УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Даваа гаригийн хурал ширүүхэн болж өнгөрөв. Сөрөг хүчин болох АН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Туваан бүлгийнхээ дарга болохоор улайрч, ийн асуудал үүсгэжээ.
Өөрөөр хэлбэл, одоогийн бүлгийн дарга Д.Ганбатынхаа суудалд суухыг санаархсанаас үүдэн бүлгийн хурал ширүүхэн болсон байна.
2020 оны сонгуулиар УИХ дахь Ардчилсан нам УИХ-д 11 суудал авч, бүлэг байгуулж, бүлгийнхээ даргаа УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилсон. УИХ-д хоёр ч удаа сууж буй, сөрөг хүчний бүлгээ удирдаад явах чадвартай хэмээн тухайн үедээ түүнийг сонгож байсан. Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд АН-ын гишүүдийг сул сөрөг хүчин гэх шүүмжлэл гаргах болсон. Гэхдээ үүний цаад шалтгаан нь УИХ дахь Ардчилсан намын гишүүд өөрийн гэсэн толгойгүй, аливаа асуудал, шийдвэрт улстөрчийн хувиар шийдвэр гаргахаас илүү Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “үгээр” асуудалд ханддаг байсан, түүнийг буухаас өмнө.
Гэхдээ экс Ерөнхийлөгчийн хүсэл өнөөдөр ч үргэлжилж, Ардчилсан намыг талцуулж, хоёр хуваасан шигээ УИХ дахь АН-ын бүлгийг ч гэсэн хоёр хагаралдуулж, “гарын үзүүр”-ээр хөдөлгөхөөр ийн Ц.Тувааныг бүлгийн даргад зүтгүүлэх болжээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын даргын хувиар сонгуульд ялагдаж, хариуцлага хүлээхдээ намын дэд дарга Ц.Туваан намын тамгаа шилжүүлснээс хойш тэрбээр Х.Баттулгад хүчин зүтгэж, түүний заавраар намаа хагалан бутаргаж, бужигнуулах ажлыг гардаж хийсэн хүн. С.Эрдэнээс тамгаа авангуутаа намынхаа Их хурлыг хийж, намын удирдлага, бүтцэд өөрчлөлт оруулж, хоёр толгойтой АН-ыг бий болгосон хүн. Яг энэ асуудлаас үүдэж сүүлийн хоёр ч сонгуульд Ардчилсан нам хоёр толгойтой, хоёр даргатай явсаар өдийг хүрсэн ч өдгөө Ардчилсан намын албан ёсны дарга нь С.Эрдэнэ, тамга нь ч түүнд хадгалагдаж байна. Гэхдээ Ц.Туваан тэргүүтэй гар хөлүүдийн хийсэн ажил, үйлдэл нь өнөөдөр ч АН-д асуудал үүсгэсэн хэвээр. Угтаа Ц.Туваан Ардчилсан намаас хөөгдсөн хүн гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ хэлж байсан. Тэгвэл АН-ыг хуваасан, намаа хагаралдуулсан Ц.Туваан буюу түүний цаад “эзэн” нь УИХ дахь бүлгээ авахаар санаархаж эхэлсэн байна.
Ц.Туваан Уяачдын холбооны нарийн бичиг байхаасаа эхлэн улс төрд орж ирсэн ч түүнийг хөтөлж, дэвшүүлж, дэд сайд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон хүн нь С.Эрдэнэ. Тиймдээ ч намын тамгаа түүнд итгэж үлдээгээд явсан байдаг. Харин тэр С.Эрдэнээс “урвасан”.
2017 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан цагаас эхлэн түүнийг С.Эрдэнийн хүн гэж тодорхойлж байсан. Дэд сайд, газрын дарга, агентлагийн дарга, намын дэд дарга хийж болох олон албан тушаал хашиж байсан ч өнөөдрийг хүртэл түүнд улстөрчийн зангараг, бяд суусангүй гэж намынх нь ахмадууд ам булаалдаж сууна.
УИХ дахь Ардчилсан нам дотор экс Ерөнхийлөгчийн “хүмүүс” Ц.Туваанаар дуусахгүй. Тэрбээр 2020 оны сонгуульд ялалт байгуулахад нь гар бие оролцсон, тэднээр дамжуулан өөрийн эрх ашгаа гүйцээх гэсэн “явуулга” хийх болсныг АН-ынхан ч, улс төрийн хүрээнийхэн ч хэлэх болсон.
Сонирхуулахад, экс Ерөнхийлөгч Х.Баттулга одоо МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ