“Тэрбум мод” үндэсний эв нэгдлийг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.12-нд нийтлэгдсэн

“Тэрбум мод” үндэсний эв нэгдлийг сэргээлээ

Ийм үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс “2030 он хүртэл Монгол Улс нэг тэрбум мод тарина” гэж мэдэгдсэн нь өнгөрсөн есдүгээр сарын цочир сонин үзэгдэл байлаа.

Тэрбээр тангарагаа өргөснөөс хойш “Одоо улстөржилтөө зогсооё. Байгаль дэлхийгээ хамгаалж, ногоон Монгол болохын төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран ажиллая” гэж хэдэнтээ уриалсан нь хий хоосон үг мэт санагдаж байсныг нуух юун.

Үндсэн хууль Ерөнхийлөгчийг хүссэн ч, эс хүссэн ч улстөржилтөөс холдуулсан. Иймээс улсынхаа үнэт зүйл, өв соёл, гадаад харилцаа, эв нэгдлийг хангах чиглэлээр манлайлан ажиллахаар шулуудсан бололтой юм.

Нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

Монголын гэгдэх шар шороон шуурга Хятадаар дамжин Өмнөд Солонгос, Японы нутгийг дайран 10 гаруй хоногийн дараа АНУ-ын Калифорни муж улсад хүрч байгааг бүгд мэднэ.

Өнгөрсөн гуравдугаар сард хэд хэдэн аймгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 10 хүн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж нөхөж баршгүй хохирол учирч байлаа. Энэ бол цөлжилт, газрын доройтлоос үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл ямар аюултайг харуулсан олон тохиолдлын нэг нь.

Цөлжилт эрчимжсэнээр ой мод, урсах ус, талын зөөлөн салхи, нөмөр сүүдэр дор сэтгэл талбиун амьдрах боломжгүй болж байгааг дор бүрнээ мэдэрч байгаа. Өмнө нь нутаг орондоо өвөлжиж, хаваржиж байсан малчид одоо хамар хатгах өвсгүй болсноос өөр аймаг, сум дамжин, хэдэн сар, жилээр отор нүүдэл хийж байна.

Тэрбум мод тарьж, ургуулж чадвал цөлжилт эрчимжсэн газар нутгийн дөрвөн хувийг ойжуулж, нийт газар нутгийн 7.9 хувь нь ойтой болно. Хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулна. Энэ бол урьдчилсан тооцоолол. Гэхдээ ойн зурвас байгуулах, мод, бут, сөөг, жимс, жимсгэнэ тарьж, тэрийгээ ургуулах хэрэгтэй гэсэн ойлголт олонхид бүрэн суугаагүй нь нууц биш. Иймээс эхлээд иргэдийн тархинд мод тарьж ургуулах ёстой гэж төрийн тэргүүн үзэж, соён гэгээрүүлэх ажлаа давхар хийх чиглэлийг холбогдох байгууллагуудад нь өгчээ.

“Тэрбум мод” хөдөлгөөн нэг зорилгын төлөө үндэстнээрээ нэгдэх эхлэл боллоо

Нэг сонирхолтой нь улс төрийн намууд нэгэн дор цуглаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.

Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвслийн төлөөлөл хамтдаа мод тарилаа.

Тэд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг улстөржилгүй, хамтран ажиллах ёстой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ санаачилга цаг үеэ олсон туйлын чухал алхам боллоо” гэж дуу нэгтэй байлаа. Энэ бол нийгмийн сайн сайхны төлөө, нэг зорилго дор хамтдаа нэгдсэн, идэвх санаачилга, ирээдүйд өөр олон сайн, сайхан зорилгын төлөө нэгдэх, нийгмийг уриалах эхлэл гэж харагдлаа.

“Мод ургуулах бол улстөржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг нэг зүгт харж зүтгэх цаг болсон” гэдэг Ерөнхийлөгчийн уриалга ч биелэлээ оллоо. Ямартай ч “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр улс төрийн намуудын эв нэгдлийн эхний шанг татах учиртай байж.

Шашны төлөөллүүд 100 жилийн дараа нэг дор цуглав

Монголд байгаа олон шашны төлөөлөл 1921 онд цуглаж зургаа авахуулсан байдаг. Тэгвэл 100 жилийн дараа буддын, бөө, мусульман, христ, католик шашныхан   үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарьсан нь бас олзуурхууштай.

Үндэсний хөдөлгөөнийг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд дэмжиж, хувь нэмрээ оруулж эхэлсэн нь  Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон гэдгийг баталлаа. Гадаадын Элчин сайд нар мод тарьсан нь тухайн улс орон Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжинэ. Хамран ажиллана гэдгийн тод илэрхийлэл.

“Тэрбум мод” маш том амбиц, гэхдээ бүтэхгүй мөрөөдөл үү?   

Магадгүй бидний олонх нь сар хүрэхгүйн өмнө тэрбум мод тарьж, ургуулна гэхийн оронд сансарт хүн нисгэх нь амархан гэж бодож байсан байх.

Гэхдээ өмнөд хөрш 20 жилийн дотор 100 тэрбум мод, БНСВУ 2025 он гэхэд тэрбум мод, байгаль, цаг уурын бэрх нөхцөлд аж төрдөг пакистанчууд 10 тэрбум мод тарьж ургуулахаар бүх хүчээ дайчлан, амжилтад хүрч байгааг сануулья. Одоог хүртэл эргэлзсэн хэвээр байгаа хүмүүст дуулгахад манай улс  1.5 сая хавтгай дөрвөлжин нутагтай.

Нэг га талбайд төрлөөсөө хамаараад 2,500-3,500 ширхэг мод тарьдаг. Ингэж тооцвол тэрбум мод тарихад 290-200 мянган га талбай хэрэгтэй. Энэ бүх тооцоог эрдэмтэн, судлаачид гаргасан. Гол нь шинжлэх ухаан, практикт үндэслэхийг зөвлөж, хамтран ажиллахаа илэрхийлж байна лээ.

Эцэст нь

У.Хүрэлсүх энэ олон жил улс төрд явахдаа юу хийсэн, оноо, алдаа нь юу байсныг тоочих нь илүүц биз. Олон амжилтыг ганцхан алдаа бүрмөсөн үгүй хийдэг нь маргашгүй үнэн. Ингэж бодвол ирээдүй цаг У.Хүрэлсүхийн ард бус урд нь байна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж ажлаа өгөхдөө тэрбум мод тарьж, түүнийгээ ургуулж чадсан уу гэдгийг өөрөөсөө асуух байх. Иргэд ч нэхэл хатуутай байж таарна.

Хэдийгээр зургаан жил хол мэт боловч У.Хүрэлсүхийн хувьд “Тэрбум мод”-ных нь тоолуур хэдийнэ гүйж эхэлсэн. Тэр зорилгодоо хүрч чадвал, магадгүй түүхэнд хамгийн сайн Ерөнхийлөгч болж үлдэнэ. Үгүй бол… Үүнийг гагцхүү цаг хугацаа л харуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж