ТЭРБУМ МОД : Я.Содбаатар VS Б.Лхагважав

Хуучирсан мэдээ: 2021.10.13-нд нийтлэгдсэн

ТЭРБУМ МОД : Я.Содбаатар VS Б.Лхагважав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ тэрбум мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн  энэхүү амлалттай зэрэгцээд төр, хувийн хэвшилгүй мод тарьж, уралдацгаах болов. Товчхондоо, мод тарих амархан ч тарьснаа ургуулж, арчлах бүр хэцүү. Учир нь өнгөрсөн хугацаанд тарьсан модноос хэд нь ургасан бэ гэдэгт хариулах хүн, харуулах статистик алга. Тиймдээ ч "Тэрбум мод" бодлогыг хэт хэлбэр хөөсөн, шоу гэж харах хүмүүс бий. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Эдийн засагч Б.Лхагважав нарын эсрэг тэсрэг байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


Я.Содбаатар
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга:

-Мод тарих ажил хийхээр бид нийт таван чиглэлд төлөвлөгөө гаргасан. Нэгд, үрсэлгээ. Улсын хэмжээнд нэг жилд 9,2 сая орчим үрсэлгээ бэлтгэдэг. Бид 10 жилд тэрбум мод тарина гэвэл ойролцоогоор 100 сая орчим үрсэлгээ хэрэгтэй. Үүнийг импортоор авахгүй, дотоодоосоо бэлтгэх ёстой. Хоёрт, усалгааны систем, усны судалгааг хэрхэн явуулах вэ гэдэг асуудал бий. Аль бүс нутагт усны эх үүсвэр байна вэ гэдгийг судлах, ямар технологи ашиглан усаа багаар, үр дүнтэй усалгааны систем ашиглах.

Гуравт, бордоо, арчилгааг хэрхэн хийх. Үйлдвэрлэлүүдийг дэмжих. Дөрөвт, төв суурин газар модоо ургуулж, хамгаалах хашаажуулах ажил эхлүүлэх. Мод тарьдаг, байгаль орчинд ээлтэй маш олон технологи шинээр бий болсон. Инновацийн судалгааны бүтэн хөтөлбөр боловсруулна. Хамгийн сүүлд нь бид энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг  бэлтгэх. Энэ чиглэлийн 1000 орчим мэргэжилтэн бий. Мэргэжилтнүүдийг аль сургуульд бэлтгэх, ажлын байраар хэрхэн хангах, шаардлагатай бол батлан хамгаалах салбарыг дайчлах нөхцөл ч үүсч болзошгүй.

Энэ  бүх зүйл эргээд Монголын эдийн засагт, иргэдийн амьдралд асар их эерэг нөлөөлөл үзүүлнэ. Ийм хэмжээний хөрөнгийг байгаль дэлхий рүүгээ хийж чадвал эргээд цөлжилт, ган зуд болох давтамж холдох, түүнийг дагаад иргэдийн амьдрал сайжирна. Маш олон бизнесийн үйл ажиллагаа сэргэнэ.

Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг энэ ажилд зарцуулаад явна. Мөн гадна, дотны донор, олон улсын байгууллага, хөрш орнуудтай ярилцаад, энэ нь зөвхөн Монгол Улсын асуудал биш, бүс нутгийн асуудал гэдэг талаас нь ойлгуулаад явбал бидэнд хөрөнгө мөнгө татах боломж бий. Түүнээс гадна иргэдийн санал, санаачлагаар хөрөнгө багатайгаар хийх ажил маш их байна. 

Монгол хүн бүр, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарих үйлсэд оролцох ёстой. Тэдний оролцоог хангаж, бүх нийтийн үйлс болгож байж мод тарих ажил үр дүнд хүрнэ. Нэг үеэ бодвол мод тарьдаг, ургуулдаг, үрсэлгээ хийдэг иргэн, аж ахуйн нэгж маш их байдаг. Бид тэднийг маш сайн дэмжиж, хамтарч ажиллах зорилго тавиад байна.

Б.Лхагважав
Эдийн засагч:

-Эдийн засгийн өгөөж ярих эрт, одоо зарлиг л гарсан байна. Манай улс мод тарина гэж мэргэжлийн байгууллагуудаас холдуулаад, сайн дурын ажил болгоод, мэргэжлийн бус улсууд хавар, намар субботник хийгээд, баахан зарлага гардаг юм. Социализмын үед ч тийм байсан, одоо ч тийм байгаа юм. Тэрбум мод тарих гэж байгаа бол мэргэжлийн ойн байгууллагууд, мод үржүүлгийн газруудад санхүүжилтийг нь өгөөд, алсын төлөвлөгөөг нь гаргуулаад ажиллавал үр дүнтэй ажил болно гэж бодож байна. Түүнээс байгууллага байгууллагыг хүчээр шахаад, нөгөөх нь дарга харахаараа мод тарьж байна гээд жүжиглээд байвал дэмий зарлага болоод л дуусна.

Энэ хүнд үед компаниуд ялангуяа улсын үйлдвэрийн газруудыг хүчээр муйхарлаж оруулж ирэх нь асуудал шүү. Жишээ нь, дайны үед Чойбалсан гуай малаа 200 сая болгоно гэсэн амлалт өгөөд, түүнээсээ болж Монголын малчин ардуудыг шар махтай нь хатаасан шүү дээ. 200 сая хүргэх гээд, дээр нь ноос ноолуурын маш их төлөвлөгөө өгөөд, сүүлд нь өөрийнхөө үстэй дээлээ хүртэл хяргаж, ноосныхоо бэлтгэлд өгч байсан тохиолдол манай Завхан нутагт зөндөө байсан. Түүнтэй адил хийсэн хоосон амлалт авчихаад, тэрэндээ муйхарлаж, ард түмнээ хөлдөө чирчих вий. Сүүлийн үед үрээр тарьсан моддыг авахгүй, энд тэндээс баахан мод хэд дахин үнэлж авчирч суулгаад, маш их мөнгө угаасан асуудал бий. Ойгоор мөнгө угаадаг явдал хавтгайрсан.

Тиймээс мэргэжлийн улсуудын саналыг авах хэрэгтэй. Гэхдээ социализмын үеийн муйхар мэргэжилтнүүд бас биш шүү. Нас, ажилласан жилдээ дулдуйдаад бас буруу тийшээ явуулах гээд байдаг. Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаараа байгальдаа ч, эдийн засагт ч ашигтай. Яг байгальдаа ээлтэй явуулдаг улс нь Австрали, ӨАБНУ байгаа юм. Тэдний ой үржүүлгийн туршлагыг судлах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж