AIBA-ийн булхай ба Д.Отгондалайг луйвардсан үйлдэл

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

AIBA-ийн булхай ба Д.Отгондалайг луйвардсан үйлдэл

AIBA-ийн булхай ба Д.Отгондалайг луйвардсан үйлдэл

Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан баг Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-нд хяналт шалгалт хийж, тус холбооны удирдлагууд болон шүүгчид "Рио"-гийн олимпийн үеэр хахууль авсан болохыг тогтоожээ. Казахстаны “Радио Азаттык” сайтад нийтэлснээр Казахстан улс AIBA-д хахууль өгснөөс гадна казах шүүгч хахууль авахыг завдаж, мөн тус улсын тамирчин Василий Левит шударга бус шүүлтийн золиос болсон аж.

Нийт 150 хуудас бүхий мөрдөн байцаалтын тайланд дурдсанаар “AIBA тамирчдын ялалтыг хэдэн зуун мянган ам.доллараар үнэлж, боксчид болон улс орнуудаас мөнгө нэхдэг” гэж бичжээ.

Энэхүү хэрэгт 2006-2017 оны хооронд AIBA-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан У Чин Куо, гүйцэтгэх захирал асан Хо Ким, Карим Бузиди нарыг гол үүрэг гүйцэтгэсэн гэж шалгалтын багийнхан үзэж байна.

AIBA-г 2016 оны "Рио"-гийн олимпийн тэмцээний болон тулааны үр дүнд хөндлөнгөөс нөлөөлж, залилан хийсэн гэв.

Ричард Макларены багийн сүүлийн тайланд дурдсанаар, 2016 оны хавар олимпийн эрх олгох Хятадад болсон Азийн урьдчилсан шатны тэмцээний үеэр Казахстан, Узбекистан улсууд AIBA -ийн төлөөлөгчдөд их хэмжээний мөнгө санал болгосон аж. Үр дүнд нь тус тэмцээнд оролцсон Казахстан, Узбекистаны бүх тамирчин олимпийн эрхээ авч чаджээ.

Зүүн гар талаас AIBA-ийн ерөнхийлөгч асан У Чин Куо, Мэнни Пакьяо, гүйцэтгэх захирал асан Карим Бузиди нар

КАЗАХСТАН ШҮҮГЧ МОНГОЛООС МӨНГӨ НЭХСЭН

2016 оны "Рио"-гийн олимпийн -60 кг-ын жингийн хагас шигшээд учраа таарсан Д.Отгондалай болон Францын тамирчин Софьян Умиа нарын тулааны өмнө шүүгчид мөнгө нэхсэн гэж мөрдлөгийн багийнхан мэдээлжээ. Тодруулбал, казахстан шүүгч Рахимжан Рысбаев Монголын боксын холбооны төлөөлөгчөөс 100-250 мянган ам.доллар нэхэж, төлөөгүй тохиолдолд боксчин нь ялагдах болно гэж сүрдүүлсэн аж. Гэвч манай боксын холбоо төлөхөөс татгалзаж, Д.Отгондалай ч Францын боксчинд ялагдаж, хүрэл медалийн эзэн болсон.

Мөрдлөг хийсэн албаны хүмүүс гэрчүүдтэй ярилцаж, аудио бичлэг сонсох замаар дээрх дүгнэлтэд хүрчээ. Тэд тайландаа Рысбаевын мөнгө нэхэж буй яриаг ч хавсаргажээ. Казахстан шүүгч яриандаа хараалын үг ихээр хэрэглэж, “Монголын боксчдыг олимпоос хөөнө”, “Миний эрх мэдэл олон улсын олимпийн хорооноос ч илүү” гэх мэтээр ярьсан нь бичлэгт гарсан аж.

Монгол хахууль өгөөгүй учир хагас шигшээд Д.Отгондалай 3:0 гэсэн харьцаатай хожигдсон.

Саяхан Францын боксын холбоо мэдэгдэл гаргажээ. Тус холбооны мэдэгдэлд “Францын тамирчдын бүх тулаанд дүн шинжилгээ хийсний эцэст тулаанууд тэнцвэртэй, ямар нэгэн алдаа мадаг ажиглагдаагүйг бид харлаа. Манай тамирчид тууштай байдал, рингэн доторх хийсэн чанартай тулааныхаа ачаар медалиа ямар ч маргаангүй хүртсэнийг бид онцлон тэмдэглэж байна. Үүний нотолгоо нь манай тамирчдад ялагдсан өрсөлдөгч нар нь хэзээ ч албаны ёсны шийдвэр, үр дүнг эсэргүүцэж, гомдол гаргаж байгаагүйгээс харж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, "Рио"-гийн олимпод Д.Отгондалай шударга бусаар ялагдсан ч тухайн үед манай боксын холбоо уг тулаантай холбоотой гомдол гаргаагүй гэсэн үг.

Сонирхуулахад, 2016 онд AIBA-ийн гүйцэтгэх захирал асан, энэ бүх луйврыг зохицуулж байсан гэгдээд буй Карим Бузиди нь франц хүн юм.

РЫСБАЕВ ЮУ ГЭЖ ЯРИВ?

“Радио Азаттык” сайтын сэтгүүлч Рысбаевтай холбогдож, түүнээс энэ бүхэн үнэн эсэхийг тодруулжээ. Шүүгчийн хувьд Ричард Макларены хийсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, харин монголчууд түүнд хахууль өгөхийг оролдсон гэжээ.

Рысбаев ярихдаа “Энэ бол тэдний санаанаас зохиосон зүйл. Тэд надаас хахууль авсан уу гэж асуусан. Би юу ч аваагүй гэдгээ хэлсэн. Тэр аудио бичлэгийг би хараа ч үгүй, сонсоо ч үгүй. Энэ миний хоолой юу, өөр хүний хоолой юу, бүү мэд. Одоо үед ямар ч дуут мессэжийг хуурамчаар үйлдэж болно шүү дээ. Монголын шүүгч над дээр ирээд “Манай холбоо биднийг дарамтлаад байна. Бид 100 мянган ам.доллар өгөхөд бэлэн” гэж хэлсэн. Хариуд нь би “За би цаашаа дамжуулъя” гэж л хэлсэн. Тэгээд би тэдний хүсэлтийг дамжуулсан. Гэхдээ юугаар ч тусалж чадахгүйгээ мэдэгдсэн. Үүнийг л Монголын төлөөлөгчид хэлж, туслах боломжгүй гэсэн. Ингээд бол оо. Одоо энэ сэдвийг хаая. Тэдний асуудлыг шийдэх би хэн юм бэ. Зүгээр л нэг шүүгч шүү дээ” гэжээ.

"Рио"-гийн олимпийн төгсгөлд Рысбаев шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагджээ.

КАЗАХТСАН ӨӨРӨӨ ЗОЛИОС БОЛСОН НЬ

Макларены багийн олж тогтоосноор "Рио"-гийн олимпийн боксын тэмцээний 11 тулааны үр дүн шударга бус байжээ. Тэдний дунд -91 кг-ын жингийн алтан медалийн төлөөх тулаан багтсан аж. Оросын Евгений Тищенко, Казахстаны Василий Левит нарын энэхүү тулаанд казахстан залуу илт давуу байсан ч ялагдаж, мөнгөн медалийн эзэн болж байв. Удалгүй уг тулааныг шүүсэн таван шүүгчийн эрхийг хассан. Харамсалтай нь, тулааны үр дүнг өөрчлөөгүй.

"Рио"-гийн наадамд ажилласан сугалаа, оноолт хариуцсан шүүгч Тед Таннер Макларены багт дараах зүйлсийг ярьжээ. Тэрбээр “Тулааны үр дүнг өөрчлөхөд рингэний таван шүүгчийн байршил их чухал. Эхний байрлал дээрх шүүгч бусад дөрвөн шүүгчдээ нөлөө их үзүүлдэг. Ихэвчлэн таван одтой шүүгч энэ байран дээр очдог” гэжээ. Левит-Тищенко нарын шударга бус тулааны шүүгчдийн нэгдүгээр байрлал дээр Майкл Галлагер гэх эрхэм байсан бөгөөд таван одтой шүүгчийн хувьд 29 тулаан шүүхдээ 20-д нь нэгдүгээр байрлал дээрээс тэмцээн шүүжээ.

Тед Таннер “Левита, Тищенко нарын тулааныг Майкл Галлагер шүүх болсныг мэдсэн даруйдаа би энэ тулааны үр дүн шударга бус гарна гэдгийг мэдсэн. Шүүгчдийг сонгосонтой би санал нийлэхгүй” гэв. Тэгэхээр AIBA-ийн шүүгчид бие биенээ дэндүү мэддэг учир хэн хахууль авдаг, хэн тулааны үр дүнг өөрчлөх боломжтойг гадарладаг болж таарлаа.

AIBA МЕДАЛЬ “ЗАРДАГ”

Мөрдлөгийн багийнхан нэгэн ноцтой зүйлийг илрүүлжээ. Тэдний олж мэдсэнээр боксын ДАШТ болон бусад тэмцээн уралдаан зохион байгуулсан, мөн AIBA-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн улс орнууд олон тооны шагнал, медаль хүртэх эрхтэй аж. 2011 онд Бакуд болсон сонирхогчдын боксын ДАШТ-ий үеэр AIBA-ийн гүйцэтгэх захирал асан Хо Ким шүүгчдэд хандан “Зохион байгуулагч орны болон AIBA-д хөрөнгө оруулалт хийдэг орны тамирчдыг дэмжээрэй” гэж хэлж байжээ.

2010 онд Азербайжан улс AIBA-д 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ. Энэ нь олон улсын боксын холбоо анх удаагаа ямар нэгэн улсаас санхүүгийн дэмжлэг авсан үйл явдал гэнэ. Үүний дараа Казахстан улс ч 10 сая ам.долларын тусламж өгсөн аж. Ингээд л AIBA-ийн шүүгчид Казахстан болон Азербайжаны тамирчдыг далдуур дэмжих бодлого баримталж эхэлжээ.

Сонирхолтой нь, Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хүргэн, тус улсын хамгийн баян хүмүүсийн нэг Тимур Кулибаев Казахстаны боксын холбоог удирдаж байхдаа энэ мөнгийг өгч байсан аж.

AIBA-д хийсэн Макларены багийнхны мөрдлөгийн хоёрдугаар хэсэг 2022 оны гурав болон арваннэгдүгээр саруудад нийтлэгдэнэ. "Рио"-гийн олимпийн шударга бус тэмцээний улмаас AIBA-ийн ерөнхийлөгч У Чин Куо 2017 онд албан тушаалаасаа огцорсон билээ. Мөн олон улсын олимпийн хороо бие даан Токиогийн олимпийн боксын тэмцээнийг зохион байгуулсан. Харамсалтай нь, AIBA-ийн гишүүнчлэлтэй, шүүгчдийг авч ажиллуулсан учир Э.Цэндбаатар тэргүүтэй зарим тамирчдын тулаанууд шударга бус болсон.

Сүүлийн жилүүдэд Канадын хуульч Ричард Макларен болон түүний багийнхан дэлхийн спортын бузар булхайг дэлгэж буй бөгөөд тэдний ачаар л Оросын допингийн хэрэг, мөн хөнгөн атлетик, хүндийн өргөлтийн тамирчдын допингийн хэрэг илэрсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж