Олон улсад эрчим хүчний эрэлт өсөхийн зэрэгцээ нийлүүлэлтийн асуудал тулгарч байна. Ялангуяа шатах түлшний эрэлт цар тахлын өмнөх үеийн түвшин рүү дөхжээ. Энэ нь хорт хийн ялгаруулалт өсч буйн илэрхийлэл юм. Ирэх 2022 оны дунд үед гэхэд нүүрс, байгалийн хий болон газрын тосны нийт хэрэглээ бүх цаг үеийн дээд түвшинд хүрч магадгүйг гадны шинжээчид онцолж байна. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа эрчим хүчний эрэлт, хэрэгцээ тойрсон асуудлыг хөндлөө.
Эрчим хүчний хамгийн баталгаатай эх үүсвэр нь нүүрс. Урд хөрш нийт эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрснээс гарган авч ашиглаж буй бөгөөд өнөөдөр өсөн нэмэгдэж буй хэрэглээ, эрэлттэй холбоотойгоор нэлээн хүнд үеийг туулж буй юм.
БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлэгч Шаньси мужид үер болж, нүүрсний фьючерс үнэ шинэ дээд түвшинд хүрч өссөнийг “Bloomberg” агентлаг уламжилсан. Үерийн улмаас 682 уурхайн 60 гаруй нь хаагдсан Хятад дахь эрчим хүчний нүүрсний үнэ 11.6 хувиар өсч, тонн нь 1408 юаньд хүрчээ. Үүнээс гадна тус улсад үүсээд буй эрчим хүчний хямралтай холбоотойгоор Өвөрмонголын өөртөө засах орны Вухай, Ордос зэрэг 72 уурхайн гарцыг энэ онд 100 сая орчим тонн буюу 55 хувиар нэмэгдүүлэхийг үүрэг болгоод буй юм.
Хятадад коксжих нүүрсний үнэ 3000 юань, өмнө нь дунджаар 430 орчим юань байсан эрчим хүчний нүүрсний үнэ өдгөө 1000 юань давжээ. Эндээс манай улсад маш том ашиг олох боломж бий ч түүнийг ашиглах сонирхол Засгийн газарт байхгүй. Үүний зэрэгцээ дэд бүтцийн болон цар тахлын нөхцөл байдлын улмаас боломж хязгаарлагдмал байгааг эдийн засагчид онцолж буй юм.
Эдийн засаг сайжирч байгаа ч нүүрсний экспорт удааширч буйтай холбогдуулан төсөвт эрсдэл учирч болзошгүйг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байсан бол өнөөдөр (2021.10.12) ирэх 11, 12 дугаар сард төсөв хүндэрч магадгүй… Нэг л өдөр Монгол Улсын эрчим хүч зогсч мэднэ" гэж хэллээ.
Олон улсын экспертүүд цаг уурын хямрал бодит зүйл бөгөөд зайлшгүй шаардлагатай эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх хэрэгтэйг мэдэгдсээр буй юм. Энэ нь нэг товчлуур дараад болох зүйл биш учир эрчим хүчний салбараас үүдэлтэй огцом “шок”-оос дэлхийн эдийн засгийг хамгаалах механизмтай байх хэрэгтэйг ч онцолж байгаа билээ.
Азийн томоохон эдийн засагтай орнуудаас Хятад ганцаараа эрчим хүчний хямралд өртсөнгүй. Энэтхэгийн цахилгаан станцуудын дийлэнхийн нүүрсний нөөц ноцтой түвшинд хүрч багассантай холбоотойгоор ирэх саруудад цахилгааны хомсдол нүүрлэж магадгүй байгаа аж. Тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувь нь нүүрснээс хамааралтай.
Азийн гурав дахь том эдийн засаг болох Энэтхэгийн Цахилгаан эрчим хүчний удирдах газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнээр, 135 нүүрсний цахилгаан станцын 63 нь хоёр өдрийн, түүнээс бага хэмжээний нүүрсний нөөцтэй байгаа бол 17-гийнх нь нөөц дуусчээ. Тус улсын Эрчим хүчний сайд Р.К.Сингхийн мэдээлснээр, нөхцөл байдал ирэх 5-6 сарын хугацаанд дээрдэхгүй байж магадгүй аж.
Covid-19-ийн хүчтэй давлагаанд нэрвэгдсэнээс хойш Энэтхэгийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор эрчим хүчний эрэлт нь нэмэгджээ. Гэвч борооны улиралд хүчтэй аадар борооны улмаас олборлолт, тээвэрлэлт нь саатсан байна.
“Nomura” судалгааны хүрээлэнгийн шинжээчдийн үзэж буйгаар, Энэтхэг нүүрсний хямралаа ойрын хугацаанд зохицуулж чадахгүй бол эрчим хүчний компаниуд өндөр үнээр нүүрс импортлон авахад хүрч магадгүй аж.
Монгол Улсын хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний экспорт буурсан. Тухайлбал, чулуун нүүрсний экспорт оны эхний гурван улиралд 39.5 хувиар буурч, 12 сая тонн болсон байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, Монгол Улсын хувьд есдүгээр сарын 30-ны өдөр Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 516 нүүрс тээврийн автомашин хилээр гарчээ.
Манай улс энэ онд 28.7 сая тонн нүүрс экспортлож, 1.3 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Энэ төлөвлөгөөг эхний найман сарын үзүүлэлтээс харахад 40 орчим хувьтай гарсан ч 472.1 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн бөгөөд 55 хувийн хувийн биелэлттэй байна. Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээ буурсан ч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа нь манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж буй юм.
Дашрамд дурдахад, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5 хувийг бүрдүүлж байна. Манай улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,666.7 тэрбум төгрөг болсон. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1.729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: ВВС, XINHUA, BLOOMBERG, УУХҮЯ, САНГИЙН ЯАМ, ГЕГ
Холбоотой мэдээ