Үдийн хоол-2: "Атар" талхны мөнгөөр төр хүүхдүүдээ хооллож байна

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

Үдийн хоол-2: "Атар" талхны мөнгөөр төр хүүхдүүдээ хооллож байна

Үдийн хоол-2: "Атар" талхны мөнгөөр төр хүүхдүүдээ хооллож байна

Үдийн хоолны цаг дуусч, 15:30 цаг болжээ. Их завсарлагааны дараа багш “Томоотой байгаарай хүүхдүүд ээ, хичээлдээ оръё” гэж хэлэхээс нь өмнө амжиж бужигнах багачууд. Тэд Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 2Е бүлгийнхэн.

Бага ангийнхны үдийн хоол 14:20-15:30 цаг хүртэл үргэлжилнэ. Өнөөдөр /2021.10.12/-ийн хоол броклитой зутан,  бөөрөнхий  махтай хоол байлаа. Сурагчид хоолны амтыг “гоё” гэх ганц үгээр дүгнэж байв. Ангийн багш нь “Хоолондоо дургүй, цадаагүй хүүхэд байдаггүй. Манай сургууль мэргэжлийн хоол зүйч, тогоочтой болохоор үдийн хоол амт чанартай. Тогооч нар хоолоо халуунаар нь авчирч, хүүхдүүдэд аягалж өгдөг. Амттай хоол идсэн хүүхдүүд сэргэлэн, хичээлдээ ч идэвхтэй байдаг. Үдийн хоолны дараа хүүхдүүдийн хичээлийн идэвх оролцоо нэмэгддэг. Ер нь үдийн хоол хүүхдүүдэд маш чухал” гэлээ.

Дамбадаржаад байрлах тус сургууль нь өөрсдөө гал тогоотой. Иймд улсаас төсөвлөсөн нэг хүүхдийн хоолны зардал 1500 төгрөгийг  түүхий эдэд зарцуулдаг тулд сэт хоол гарах боломжтой аж. Тухайлбал, өнөөдөр (2021.10.12)-ийн броклитой зутан, бөөрөнхий махтай сэт хоол нь 10 гаруй төрлийн орцоос бүрдсэн 2000 төгрөгийн өртөгтэй. Хэдийгээр энэ мөнгө чамлалтай ч сэтгэл байвал хүүхэд цадахаар хоол хийх боломжтойг хоол зүйч нь хэлж байв.

СЭТГЭЛ БАЙВАЛ БАГА ӨРТГӨӨР Ч СЭТ ХООЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

ХООЛ ЗҮЙЧ А.ЯНЖМАА: 

-Сэт хоол 1500 төгрөгт хангалттай гарна. Барааны үнэ өссөн байхад энэ мөнгөөр хүүхэд цадахаар хоол гаргах боломжгүй гэдгийг зарим хоол нийлүүлэгчид хэлдэг. Гэхдээ нэг хүүхдийн хоолны орц, зардлын долоо хоногийн мөнгийг хэрхэн хуваарилахаас л шалтгаална. Тухайлбал, Даваа гаригт 680 төгрөг, Мягмарт 2500, Лхагвад 1460, Пүрэв гаригт 1433, Баасанд 1431 төгрөг гэж тооцвол хүүхэд цадахаар хэмжээний хоол гаргаж болох юм. Жишээ нь, өнөөдрийн броклитой зутан, бөөрөнхий махны сэт 2000 төгрөгөөр бүтсэн. Бусад өдөр нь үндсэн нэг хоолтой. Гэхдээ заавал дагалдуулах бүтээгдэхүүн байхгүй бол хүүхэд хараад цадахгүй. Хоол харагдах байдлаас л сэтгэл зүйд нөлөөлж байдаг. Ганц аяга шөл байвал хүүхэд дурамжхан, цадахгүй дээ гэж бодно. Иймд дагалдуулах бүтээгдэхүүн их чухал. Ер нь хоолны мөнгө, орц их байхын хэрээр хүүхэд цадах, шим тэжээлтэй хоол болно гэсэн үг биш. Сэтгэл байвал хэчнээн бага өртөгтэй ч шим тэжээлтэй хоол хүүхдэд өгч болно. Манай сургуулийн тухайд, хүүхдийн шөлтэй хоолыг бэлдэхдээ ясны шөл гарган авдаг. Бага өртөгтэй тул аль болох л шим тэжээл, илчлэгтэй байхыг нь чухалчилдаг. Гэтэл хоол үйлдвэрлэгч нар хүүхдийн хоолны зардал 1500 төгрөг гэхээр өдөр бүр сэт хоол гаргах юм шиг ойлгох тал байдаг. Үүний хэрээр зардал ч өндөр гарна. Тиймээс хүүхдийн хоолны зардлаа долоо хоногтоо л хуваачихад 1500 төгрөгт хангалттай хоол гаргана. Зарим хоол үйлдвэрлэгч, нийлүүлэгч нарыг харж байхад сэтгэл дутаж байна л гэж боддог. Түрээслэгчид хоолны 1500 төгрөгийн зардлаас түрээсийн зардал, ажилчдын цалин хөлсийг багтааж байгаа болохоор хүүхдийн хоолны төсөв хүрэлцэхгүй байх талтай. Гэсэн ч сэтгэл чухал. Хүн хооллоно гэдэг буян л юм даа гэлээ.

Хоолны өртөг хамгийн ихдээ 2000 төгрөг бол хямд нь 900 төгрөгөөс бүтдэг аж. Харин хоол нийлүүлэгч нар 1500 төгрөгт сэт хоол гарах боломжгүйг хэлдэг. Учир нь түрээс, ажилчдын цалин хөлс зэрэг урсгал зардлаас гадна бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбон тайлбарлаж буй. Энэ тухай хоол нийлүүлэгч,  үйлдвэрлэгч Л.Оюунтуяа “Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байхад бага зардлаар сэт хоол гаргах боломжгүй. Эцэг эхчүүд биднээс хоёр, гурван төрлийн хоол хүүхдэд нь өгөхийг нэхээд байдаг. Энэ нь ямар ч боломжгүй. Улсаас нэг хүүхдийн хоолны зардалд 1500 төгрөг төсөвлөсөн ч 100 хувь хүүхдэдээ хүрэхгүй 900 төгрөгт багтаж байна. Бид улсаас цалинждаггүй аж ахуйн нэгж учраас 1500 төгрөгт түрээс, ажилчдын цалин, хоолны түүхийн эдийн зардлаа шингээнэ. Иймд хүүхдэд 1500 төгрөгт хоол очих боломжгүй. Хэрэв түрээсийн зардлыг шийдвэл 1500 төгрөгт ядахдаа ахиухан порцтой хоол очно” гэсэн юм.

Үдийн хоол одоо асуудалтай, маргаан дагуулдаг нь арилжааны бус байх ёстой хүүхдийн хоолыг арилжааныхтай хольсноор нэг талдаа бизнес болж нөгөө талдаа орчин нөхцөл нь бүрдээгүй буруутгах аргагүй нөхцөл үүссэнийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хүүхдийн хоолны өртгийг хэчнээн нэмсэн ч арилжааны бус байвал эл асуудал шийдэгдэхгүй аж. Тэгвэл 1500 төгрөгөөр хүүхдэд шим тэжээлтэй хоол өгөх боломжтой юу?

ХҮҮХДИЙН ХООЛЫГ БИЗНЕС ГЭЖ ХАРДАГ БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ

Хоол зүйч, доктор, дэд профессор М.ПҮРЭВЖАВ: 

-Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал цар тахлын нөлөөгөөр үнийн өсөлттэй холбоотой 1500 төгрөгийн хоол хангалттай хэмжээнд биш байна. Гэсэн ч зургаар харуулсан шиг сэт хоол гарах боломж бий. Улсаас төсөвлөсөн нэг хүүхдийн хоолны зардлын 1500 төгрөг бол зөвхөн түүхийн эдийн бүтээгдэхүүний үнэ. Үүгээр гал тогоотой сургуулиуд бүтэн сэт хоол гаргах боломжтой. Хуулиар сургуулийн гал тогоо ашгийн бус үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан байдаг ч түрээсийн хоол нийлүүлэгчид Улаанбаатарт хамгийн их байна. Энэ туршлага орон нутагт халдварласан. Дотуур байрандаа гал тогоотой атал үдийн хоолоо түрээслэчихсэн. Ерөнхийдөө сургуулийн орчинд хоол хийж удирддаг мэргэжлийн хүмүүс байхгүй учраас асуудлыг түрээсээр шийдвэрлэсэн. Энэ нь бүхий л түвшинд хууль зөрчиж, үдийн цай хэрэгжиж эхлэхдээ л буруу замаар будаа тээсэн. Улсаас үдийн цай, үдийн хоолонд төсөвлөсөн мөнгө бол түүхийн эдийн зардал болохоос цалин, түрээсийг шийднэ гэж хуульд тусгаагүй. Энэ мэтчилэн  арилжааны хоол үйлдвэр үйлчилгээг ашгийн бус хоол үйлдвэрлэлээс ялгаж ойлгохгүй байгаа учраас л өнөөдөр асуудал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн өвчтөнүүд, хүчний байгууллага болон хүүхдүүдийг хооллох нь ашгийн бус хоол үйлдвэрлэл. Үүнийг арилжааны ашиг олдог хоол үйлдвэрлэгчидтэй харьцуулж байгаа нь буруу. Гадуур ширхэгийн хоол 1500 төгрөгөөс давсан нь арилжааны хоол үйлдвэрлэл үйлчилгээ юм. Нэг ширхэг хуушуурт 20 гаруй төрлийн зардал шингэсэн байдаг. Үүгээр амьдарч буй хүмүүс бүх зардлаа хоолондоо шингээнэ. Иймээс бид хуулийн дагуу тогтолцоогоо зөв болгох ёстой. Дэлхийн бүх улсад хэрэгжүүлдэг хүүхдийн хоолны тогтолцоог л Монголд нэвтрүүлэх хэрэгтэй. Хэн нэгэнд даатгахгүй төр хүүхдийн хоолоо хариуцдаг, анхаардаг тогтолцоо руу шилжих ёстой. Хатуухан хэлэхэд, энэ тогтолцоог  зөв болгох хүсэлгүй хүмүүс байна. Хүүхдийн хоолыг бизнес гэж харж байгаа учраас энэ байдлыг өөрчлөх ёстой. Нэг талаар, тэднийг буруутгах аргагүй ч цаашид энэ байдал үргэлжлэх нь буруу. Тиймээс хүүхдийн хоолонд анхаарал хандуулж зөв тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын ирээдүйн төлөөх асуудал юм гэлээ.

 ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ АЯГА КОФЕНЫ Ч ҮНЭ ХҮРЭХГҮЙ

Бодит байдал дээр үдийн хоол, сурагчдын хоол ашгийн бус гэхээс илүү арилжааны хоол үйлдвэрлэл үйлчилгээн дээр тогтож байгаа нь нууц биш болжээ. Хичээлээ тарсан сурагчид цайны газрын ширээг дүүргэх нь нийтлэг. Сургуулийн ойролцоо байрлах мухлаг шиг хоолны газраар орвол хүүхдүүд задгай мөнгөө нийлүүлсээр хуушуур, пирожки авна. Ширхэгийн хоол 1000-1500 төгрөгийн хооронд байдаг учраас цайны газруудын хамгийн гүйлгээтэй нь. Гэвч хоол гэхээс илүү хор болох нь энүүхэнд.

Харин багачуудын өдрийн хоолны өртөг нь 1500 төгрөг. Мөн л чанартай, шим тэжээлтэй нь цөөхөн. Шөлтэй хоол, усан бантан төдийхнөөр үдийн хоолыг "нүд хуурч" хийж байгаа нь нууц биш. Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ хоолонд төдийлөн анхаардаггүй болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Төр өнөөдөр дэлгүүрийн лангуун дээрх “Атар” талхны үнээр л хүүхдүүдээ хооллож анхаарч байна.

О.Батнасан “Аюудай” найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч. Тэрбээр 1500 төгрөгт “Атар” талх, аль эсвэл гурван ширхэг ууттай кофе авч болохыг хэллээ. Тус дэлгүүрт, нэг ууттай резинен чихэр 700 төгрөг, талх 1500 төгрөг, мак кофе гурван ширхэг нь 1500,  печень 1200, "Хүслийн кола" ундаа 1600 төгрөг гэх мэт үнэтэй байв. Харин түргэн хоол, пицца, бургер, хотдог, ороомог 3000-3500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Захын дэлгүүрээр ороход л барааны үнэ ийм байна. Мөн иргэд 1500 төгрөгт талх, нэг ширхэг мантуун бууз авахаас өөр зүйл худалдан авах боломжгүй, мөнгө үнэгүйдсэн тухай ярьж байв.

Н.Гэрэлтуяа тогооч мэргэжилтэй. Цайны газар ажиллуулдаг. Тэрбээр 1500 төгрөгт нэг аяга цай, нэг бууз авах боломжтойг хэлж байв. Энэ мөнгөөр бүтэн таваг хоол ч авах боломжгүйг ярилаа. Тэрбээр “Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, махны үнэ нэмэгдсэн. Килограмм нь 9500 төгрөгөөр авдаг байсан хонины мах кг нь 10500 төгрөгөөс буухгүй байна. Бусад гурил, будаа, ногооны үнэ ямар билээ. Ийм байхад нэг буузыг 1000 төгрөгөөр зарахгүй яах билээ. Хуушуур 1200 төгрөг. Бүтэн таваг хоол 7500 төгрөгийн үнэтэй байхад хүүхдийн хоолны зардал дэндүү бага. Ердөө 1500 төгрөгөөр сэт хоол гарах ямар ч боломжгүй. Энэ мөнгөөр цайны газраас нэг ширхэг мантуун бууз, хуушуур, дэлгүүрээс талх л авна” гэлээ.

Цайны газраар үйлчлүүлж буй иргэн Г.Цоггэрэл хувийн компанид ажилладаг. Тэр гэрээсээ хоол бэлдэж амждаггүй тул гадуур өдрийн хоолонд 7000-10000 төгрөг зарцуулдаг. Хямгийн хямд нь 3500-6000 төгрөг. Тэрбээр “Цайны газраас хоёр ширхэг хуушуур, нэг аяга цай авахад л 3500 төгрөг болдог шүү дээ. 1500 төгрөгөөр ганц мантуун бууз, эсвэл хуушуур л авна. Үүгээр яаж шим тэжээлтэй хооллосон болох вэ. Дэлгүүрээс бол ганц печень авна” гэлээ.

Ц.Бадрах оюутан. Түүний хувьд 1500 төгрөгөөр дэлгүүрээс контик, эсвэл бохь, цайны газраас мантуун бууз авах боломжтойг хэлж байна. Тэрбээр “ТҮЦ-нээс дөрвөн ширхэг тамхи, цайны газраас нэг мантуун бууз, хуушуур л авах боломжтой” гэлээ.

Л.Номуун-Эрдэнэ оюутан. Тэрбээр 1500 төгрөгөөр ундаа ч авч хүрэхгүйг хэлэв. Тэрбээр “Гадуур бүх зүйл үнэтэй, 1500 төгрөг үнэгүйдсэн шүү дээ. Яаж хоол авч хүрэх вэ дээ. Ганц хуушуур авлаа гээд цадахгүй. Ундааны ч мөнгө хүрэхгүй” гэсэн юм.

А.Дуламсүрэн хувийн байгууллагад үйлчилгээний ажилтан. Тэрбээр “1500 төгрөгөөр талх л авна” гэж хэлэв. Цайны газраас нэг хуушуур авахаас өөр 1500 төгрөгт авах зүйлгүй байхгүйг онцолсон юм.

Цайны газарт хооллож буй сурагчид 1500 төгрөгөөр нэг ширхэг пирожки, жижиг шилтэй ундаа авах боломжтойг хэлж байлаа. Харин “Босс бууз” цайны газрын эзэн Т.Пүрэвдорж 1500 төгрөгт дэлгүүрт талхнаас өөр сонголт байхгүйг хэлсэн юм. Тэрбээр “Хүүхдүүд нэг ширхэг пирожки, мантуун бууз, цайгаар өдрийн хоолоо залгадаг. Ихэнх нь 1000, 2000 төгрөг барьсаар л орж ирдэг. Харин дэлгүүрээс юу авах юм бэ, 1500 төгрөгөөр. Барааны үнэ ямар байгааг та нар мэднэ шүү дээ” гэлээ.

Кофе шопуудаар орвол, хүмүүсийн хамгийн их худалдан авдаг "Американо", "Латте" дунджаар 5000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Эндээс харахад, Монголын төр хүүхдүүдээ кофе ч авч хүрэхгүй мөнгөөр хооллож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж