БНАСАУ, АНУ-ын харилцаа улам муудсаар буй энэ үед Ким Жон Ун дийлдэшгүй арми байгуулахаа амласан байна. Мөн тэрбээр улсынхаа цэрэг арми, зэвсэглэлийг хүчирхэгжүүлж буй нь дайн эхлүүлэхийн төлөө биш, эх орноо хамгаалахын төлөө гэдгийг онцолжээ.
Ким Жон Ун батлан хамгаалахын үзэсгэлэнд очиж, дотоодын том том пуужингуудаа шагшин магтжээ. Энэ онд Умард Солонгос зургаан удаа зэвсэг туршсаны дотор дуунаас хурдан пуужин, галт тэрэгнээс харвадаг пуужин, шумбагчаас харвадаг пуужин гэх мэт олон шинэ зэвсэг багтсан юм.
Тэрбээр Пёньян хотод зохион байгуулагдсан батлан хамгаалахын 2021 оны үзэсгэлэнд оролцож, өмнөд хөрштэйгөө муудмааргүй байгаагаа онцлон, “Бид хэнтэй ч дайн эхлүүлэх тухай яриагүй. Харин ч дайнаас сэргийлж, эх орноо хамгаалах хүчээ нэмэхийн тулд хичээж байгаа нь энэ юм” гэж ярьжээ.
Ким Жон Уны ийнхүү батлан хамгаалахын үзэсгэлэн зохион байгуулж буй нь цэргийн хүчээ олон улсад үзүүлэх гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байгаа юм. Түүний хувьд энэ үзэсгэлэн бол цэргийн сүрт жагсаалтай ижил зорилготой бололтой. Учир нь эх сурвалжуудын баталж байгаагаар, тэрбээр төрийн жолоо атгаснаасаа хойш анх удаа үзэсгэлэн зохион байгуулж буй аж.
Эх сурвалж: BBC