Япон улс ОХУ-ын талтай дайны дараах энхийн хэлэлцээр байгуулах тохиролцоог хийж байгаа талаар тус улсын шинэ ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдсэн. Тэрбээр албан үүргээ хүлээн авсны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан талаараа дуулгаж байв. Тэд бүс нутгийн хөгжлийн асуудлаар ярилцжээ.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр улсын хооронд анх удаа энхийн хэлэлцээр байгуулах тухай яриа хэлэлцээ өрнөж байгааг Кишида онцолсон юм. Тэр дундаа Хоккайдогийн зүүн хойд хэсэгт орших, Оросын хяналтад байдаг дөрвөн арлын статусын асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна гэжээ.
Тэгвэл Япон улсын шинэ ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр энэ асуудлаар дахин нэг мэдэгдэл хийсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Тэрбээр хууль боловсруулагчдадаа хандан “Японы бүрэн эрхт байдалд Курилын арлууд ч хамаарна” гэж хэлжээ.
Цаашлаад "Манай улсын тусгаар тогтнол хойд нутгийн (Курилын арал) асуудлыг ч тойрохгүй юм. Бид энэ асуудлыг хойч үедээ өвлүүлэхгүйн тулд өнөөдрөөс шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газар энэхүү асуудлаар Оростой энхийн гэрээ байгуулахыг зорьж байгаа" гэсэн байна.
Харин ОХУ-ын гадаад харилцааны яам энэ талаар “Орос улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал олон улсын эрхзүйгээр баталгаажсан байдаг тул үүнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэж удаа дараа мэдэгдсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: AA, TASS
Холбоотой мэдээ