Даатгалын салбарын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Даатгалын салбарын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр

Монголын Даатгалын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Тэнгэр Даатгал" компанийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхсайхантай даатгалын салбарын талаар ярилцлаа.

-Юуны өмнө та Монгол улсын даатгалын салбарын талаар товч мэдээлэл өгөхгүй юү? 

-Танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлье. Санхүү болон хөрөнгийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэдэг Банкны салбар, Хөрөнгийн бирж, Даатгалын салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, зорилго чиглэл ойролцоо ч арга хэлбэрийн хувьд өөр өөр байдаг. Жишээ нь Банкны салбарын хувьд санхүүгийн илүүдэл буюу хуримтлуулсан нөөцийг санхүүгийн хэрэгцээтэй хэсэгт зээлдүүлэх замаар үйлчилгээ үзүүлдэг бол Даатгалын салбарын хувьд хэдийд ч тохиолдож болох хүндхэн цаг үе, нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулах зорилготой нөөц санг бүрдүүлж үр ашигтайгаар удирдах, бодит хохиролд үндэслэн нөхөн төлбөр олгох  үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс ч санхүүгийн байгууллагуудын хувьд тусгайлсан хуулийн зохицуулалтын дор үйл ажиллагаагаа явуулдаг. Учир нь олон харилцагчдын итгэж хадгалуулсан мөнгөн хадгаламж, хуримтлуулж бүрдүүлсэн даатгалын нөөц санг зөв зохистой хуулийн хүрээнд удирдах үүрэгтэй тул зохицуулагч байгууллагын зүгээс хяналт, удирдлагыг тогтсон хугацаанд хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар даатгалын секторт нийт 15 ердийн даатгалын компани болон нэг амьдралын даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Даатгалын үйлчилгээг эдгээр компаниуд харилцагчиддаа шууд хүргэхээс гадна зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй 56 компани, 2500 орчим төлөөлөгчид даатгалын үйл ажиллагаанд оролцоод явж байна.

Өнгөрсөн оны хувьд нийт 70,000 орчим иргэд, байгууллагад 60.0 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь эдийн засагт, цаашилбал нийгэмд үзүүлж байгаа томоохон дэмжлэг гэж ойлгож болно. Энэ бол зөвхөн нэг жилийн үзүүлэлт.

-Covid-19-ийн энэ нөхцөл байдалд даатгалын салбар хэрхэн ажиллаж байна вэ?

-Сүүлийн 2 жилд цар тахал хэмээх бэрхшээлтэй бүгд нүүр тулж, эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд аль болох хохирол багатай даван туулахын тулд нийгмийн бүхий л салбарууд хичээн ажиллаж байна. Санхүүгийн салбар, түүний дотор даатгалын салбар өөрийн харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргийн дагуу үйлчилгээгээ хурдан шуурхай, тасралтгүй үзүүлсээр ирлээ. Даатгалын компаниудын хувьд  харилцагчиддаа технологид суурилсан амар хялбар, түргэн шуурхай даатгалын үйлчилгээг үзүүлэхийг зорин, цахим шилжилтэд багагүй хөрөнгө, цаг хугацааг зарцууллаа. Цар тахлын өндөр эрсдэлтэй энэ үед ихэнх даатгалын компаниуд үйл ажиллагаагааныхаа  ихэнх хэсгийг цахимд шилжүүлж чадсан нь хамгийн том ололт. Жишээ нь: Өөрт хэрэгцээтэй даатгалын хамгаалалтыг гар утсаараа авах, нөхөн төлбөрийн тохиолдол гарвал мөн гар утсаараа материалаа бүрдүүлэх нөхцөл бүрдсэн.

-Таны өмнөх хэд хэдэн ярилцлагыг харж байхад цахим шилжилтийн талаар нэлээдгүй хөндсөн байсан. Цахим шилжилт хийснээр иргэд болон байгууллагад ямар ямар давуу талууд үүсэх вэ?

-Манай монголчууд цахим шилжилтэд санаснаас хурдан дасан зохицож байна. Өнөөдөр ихэнх байгууллагууд үйл ажиллагаагаа дижитал болгож байгааг та бид хэрэглэгчдийнхээ хувьд мэдэж байгаа. Хамгийн ойрын жишээ: Хоолны газар ороод таблет дээрээс сонголтоо хийж төлбөрөө төлж байна. Үзвэр, үйлчилгээ, өдөр тутмын хэрэглээгээ хүртэл гар утаснаасаа захиалж удирддаг боллоо. Санхүүгийн үйлчилгээ бол бүр ч хурдтай цахимжиж байна. Банкны сектор, даатгалын компаниуд олон салбар нээж өрсөлддөг байсан цаг ард хоцорч харилцагчиддаа хэн нь хурдан, чирэгдэлгүй хүрэх технологи, үйлчилгээний чанартаа анхаардаг боллоо. Эцсийн дүндээ хэрэглэгч та бид л үр ашгийг нь хүртэнэ. Нэмээд хэлэхэд материаллаг хэрэглээгээ багасгаж байгаа нь байгаль орчинд эерэг нөлөөтэй байх зэргээр давуу талууд бий болж байна. Гэхдээ бид бүрэн цахимжихад зарим нэгэн саад бэрхшээл байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Жишээ нь: Хууль эрхзүйн хувь заавал цаасан гэрээг харилцагчтай байгуулах, тэднээр гарын үсэг зуруулах шаардлага байсаар байгаа. Цахим гарын үсгийг хуульчлах, зарим шаардлагатай дата мэдээллийг зохистой түвшинд хэрэглүүлэх зэргээр Төр засгаас хэрэгжүүлж байгаа цахим шилжилтийг дэмжсэн бодлого бодит ажил хэрэг болох хугацаа ойртож байгаа гэсэн хүлээлттэй байна.

-Монгол Улсын даатгалын салбарын хөгжлийг та хэрхэн харж байна вэ? Хөгжилд саад болж байгаа зүйлсийг хэлээч гэвэл:

-Даатгалын салбар илүү хурдтай хөгжих нөөц бололцоо бидэнд байгаа. Нийт салбарынхаа хэмжээгээр 400.0 тэрбум хүрэхгүй активтай гэхээр өсөлт хийх хэрэгцээ ч байна шаардлага ч байна. Монголчуудын хувьд даатгалын хэрэглээ сүүлийн жилүүдэд илүү нэмэгдэж, түүний ач тусыг сайн мэддэг болсон. Энэ нь даатгалын бүтээгдэхүүний төрөл сонголт нэмэгдсэнээс гадна, үйлчилгээ авах гарцууд илүү хүртээмжтэй болсонтой холбоотой. Мөн дээр нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэнтэй салшгүй холбоотой. Даатгалын үйлчилгээ илүү сайжирч хөгжихөд түлхэц болж байгаа олон хүчин зүйлс байгаа ч саад болж байгаа зүйлс бас багагүй байгаа. Жишээ нь: Миний дээр хэлсэнчлэн хууль эрхзүйтэй холбоотой саад бэрхшээлүүд нэн тэргүүнд шийдвэл зохих асуудал. Мөн технологийн шинэчлэл, цахимжилтыг идэвхжүүлэхэд зарим байгууллагын хүнд суртал, хоцрогдмол байдал маш их чөдөр тушаа болж байдаг. Мэдээж хэрэг Даатгалын компаниуд өөрсдөө илүү ирээдүйг харсан шинэчлэлтийг хийж, мэргэжлийн үйлчилгээгээр өрсөлдөж харицлагчдаа бэлдэх нь хамгийн том гэрийн даалгавар. Санхүүгийн салбарын үйлчилгээ шууд болон шууд бусаар нийгмийн олон асуудалд хувь нэмрээ оруулж байдаг. Өөрөөр хэлбэл сайн сайхны төлөө.

Та нийгмийн сайн сайхны төлөө хийгдэж байдаг үйл ажиллагаа гэж хэллээ шүү дээ. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?

-Бидний үйл ажиллагаа, үйлчилгээ нийгэмд байгаа олон асуудлын шийдэл болоход хувь нэмрээ оруулдаг. Даатгалын эрсдэлийн менежерүүд аль нэг компанид даатгалын үйлчилгээгээ санал болгохын өмнө тухайн байгууллагын эрсдэлийг урьдчилсан байдлаар үнэлдэг. Эрсдэлийн цар хүрээнээс хамаараад санал болгох даатгалын хамгаалалт, түүнд тохирсон үнийг тооцдог. Эрсдэлтэй, аюул ойрхон зүйлс дээр засаж залруулах зөвлөмж өгдөг. Жишээ нь: Цахилгааны болон сантехникийн хувьд эрсдэл гарах магадлал өндөр байвал тухай зөрчлийг арилгуулсны дараа гэрээ хэлцэл хийх зэргээр бизнесийн харилцаанд ордог. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын албаны зарим чиг үүргийг урьдчилсан байдлаар хэрэгжүүлж аюул ослыг холдуулж байна гэсэн үг.

Иргэдэд хүргэж байгаа даатгалын үйлчилгээний хувьд мөн ялгаагүй бидэнд асуудлын шийдлийг олох олон гарц байгаа. Жишээ нь: Манайхаас бусад оронд жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хууль дүрэм зөрчсөн тохиолдолд даатгалын хураамж нь дараагийн сараас нь эсвэл улирлаас нь огцом нэмэгддэг. Гадаадад ажиллаж амьдарч байсан бүх хүн үүнийг сайн мэддэг. Тэгэхээр илүү өндөр зардал гаргахгүйн тулд жолооч нар хянамгай, анхааралтай байж өөрийгөө эрсдэлээс байнга хамгаалж байдаг. Харамсалтай нь манайд одоо хэрэгжиж байгаа жолоочийн даатгалын хуулиар замын хөдөлгөөнийг зарим заалтыг зөрчсөн байсан ч нөлөөлөх нөлөөлөл маш бага байгаа. Бид дутагдлын хажуугаар дуугүй явж байгаагаас замын хөдөлгөөний осол аваар, түгжрэл буурахгүй байна. Даатгалын компаниуд жолоочийн даатгалын хураамжийн орлогоосоо тодорхой хувийг Албан Журмын Даатгалын Холбоонд (санд) жил бүр төвлөрүүлдэг. Би буруу санаагүй бол тус сан одоогоор 30.0 орчимд тэрбум төгрөгт хүрсэн байх ёстой. Тус сангаас жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг хэрэгжүүлэх, даатгалд хамрагдаагүй байхдаа осол гаргасан жолоочид нөхөн төлбөр олгох зорилготой. Миний бодлоор тус сангаас Улаанбаатар хотын гол гол уулзвар, бүх гэрлэн дохиог камержуулбал осол аваар, дүрэм зөрчдөг явдал эрс бууруулах бололцоотой гэж харж байна. Замын түгжрэл, осол аваартай зөвхөн замын цагдаа тэмцэнэ гэвэл энэ хэзээ ч сайжрахгүй асуудал.

Компанийн нийгмийн хариуцлага гэдэг бол зөвхөн хог түүж, мод тарьснаар хэмжигддэг зүйл биш гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх. Хийж байгаа ажлаа хууль, журамд нийцүүлж дээр хэлсэнчлэн нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудалд хувь нэмрээ оруулах нь нийгмийн сайн сайханд, ирээдүй хойчдоо үлдээх ёс зүйтэй өв гэж ойлгож болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж