуудлын талаар тээвэрчдийн шаардлага олон сарын турш удаа дараа Засгийн газарт өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгсөнгүй. Тиймээс бид аргагүйн эрхэнд Сүхбаатарын талбайд машинтайгаа ирж, үзэл бодлоо илэрхийллээ. Одоо Цагаан хаданд ч мөн тээвэрчдийн суулт үргэлжилж байна. Тээвэрчдийн тэвчээр тасрахад ойрхон байна. Тэнд хоёр сарын турш тусгаарлагдсан бөмбөлгөөсөө гарч чадахгүй хоригдсон олон мянган тээвэрчин залуу бий. Гашуунсухайт боомтод нийт 14890 тээвэрчид ажил, орлогогүй амьдралгүй болсон байна.
Тээвэрлэлт хийхээр Covid-19-ийн шинжилгээ өгөхөд эерэг гарч боомтоос хөөж явуулдаг. Гэтэл хотод ирээд шинжилгээ өгөхөөр сөрөг гарч байна. Тэнд дарга нар хүссэн тээвэрчнээ хасч, эсвэл явуулж байна. Зарим тээвэрчин арав хоногт 2-3 тээвэр хийж байна. Гэтэл зарим нь гурван сарын турш нэг ч тээвэрлэлт хийсэнгүй. Бид ажилгүй болж, машины өр, зээл амьдрал ахуй бүгдийг дээрэмдүүллээ. Тэнд 2-3 сарын турш машин дотроосоо ч гарч чадахгүй тэндээ амьдарч байна" гэв.
ТЭЭВЭРЧДИЙН ШААРДЛАГЫГ ТАНИЛЦУУЛБАЛ:
- Боомт дээр болж байгаа нөхцөл байдалд яаралтай дүгнэлт гаргах,
- Л.Халтар сайдын Чойр чиглэлийн тээврийг хаах тухай тушаалыг цуцлах,
- Засгийн газраас яаралтай ээлжит бус хурлаа зарлаж, шийдвэр гаргах юм.
Холбоотой мэдээ